Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 55

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 139/ШШ2020/00055

Дундговь аймаг

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Ж-ийн Д -ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа оролцов.

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1964 онд төрсөн, эмэгтэй. Энэ жил 56 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн. Би Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургуулийг төгсөж 1984 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байгаад 1985 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр ар гэрийн шалтгаанаар Адаацаг сум руу шилжих хүртлээ ажиллаж байсан. Адаацаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл соёлын барааны худалдагчаар ажиллаж байсан үеийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч шаардлага хангахгүй байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна.

Иймд Ж.Д  намайг 1984 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1985 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Адаацаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид соёлын барааны худалдагчаар ажиллаж байсан болохыг хөдөлмөрийн дэвтэр, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Ж.Д-гийн хөдөлмөрийн дэвтэр нь тамга тэмдгийн зөрчилтэй тул уг үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

Ж-ийн Д  нь 1984 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1985 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид соёлын барааны худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/

- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 08/209 дугаартай албан бичиг /хэргийн 5-р хуудас/

- Ж.Д-ийн 094568 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 9-12-р хуудас/

- Гэрч Д.Б-ийн “...Ж.Д  нь 1984 онд ТМС-ийг төгсөөд Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байгаад 1985 оны 4 дүгээр сараас Адаацаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид шилжин ирж соёлын барааны худалдагчаар 1991 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байсан. Би 1985 оны 5 дугаар сараас 1991 оныг дуустал Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 22-р хуудас/

- Гэрч Я.Ц-ийн “...Би Адаацаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид тооцооны нягтлан бодогчоор 1982 оны 8 дугаар сараас ажилласан. Намайг ажиллаж байхад Ж.Д н нь Өмнөговь аймгийн ТМС-ийг 1984 онд төгсөөд зунаас нь Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байгаад 1985 оны 4 дүгээр сараас Адаацаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид шилжин ирж соёлын барааны худалдагчаар ажиллаж байсан...”  гэх мэдүүлэг /хэргийн 24-р хуудас/

- Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1984.07.01-ний өдрийн 73 дугаартай тушаалын хуулбар, хавсралтын хамт /хэргийн 32-р хуудас/

- Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1984.07.07-ны өдрийн 71 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 33-р хуудас/

- Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985.04.04-ний өдрийн 62 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 33-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

            Нэхэмжлэгч Ж.Д-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр Булган аймагт отроор явж байгаа учраас шүүх хуралдаанд хүрэлцэн очих боломжгүй эзгүйд хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж-ийн Д-г 1984 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1985 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид соёлын барааны худалдагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ