Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 48

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 139/ШШ2020/00048

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Б-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1984 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сайнцагаан сумын худалдаа бэлтгэлийн ангид ногооны худалдагчаар ажиллаж байгаад 1985 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн юм. Би одоо тэтгэвэрт гаргахаар ажилласан жилээ тооцуулах гэхээр тушаалын хуулбар байхгүй гээд ажилласан хугацааг тооцохгүй байгаа тул энэ хугацааны ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Б-ийн хөдөлмөрийн дэвтэр нь нээсэн он, сар байхгүй тул уг үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

Б нь 1984 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1985 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын худалдаа бэлтгэлийн ангид ногооны худалдагчаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 389 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/

- Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 500 дугаартай албан бичиг /хэргийн 5-р хуудас/

- Б-ийн 104428 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 6-р хуудас/

- Гэрч П.Т-ийн “...Б  нь 1984 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1985 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Сайнцагаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан. Миний бие 1983 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар томилогдон ажиллаж байсан. Би Б-ийн Худалдаа бэлтгэлийн ангид орсон, гарсан тушаалыг бичиж хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 15-р хуудас/

- Гэрч Б.Ц-ийн “...Б нь 1984 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1985 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Сайнцагаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан. Би тэр үед Худалдаа бэлтгэлийн агентаар ажиллаж байсан...”  гэх мэдүүлэг /хэргийн 16-р хуудас/

- Гэрч С.С-ийн “...Би Б-тай 1984 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид хамт ажилд орж ажлаас гарах хүртэл нь хамт ажилласан. Б нь 1984 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1985 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл тус ангид ногооны худалдагчаар ажиллаж байсан. Миний бие 1982 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс тус ангид түүхий эдийн эрхлэгчээр томилогдон 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 18-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б-г 1984 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1985 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид ногооны худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн  шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ