Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/877

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Ц.Сайнзаяа /томилолтоор/,

Хохирогч: ***,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Б.Раднаасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005023151357 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр цемент зарна гэж хуурч өөрт байхгүй зүйлээ байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч ***ыг Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 11.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дансаар шилжүүлэн авч 11.000.000 төгөргийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “Би 2007 оноос эхлэн Хятад Улстай бизнес эрхэлж эхэлсэн. Зочид буудлуудад ор, дэрний цагаан хэрэгсэл нийлүүлж байсан. Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банк, Хас банк, Чингис хаан банкнуудад харилцах данстай байсан. Намар болохоор Хөвсгөл аймгаас улаан буудай, халтар арвай авч захуудад нийлүүлдэг байсан. 2020 онд тээвэр зуучийн бизнес эрхэлдэг байсан *** гэх нэртэй Өвөр-Монгол залуу надтай холбогдон барилгын материалыг Монгол Улс руу нийлүүлэх борлуулалтыг хийж өгнө үү гэх санал тавьсан. Үүний дагуу би фейсбүүк болон барилгачдын групп дээр зар оруулсан. Нийт нилээн хэдэн хүн цемент худалдаж авъя гэж холбогдсоноос нэг нь *** байдаг юм. Үүний дараа хүмүүс холбогдсон. *** над руу 6 дугаар сарын 20-ны өдөр холбогдож цемент худалдаж авъя гэж ярьсан. Хамгийн эхэнд холбогдсон чатаар бенз маркийн машинаар бартер хийе гэсэн. Миний зүгээс бартер хэрэггүй, яагаад гэвэл би хүнээс худалдаж авч цааш борлуулдаг тул хэрэггүй гэсэн. ***ы зүгээс 2 удаа над руу холбогдсон 2022 оны 7 дугаар сарын 03-ны орой цемент байна уу гэж мессеж бичсэн. 2 удаа холбогдоод цемент аваагүй. 7 дугаар сарын 03-ны өдөр цемент авъя гэж бичээд, энэ долоо хоногийнх захиалгатай тул дараа нэгдэх өдөр 4 вагон цемент бууна, чи хэдэн вагон цемент авах уу гэхэд 2 вагоныг авъя зээлээр өгөх үү, машинаа бартертаад авъя гэдэг. 7 дугаар сарын 05-ны өдөр цемент авах талаар бичээд 7 дугаар сарын 06-ны өдөр над руу цементийн урьдчилгаа 11.000.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн өдрийн цемент өмнө нь захиалсан хүмүүс авах байсан учир ***д өгөх боломж гараагүй. Дараагийн удаа ирэх цементнээс өгье гэсэн боловч мөнгөө авъя гэж ам мурийж янз бүрийн маргаан гарсан. Миний хувьд цемент авч өгье гэсэн боловч 1 тонн нь 280.000-320.000 төгрөг болсон тул дахин борлуулах боломж гараагүй хаагдсан. ***д мөнгийг чинь эргүүлж өгье гэхэд намайг элдвээр доромжилж сүрдүүлсэн. Тухайн үед нь цементийг өгөөгүй тул уучлалт гуйж цементийн мөнгийг орж ирэхээр өгье гэж ярьсан. ***д миний 2 утасны дугаар байсан. Энэ хүнийг залилан мэхлэх зорилго байхгүй. Би эрсдэлээ хүлээх чадваргүйгээс өрөнд орсон байсан. ***ы цементийн мөнгийг олох, өмнө нь захиалсан байсан хүмүүсийн цементийг өгөх гэж ББСБ-аас зээл авсан. Тэрийгээ эргүүлээд Хятад руу явуулаад цемент авъя гэхэд хил хаагдаад тээвэр хийх боломжгүй гацсан байдалд орсон. ***ыг ирж уулзахаар өгөх гэж байсан 11.000.000 төгрөг дансанд байсан. Мөнгө нь өдий болтол байж байгаа.  2020 онд ковидын үе эхлээд банкны данс хаагдсан, хаанаас хаагдсан тухай мэдээлэл авах боломж байгаагүй. Цагдаад гомдол гаргасан гэдгийг мэдээгүй байж байгаад СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд мониторингийн албаны даргаар ажиллаж байгаад 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр над дээр 2 энгийн хувцастай хүн ирж уулзаад 2 хоног баривчилсан. Энэ үед ***ыг гомдол гаргасан гэдгийг мэдсэн. Миний хувьд ***ыг залилах бодол байгаагүй. Би залилах бодолтой байсан бол өөрийнхөө хувийн дансаар мөнгө авахгүй байх байсан. Хэрвээ залилах гэмт хэрэг хийх зорилготой байсан бол бенз маркийн машиныг авах байсан байх, надад залилан мэхлэх бодол санаа байгаагүй” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Тухайн үед би түрээсийн үйлдвэр ажиллуулдаг байсан юм. Эхний өдөр цементийг машинаар бартер хийх үү гэхэд үгүй гэсэн. Хоёр дахь удаагаа холбогдоход одоо цемент буусан байна, авах уу гэхэд нь хүнээс хүүтэй мөнгө аваад шилжүүлж өгсөн. 10 минутын дараа утсаа унтраагаад алга болсон. Би байн, байн залгаж байгаад нэг асаах үед нь залгагдаж таараад ярихад би чам руу орой шилжүүлнэ гэж хэлсэн. Би 10 гаруй хоног хүлээж байгаад Нямсүрэнд хэлсэн чи залилуулсан байна цагдаад өг гэж хэлсэн. Анхнаасаа залилан хийх зорилгоор ийм үйлдэл хийж байсан байна лээ. Сүүлд уулзахдаа Нямсүрэнд 6.000.000 төгрөг авбал ав, үгүй бол миний хэрэг 7 сард хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдаж байгаа гэж хэлсэн. Би энэ хүнээс биш ***аас мөнгөө авна гэж хэлээд аваагүй байсан. Би шилжүүлсэн мөнгөө авна, тухайн үед шилжүүлсэн мөнгөөр ханш нь 60 тонн цемент авах байсан мөнгө одоо бол 20 тонн цемент ч авах ч боломжгүй байна. Тухайн үед прокурор дээр очиход дансанд нь 9.000.000 төгрөг байна, гэхдээ энэ мөнгийг түлш зарна гэж хүнээс авсан мөнгө байна, тань руу шилжүүлэх боломжгүй байна гэж ярьсан. Би хохирлоо хурдан барагдуулмаар байна. Намайг очихыг хүлээж байсан гэж байна утас нь болохгүй фейсбүүктээ ч хариу өгөхгүй байсан...” гэв.

Хохирогч ***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр фэйсбүүкийн “барилгын зар” гэсэн группт зар хайж байгаад “***” гэсэн нэртэй фэйсбүүк хэрэглэгчтэй цемент асууж холбогдсон юм. Тухайн үед уг хүн нь цемент байхгүй байна, дараа холбогдъё гэж хэлсэн юм. Үүнээс хойш холбоотой байж байсан бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр фэйсбүүк чатаар холбогдоод “Маргааш цемент бууж байна, авах уу” гэж асуухаар нь би зөвшөөрөөд 66 тн цемент 17.160.000 төгрөгөөр авахаар тохиролцсон юм. Маргааш өдөр нь буюу 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өөрийн Хаан банкны *** тоот данснаас тухайн эмэгтэйн өгсөн Нинжин гэх хүний *** тоот данс руу 66 тн цементийн урьдчилгаа мөнгө болох 11.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны 2-н ойролцоо машин дотор байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөрийг цементээ ирсний дараа өгөхөөр тохиролцсон юм. Тухайн эмэгтэйтэй фэйсбүүк чатаар л холбогдож байсан бөгөөд ямар нэгэн байдлаар уулзаагүй юм. ...мөнгө шилжүүлснээс хойш тухайн эмэгтэй нь хүлээж бай гэж хариу бичсээр байгаад одоогийн байдлаар холбоо байхгүй алга болсон тул цагдаагийн байгууллагад хандах болсон юм...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 45-46/,

Гэрчээр ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...***ы ажилладаг байсан Эмиралт компанид цемент нийлүүлдэг байсан бөгөөд 2020 оны 7 дугаар сард намайг цементгүй болсон байх үед *** надаас цемент авъя гэсэн хүсэлт тавьсан. Бэлэн цемент олчихлоо надад мөнгө байхгүй байна хэдэн төгрөг зээлээч гээд надаас 11.000.000 төгрөг авсан. Тухайн 11.000.000 төгрөгийг *** тоот өөрийн эзэмшлийн данснаас ***ы *** тоот данс руу Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлэн өгсөн. Тэгээд мөнгөө авах хугацаа болоод ***аас мөнгөө авъя гэтэл *** би залилуулчихлаа та өөрөө хөөцөлдөөд авчих би гадаад руу явлаа гээд АНУ руу яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 243-244/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 44 цементийн захад 2022 оны 10 дугаар сараас хойш Төмөр замд кранистаар ажиллаж байна. ...би ***т, *** гэдэг хүмүүсийн талаар сонсож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 146/,

Гэрч ***н мөрдөн байцаалтад өгсөн: “...Барилгын материалын 44 захад цемент, барилгын материал борлуулж байгаа. Би энд ажиллаж байх хугацаандаа... ***т, *** гэх нэр ерөөсөө сонсож байгаагүй юм байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 248/,

 

Хохирогчийн өргөдөл /хх 1-н 41/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-н 42, 48-56, 59-68/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 131, 158, 225-228/ зэрэг болно.

   

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн “хохирогчийг залилах санаа зорилго байгаагүй, цемент ковид өвчний улмаас орж ирэх нь зогссон, цементийн үнэ нэмэгдсэний улмаас өгөх боломжгүй болсон тул цемент нийлүүлж чадаагүй” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч нь урд цемент зарж борлуулж байсан талаар тогтоогдоогүй ба энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч нь өөрт байхгүй цементийг зарж борлуулна гэж бодит байдлыг нууж, зохиомол байдал бий болгон хохирогч ***д “цемент зарна” гэж хэлж урьдчилгаа 11.000.000 төгрөгийг авсан нь хангалттай нотлогдон тогтоогдлоо.

Хохирогч нь шүүгдэгчид өгсөн мөнгийг буцаан авах талаар мөнгө шилжүүлсэн өдөртөө мэдэгдсэн байхад шүүгдэгч нь буцаан шилжүүлэх боломжтой байсан атлаа буцаан өгөлгүйгээр түүний дансанд шилжүүлсэн мөнгийг цахилгаан бараа авах болон бусад зүйлд зарцуулсан нь баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг буцаан өгөхгүй байх санаа зорилготой байсан гэж үзэх хууль  зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн, шүүгдэгч нь хохирогчоос залилан мэхэлж авсан мөнгийг 3 жил 4 сарын хугацаа өнгөрсөн байх үед ч төлөөгүй байх ба миний эзэмшдэг банкны дансыг битүүмжилсэнээс төлж чадаагүй гэх мэдүүлэг нь үндэслэлгүй болно.

Шүүгдэгчийн мэдүүлэгт дурьдсан *** гэх Өвөр Монгол хүнтэй цемент борлуулах ажил хамтарч хийдэг байсан гэх мэдүүлэг нь гэрч ***, *** нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч нь хохирогч ***ы цемент зарах урьдчилгаа 11.000.000 төгрөг авсан атлаа түүнд цемент өөгөөгүй, мөн түүний урьдчилгаа гэж шилжүүлсэн мөнгийг хэрэглэсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ба түүний эрхэлж байсан бизнес нь цар тахлын улмаас дампуурсан, цемент Улсын хилээр оруулж ирэх боломжгүй байсан зэргээр түүнийг залилах гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч *** нь 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр цемент зарна гэж хуурч өөрт байхгүй зүйлээ байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч ***ыг Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 11.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дансаар шилжүүлэн авч 11.000.000 төгөргийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч ***, ***, *** нарын мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг “цемент зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож урьдчилгаа 11.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ***д 11.000.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгч ***гээс 11.000.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч *** нь бусдаас зээлсэн мөнгөний хүү төлсөн хор уршигийг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил, 5 сар хорих ял оногдуулах,  шүүгдэгчийн өмгөөлөгч хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг нөхөн төлөөгүй, хохирогч гомдолтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, түүний урьд баривчлагдсан 02 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй банйа гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцалга нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой ба тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирогчийн хохирлыг нөхөн төлөөгүй, хохирол төлбөр төлөх талаар арга хэмжээ аваагүй зэргээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлт нь Эрүүгийн хуулийн дээрх зорилгыг хангахгүй гэж шүүх дүгнэсэн болно.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Хэрэгт 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 522 дугаартай зөвшөөрөл, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 96 дугаартай зөвшөөрлөөр шүүгдэгч ***гийн арилжааны банкнуудад дахь дансны орлого, зарлагын гүйлгээг хязгаарласныг хэвээр үлдээж, хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 8 сар хорих ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ***д оногдуулсан 8 сар хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн урьд баривчлагдсан 02 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гээс 11.000.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.
  7. Хэрэгт 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 522 дугаартай зөвшөөрөл, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 96 дугаартай зөвшөөрлөөр шүүгдэгч ***гийн арилжааны банкнуудад дахь дансны орлого, зарлагын гүйлгээг хязгаарласныг хэвээр үлдээж, тус дансууд дахь мөнгийг хохиролд тооцох асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  8. Шүүгдэгч ***д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, хорих ял эдэлж дуусах хүртэл хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР