Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 61

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 139/ШШ2020/00061

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Г-ийн Э-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 55 нас хүрч байгаа. Улсад 25 жил ажилласан. Үүнээс 1981 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд хоньчиноор ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр, тамга тэмдгийн зөрчилтэй, шаардлага хангахгүй байгаа тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон тушаал, сургуулиас шилжүүлсэн томилолт, нэгдлийн гишүүний үнэмлэх зэрэг баримтыг үндэслэн Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд хоньчиноор 1981 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Г.Э-ын хөдөлмөрийн дэвтэр дээр дарагдсан тамга тэмдэг нь зөрчилтэй, ажиллаж байсан үеийн бичиг баримтууд архивт хадгалагдаагүй байх тул уг үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

Г-ийн Э р нь 1981 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд хоньчиноор ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 39 дугаартай албан бичиг /хэргийн 4-р хуудас/

- Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02/17 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/

- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08/45 дугаартай албан бичиг /хэргийн 6-р хуудас/

- Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 37 дугаартай тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/

- Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1981.06.16-ны өдрийн 17 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 8-р хуудас/

- Г.Э-т 1981.02.01-ний өдөр Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 9-р хуудас/

- Г.Э-т 1991.09.24-ний өдөр Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 13-р хуудас/

- Гэрч С.С-ын “...Г.Э нь Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Суврага бригадад 1981 оны 1 дүгээр сараас сургуулиас гараад нэгдэл тартал мал маллаж байсан. Би Хөдөлмөр нэгдэлд 1981-1993 он хүртэл буюу нэгдэл хувьчлагдах хүртэл малчнаар ажилласан...” гэх мэдүүлэг /хэргийн 24-р хуудас/

- Гэрч Ц.Б-ын “...Би 1981 оноос 1985 он хүртэл Дундговь аймгийн Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангид бэлтгэлийн туслахаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Г.Э  Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд бага мал маллаж байсан...”  гэх мэдүүлэг /хэргийн 25-р хуудас/

- Гэрч О.Э-ийн “...Г.Э  нь 1981 оноос малчин болсон. Манайхтай айл аймаг байсан. Тэр Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Суврага бригадад 1990 он хүртэл эм мал маллаж байсан. Г.Э  1990 оноос хойш нэгдэлд малчнаар ажилласан, нэгдлийг хоршоо болтол нь ажилласан. Нэгдэл 1993 онд Хөдөлмөр хоршоо болсон юм. Тэгэхээр Г.Э  1993 оныг хүртэл мал малласан...” гэх мэдүүлэг /хэргийн 26-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г-ийн Э-ыг 1981 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ