Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 54

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 139/ШШ2020/00054

Дундговь аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

      

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

Т салбарын нэхэмжлэлтэй,

хариуцагч О-ийн Т,   Н-ийн У нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 19.714.611 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Т салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.Т, Н.У  нар нь 2018 оны 12 дугаар сарын 4-нд 221100156502 тоот малчны зээлийн гэрээ байгуулан 16000000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй авсан. Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчин бидний ажилд хүндрэл учруулж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 230 хоног буюу 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй хугацаа хэтрээд байна.

Иймд Т нь хариуцагч О.Т, Н.У нартай байгуулсан 221100156502 тоот Малчны зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 15841000 төгрөг, хүү 3803087 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70523 төгрөг, нийт төлбөр 19714611 /арван есөн сая долоон зуун арван дөрвөн мянга зургаан зуун арван нэгэн/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч О.Т, Н.У нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т салбарын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 19714611 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг 2020.02.01-ний өдрөөс өмнө шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.Т, Н.У нарын тайлбартай танилцлаа. Т банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 19714611 төгрөгийг төлөхийг хариуцагч нар нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т  салбар нь О.Т, Н.У нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 19714611 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч О.Т, Н.У нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т салбарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 19714611 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хариуцагч нарын зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Т салбарын зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 19.714.611 /арван есөн сая долоон зуун арван дөрвөн мянга зургаан зуун арван нэгэн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч О.Т, Н.У нар нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.       

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас 128262 төгрөг, улсын орлогоос 128262 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256523 төгрөгийн үлдэх хэсгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

            ШҮҮГЧ                        З.ГАНЧИМЭГ