Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2026/0235

 

Н.Ж нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Е.З

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/713 дугаар захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Ж, Н.Е, Х.Б, Т.Э, М.Д, С.Н, өмгөөлөгч С.Н, А.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 110/2025/0070/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Ж нараас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/713 дугаар захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар шийдвэрээр: Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ж нарын 6 хүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/713 дугаар захирамж нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

“...Аймгийн Засаг даргын А/713 дугаар захирамжаар орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог шинэчлэн батлахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасны дагуу аймгийн Засаг даргын 2025 оны 1-01/1199 дүгээр албан бичгээр төсөвт байгууллагын орон тооны хязгаарт багтааж санал оруулах, бүтцийн өөрчлөлтөд хамрагдах албан хаагчдад Захиргааны ерөнхий хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу урьдчилан мэдэгдэж холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Орон нутгийн өмчийн газарт үүрэг болгосныг анхан шатны шүүх харгалзаагүй.

Аймгийн Засаг даргын дээд шатны байгууллагын шийдвэр, Төсвийн тухай хууль тогтоомж болон чиг үүргийн давхардлыг арилгах бодлогод нийцүүлсэн хуульл ёсны шийдвэрийг захиргааны хэргийн анхан шатны шүүх дутуу үнэлж нэхэмжлэгч талын шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн гомдол гаргаж байна.

Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч Н.Ж нараас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/713 дугаар захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/713 дугаар захирамж нь бидний хөдөлмөрлөх эрх ашиг хөндөгдөхөд хүрч, орон тооны цомхотголд орно, ... манай байгууллагын 10 орон тоог ямар ч судалгаа, шинжилгээгүйгээр хасаж баталсан нь хууль бус, ... Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын баталж өгсөн орон нутгийн өмчийн газрын бүтэц, зохион байгуулалтын жишиг загварыг үндэслээгүйгээс болж манай аймгийн орон нутгийн өмчийн газар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүрч байгаагаас гадна тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудын тэн хагасаас илүү нь орон тооны цомхотголд орох гээд байна...” гэж тайлбарлан маргажээ.

2.2. Маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/713 дугаар захирамжаар “2025 оны Төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн аймгийн төсвийн тодотголоор төсөвт байгууллагуудын цалингийн санг бууруулж баталсантай холбогдуулан аймгийн Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог 6-аар тогтоосон байх ба тус захирамжаар албан тушаалын орон тоо нь хасагдсан гэсэн үндэслэлээр Дотоод ажил, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Н.Ж, Өмчийн удирдлага, төлөөлөл хариуцсан мэргэжилтэн С.Н, Хууль, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Н.Е, Өмчийн ашиглалт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Э, Хөрөнгийн бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн М.Д, Нярав Х.Б нарыг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас чөлөөлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүх “... хариуцагч нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд аймгийн Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтуудын дагуу ажиллагаа явуулаагүй, тодруулбал, нэхэмжлэгчдийн ажиллаж байсан албан тушаалын орон тоог ямар үндэслэлээр хассан нь тодорхой бус, шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, байгууллагад албан тушаалын чиг үүргийн давхардал байгаа эсэхэд нарийвчлан шинжилгээ, судалгаа хийгээгүй зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлан зарчмуудтай нийцээгүй...” гэж дүгнэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/713 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцэхгүй байна.

2.3. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна”, 11.1.1-д “захиргааны акт”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны үйл ажиллагаа буюу захиргааны актад холбогдох нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ.

2.4. Гэтэл нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахаар маргаж буй Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/713 дугаар захирамж нь гагцхүү Орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан дотогш чиглэсэн шинжтэй буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй байна.

2.5. Түүнчлэн нэхэмжлэгч нараас дээрх захирамжийг үндэслэн тэдэнд чиглэсэн, ажлаас чөлөөлсөн тушаалуудтайгаа тус бүр маргаж байгаа болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэдний гаргасан тайлбараар тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар Н.Ж нараас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/713 дугаар захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН