Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 49

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 139/ШШ2020/00049

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: М-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.М  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 онд төрсөн, 55 нас хүрч байгаа. Улсад 20 жил ажилласан. Үүнээс 1981 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил нэгдэл”-д хоньчноор ажиллаж байгаад 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 15-ы өдрийг хүртэл цэргийн алба хаасан.

Цэргийн алба хааж ирээд 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрдэнэдалай сумын “Хөгжил нэгдэл”-д хонь маллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдгийн шаардлага хангахгүй байгаа тул энэ хугацаанд мал маллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.М  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

О.М-ын хөдөлмөрийн дэвтэр нь бичилт дутуу, тамга тэмдгийн зөрчилтэй тул уг үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

Харчин овогт О-ын М  нь 1981 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, мөн 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08/762 дугаартай албан бичиг /хэргийн 3-р хуудас/

- Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 505 дугаартай албан бичиг /хэргийн 4-р хуудас/

- О.М-т 1981.06.16-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 8-11-р хуудас/

- Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 389 дугаартай тодорхойлолт /хэргийн 12-р хуудас/

- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн даргын 1981.06.16-ны өдрийн 36 дугаартай тушаалын хуулбар, хавсралтын хамт /хэргийн 13-15-р хуудас/

- Тагнуулийн Ерөнхий газрын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05/1372 тоот архивын лавлагаа /хэргийн 16-р хуудас/

- Гэрч Л.С-ийн “...О.М нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1981 онд илгээлтээр гарч мал маллаж эхэлсэн. Анх нэгдэлд мал маллахдаа эцэг, эхийн хамт туслах малчнаар ажиллаж байгаад 1983 оны 6 дугаар сард цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирснээс хойш Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад хувьчлал тарах хүртэл тасралтгүй бог мал маллаж байсан. Би тэр үед Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Өнгөт, Сангийн далай бригадуудад 1977-1992 он хүртэл малчнаар ажилласан. Бид нэг нэгдлийн нэг бригадад мал маллаж, нутаг ус ойр, олон жил саахалт байсан учраас О.М-ыг 1981-1992 он хүртэл нэгдэлд малчин байсан гэдгийг сайн мэднэ...” гэх мэдүүлэг /хэргийн 22-р хуудас/

-Гэрч Ц.Ё-гийн “...О.М  нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1981 онд илгээлтээр мал маллаж эхэлсэн. 1983 оны 6 дугаар сард цэрэгт явж цэргээс халагдаж ирснээс хойш Хөгжил нэгдэлд тасралтгүй бог мал малласан. Би тухайн үед Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад малчнаар ажиллаж байсан. Бид айл саахалт олон жил явсан учраас О.М-ын 1981-1992 он хүртэл мал маллаж байсныг сайн мэднэ...”  гэх мэдүүлэг /хэргийн 23-р хуудас/

- Гэрч Н.Ё-ын “...О.М  нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1981 онд илгээлтээр гарч мал малласан. Би тэр үед Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн жолоочоор ажиллаж байсан би 1975-1992 он хүртэл ажилласан. Намайг жолооч хийж байхад би малчдын гэрээр ордог, малчдын ажил байдалтай танилцдаг, өвс тэжээл хүргэж өгдөг байсан учраас О.М-ыг сайн мэднэ...” гэх мэдүүлэг /хэргийн 24-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О-ын М-ыг 1981 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, мөн 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил нэгдэл”-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ