Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 019

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж
 Нарийн бичгийн дарга: Ц.Саранцэцэг
 Улсын яллагч: М.Отгонжаргал
 Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Алтай
 Шүүгдэгч: М.Семсерхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ители овогт Манарханы Семсерханд холбогдох эрүүгийн 201704000006 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 24 настай, бүрэн дунд боловсролтой, малчин, эрэгтэй, ам бүл 4, аав, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ители овогт Манарханы Семсерхан. РД:БЗ92032613.   
Шүүгдэгч М.Семсерхан нь Ногооннуур сумын “Хар арал” гэх газарт иргэн Ш.Аманбекийн алдагдсан гэх морины маргаанаас болоод иргэн М.Аманжолын биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч М.Семсерханы хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “ 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би гэртээ байж байхад манай гэрт цагдаа нар ирж миний дүү болох М.Хажнаби болон ах болох М.Мерзетхан нарыг аваад явсан. Тэгээд тэд нар Туяхбайгийн гэрт нь очсон. Би тэдний араас юу болж байгаа юм бол гэж Туяхбайгийн гэрт нь очиход тэнд Аманжол, Аманбек, Амандых нар байж байсан. Аманжол, Амандых, Аманбек нар тэрнээс энэ өдрийн өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 18-ний өдөр манай гэрийн ойр орчимд мөр хөөгөөд явж байсан. Туяхбайгийн гэрийн гадаа тэд нар алдагдсан адуугаа бид нараас үзэж улмаар хэрүүл маргаан үүссэн. Миний дүү болох Хажнабиг Аманжол нэг удаа гараараа цохиж авсан ба дараа нь Мерзетханд дайраад эхэлсэн тул би Аманжолд очиж бид хоёр хэрэлдэж эхэлсэн ба тэр үед би Аманжолын гарыг нь барьж байгаад хойшоо түлхсэн нь үнэн. Би Аманжолын гарыг нь барьж аваад түлхэхэд Аманжолын гар нь өөрийнхөө хамарт нь хүрч хамарнаас цус гарчихсан юм. Тэгээд бид нарыг тэнд байсан цагдаа нар салгаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
- Хохирогч М.Аманжолын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “...Би хувиараа машинаар тээвэр хийдэг хүн юм. Тухайн өдөр Ш.Аманбек адуугаа алдчихлаа гэж миний машиныг хөлсөлж авч Ховд багт ирсэн. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр аймгаас нэлээн орой гарч яваад Туяхбай гэгч хүний гэрт хоносон ба өглөө нь буюу 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр адууны мөр хөөж явсан ба уг адууны мөр нь Манарханы гэрийн хажууд нь очсон ба бид Манарханы гэрт нь очоогүй юм. Тэгээд цагдаа дуудаж цагдаа нарын хамт Манарханы хүүхдүүдийн гэрт нь очсон. Цагдаа нар машиндаа Мерзетхан, Хажнаби хоёрыг суулгаад Туяхбайгийн гэрийн гадаа аваад ирсэн. Тухайн үед би машиндаа гал түлж машинаа асаах гэж байсан юм. Хэсэг хугацааны дараа Семсерхан гэгч мотоциклтэй ирж зогссон. Тухайн үед Хажнаби над руу чулуу шийдэж эхэлсэн ба тэр үед Семсерхан над руу дайрч гүйж ирэн толгойгоороо нэг удаа мөргөж авсан. Тэгээд миний хамраас цус гарч эхэлсэн. Тэгээд би аймагт ирж шууд эмчид үзүүлэхэд миний хамрын яс хугарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/
- Гэрч Ш.Амандыхын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “...Хэрүүл маргаан алдагдсан адуунаас болоод үүссэн. Учир нь бид алдагдсан адуугаа М.Хажнаби, Семсерхан, Мерзетхан нараас сэжиглэсэн. Эхлээд цагдаа нар Туяхбайгийн гэрт Хажнаби Мерзетхан нарыг аваад ирсэн ба хэсэг хугацааны дараа Семсерхан мотоциклтой хүрээд ирж бидэнтэй хэрүүл маргаан хийж бидэнд дайрч эхэлсэн тэд нарыг салгаж авах гэж Аманжол хажууд нь очиход Аманжолыг Семсерхан барьж авч хойшоо түлхэж толгойгоороо мөргөхөд Аманжолын хамарнаас цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/
- Гэрч К.Тияхбайн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “....2016 оны 12 дугаар сарын 16-ний өдөр цагдаа нар манай гэрээс явчихаад хэсэг хугацааны дараа Манарханы хүүхдүүд нь болох Хажнаби, Мерзетхан нарыг аваад ирсэн. Тэд нар ирсний дараа араас нь Семсерхан мотоциклтэй ирж зогссоны дараа Аманбек, Амандых, Аманжол нартай хэрүүл хийгээд хоорондоо маргалдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/
- Гэрч Д.Ган-Уялын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 15-ны орой 18 цагийн орчимд Ногооннуур сумын "Хар арал" гэх газраас иргэн Ш.Аманбекийн 1 чөдөртэй байсан морь хулгайд алдагдсан гэх дуудлагаар цагдаа жолооч Ш.Галымжаны 00-70 БӨА улсын дугаартай машинаар Ногооннуур сумын "Хар арал" гэх газарт иргэн К.Туяхбайгийн гэрт нь очсон. Тухайн үед К.Туяхбайгийн гэрт нь морио алдсан гэх Ш.Аманбек, Ш.Амандых, М.Аманжол нарын хүмүүс сууж байсан. Бид болсон асуудлын талаар тодруулж тухайн хүмүүсээс тайлбар авч тухайн өдөр бид бүгд иргэн К.Туяхбайгийн гэрт нь хоносон. Маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 16-ны өглөө морины мөр байсан гэх газарт очиж үзлэг шалгалтаа явуулчихаад иргэн Манарханы хүүхдүүд нь болох Семсерхан, Мерзетхан, Хажнаби нартай очиж уулзсан. Учир нь морио алдсан хүмүүс Семсерхан, Мерзетхан, Хажнаби нараас морио сэжиглэж байсан юм. Бид машинаар очиж Мерзетхан болон Хажнаби нарыг суулгаж аваад иргэн К.Туяхбайгийн гэрийн гадаа ирж зогссон. Тухайн үед Мерзетхан болон Хажнаби нар машинаас бууж ирж Ш.Аманбек, Ш.Амандых, М.Аманжол нартай хэрүүл хийгээд байсан ба Хажнаби хүч өгөхгүй дайраад байхаар нь би Хажнабиг машинд суулгах гэж очиход Хажнаби надаас зугтаж би Хажнабигийн араас хөөгөөд явсан юм. Тухайн үед мотоциклтэй Семсерхан ирж иргэн К.Туяхбайгийн гэрийн гадаа зогссон. Хажнаби баригдахгүй зугтаж явахаар би Туяхбайгийн гэрийн гадаа буцаж ирэхэд иргэн Аманжолын хамарнаас цус гарсан байдалтай зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
- Гэрч Ш.Аманбекийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: “...
    1. Иргэн Аманжолын биед тархины доргилт, тархины даралттай, хамрын яс хугарсан, хамрын нуруунд хавдартай, мурийлттай зөөлөн эдийн бэртэл зэрэг гэмтэлтэй байна.
    2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болно.
3. Ерөнхий хөдөлмөрт нөлөөлөхгүй болно. 
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.
    5. Иргэн Аманжолын биед байгаа бүх гэмтэл нь шинэ гэмтэл болно.
    6. Толгойны 2 ширхэг зургийг, амбулаторын картыг хавсаргав..." гэх дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/
- Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43, 44-р хуудас/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/ зэрэг болно.
Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, үнэлэх боломжтой, хэрэг шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. 
Шүүгдэгч М.Семсерхан нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын “Хар арал” гэх газарт морь хулгайлсан гэх маргааны улмаас иргэн М.Аманжолын хамран тус газар нь 1 удаа толгойгоороо мөргөж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дээрх хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Тухайн хэрэгт хууль сануулж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзлээ. 
Шүүгдэгч М.Семсерханд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. 
Шүүх шүүгдэгч М.Семсерханд ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгийн байдал зэргийг харгалзан түүнд баривчлах ялыг сонгон хэрэглэж, тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
 Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн байх тул шүүдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. 
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдож байгаагүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн өмч болох “Мустанг-5” маркийн мотоцикл битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.     Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний цахим иргэний үнэмлэх, Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй. 
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294-299  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь
  1. Шүүгдэгч Ители овогт Манарханы Семсерханыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Семсерханыг 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.  
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч М.Семсерханд оногдуулсан 1 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.  
4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134-р зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч М.Семсерханы өмч болох “Мустанг-5” маркийн мотоцикл битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 
6. Шүүгдэгч М.Семсерханы иргэний цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан туслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АЗЖАРГАЛ