Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/242

 

2023/ШЦТ/242

 

 

 


                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Б.Н

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: В.У, Г.Э

Шүүгдэгч: С.С, Д.Ү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сийн С, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Дгийн Ү нарт холбогдох 2312...................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ..... аймгийн ..............сумын ............ багийн ................. газарт оршин суух, улсаас авсан гавъяа  шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-ийн 3-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймгийн 01 дүгээр шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 26-ны өрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-ийн 3-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймгийн Сум дундын Шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/43 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-ийн 3-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Б овогт Сийн С /РД: /

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ................ аймгийн ............. сумын ................ багийн ..................... газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар  хорих ялаар шийтгүүлж  байсан Х овогт Дгийн Ү /РД: /

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч С.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрладаг “Цохиот” гэх газарт байдаг өөрийн гэртээ Д.Үтой хувийн таарамжгүй харилцааны улмаас заазуураар цохиж биед нь нүүрний гурвалсан мэдрэлийн салааг гэмтээсэн зүүн чихний дэлбэнгийн омог, эрүүний булан, зүүн хажууг хамарсан эдийн дутагдал үүсгэсэн зүсэгдсэн шарх, баруун алганд зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Д.Ү нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 12 дугаар салын 30-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрладаг “Цохиот” гэх газарт С.Сын гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас С.Сыг цохиж биед нь тархи доргилт, зулайн хуйх, баруун чамархайд язарсан шарх, хүзүү, баруун чихний дэлбэнд зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд С.Сын хохирогчоор мэдүүлсэн: Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанд Д.Үын хохирогчоор мэдүүлсэн: Д.Ү намайг унтаж байхад толгой руу аягаар цохисон. Аяга хагарахаар нь би яаж байгаа юм гээд доошоо харж сууж байгаад тогооны авдраас нэг юм аваад цохисон чинь гараад явсан. Би юугаар цохисон гэдгээ ч мэдээгүй. Тэгээд хэвтэж байсан чинь цагдаа нар гэрт ирээд Д.Үыг гэмтээсэн байна гээд хэргийн газар байсан баримтуудын зургийг авсан. Тухайн үед архи ууж дуусгаагүй байсан. Миний чихний арын хуйх гэмтсэн. Одоо надад гомдол, санал байхгүй гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 2312............................ дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Үын мэдүүлсэн: ...2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би Төвшрүүлэх сумын төв рүү орж ирээд 17:00 цагийн орчимд машиндаа түлш хийчихээд явж байгаад сумын төвийн цагаан байранд байдаг ТүмЭ гэх хүний хүнсний дэлгүүрийн үүдэнд манай Цохиотод ойрхон байдаг С ахтай тааралдсан. Бид хоёр хамт дэлгүүр ороод нэг, нэг шил архи аваад салаад явцгаасан. Хоёр хоногийн өмнө С ах машинаа асаах гээд миний машины аккумляторыг гуйгаад авсан байсан учраас би гэрээс нь очиж авах гээд С ахын араас Цохиотод байдаг гэрт нь очсон. Би гэрт нь очоод өөрсдийнхөө авч очсон архиа уугаад сууцгааж байтал С согтоод ширээгээ дэрлээд унтсан. Харин тэдний гэрт байдаг Д, Сын эхнэр М хоёр Сыг өргөөд орон дээр нь унтуулсан. Гэтэл С ах нэг их удаан унтаагүй, эргэж босч ирээд гал тогооны шүүгээгээ ухаад нэг заазуур гаргаж ирж байсан. Би архи уугаад сууж байсан газраасаа хараад сууж байсан бөгөөд заазуур аваад яах гэж байгааг нь мэдээгүй, гэтэл гэнэт хүрч ирээд миний зүүн шанаа, эрүүг зүссэн. С ахыг ямар шалтгаанаар намайг ингэж гэмтээсэн талаар би мэдэхгүй байна. Уг нь бид хоёр маргалдаж, хэрэлдээгүй юм. Зүгээр архи ууцгаагаад сууж байсан. С бага зэрэг согтоод орон дээрээ унтаж байгаад эргээд босч ирээд л ийм зүйл болсон. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм /1 дүгээр/ багийн нутаг дэвсгэрт байрладаг “Цохиот” гэх газарт байдаг С.Сын өвөлжөөний монгол гэрт С, Сын эхнэр М, тэдний гэрт байдаг Д, мөн Цохиотод байдаг Э нар хамт байсан. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20:00 цагийн орчимд болсон. Хөх, саарал өнгийн алаг иштэй гал тогоондоо хэрэглэдэг заазуур байсан. Гомдолтой байна. Эрүүл мэндээрээ хохирсон, эмчлүүлэх шаардлагатай байна...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Сын мэдүүлсэн: ...2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед Төвшрүүлэх сумын төвд байдаг цагаан байрны дэлгүүрийн үүдэнд Ү, Э хоёртой тааралдсан юм. Э, Ү хоёрыг согтуу байхаар нь согтуу хүмүүстэй юм яриад яах гэж бодоод тэр хоёрыг орхиод Цохиотод байдаг хөдөө гэртээ ирсэн юм. Очоод оройн хоолоо идээд байж байтал араас Ү хамт явж байсан Этай манай гэрт хүрээд ирсэн юм. Тэр хоёр манай гадаа ирээд Ү манай гэрт нэг шил архи, нэг том пиво аваад орж ирсэн. Харин Э нь Үын машин дотор унтаад үлдсэн. Би Үын авчирсан архийг хувааж уугаад юм ярьж сууж байгаад дуусахаар нь гэрт байсан 0.5 литрийн хагас шил архиа хувааж ууж сууж байгаад бага зэрэг согтоод байсан учраас их уугаад яах вэ гэж бодоод нэг хэсэг унтчихсан байсан. Намайг Ү татаад архи уу гээд сэрээхээр нь үгүй, уухгүй, яах гээд байгаа юм гээд ууж чадахгүй байхад чинь гэсэн чинь миний толгой руу нэг юмаар цохиод цус гарах шиг болохоор нь чи яаж байгаа юм гэж хэлээд барьцалдаж авсан. Ингээд ноцолдож байхдаа тогооны авдар дээр гарт юм таарахаар нь аваад Үыг цохичихсон чинь Ү тэр чигээрээ гараад машинаа асаагаад яваад өгсөн .....гэх мэдүүлэг /хх-ийн 57-60 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Ггийн мэдүүлсэн: ...Уг нь манай нөхөр Ү бид хоёр хүүхдүудтэйгээ Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа юм.  Сурагчдын өвлийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор манай нөхөр хүүхдүүдээтэйгээ Архангай аймгийн Төвшрүүлэх суманд хөдөө ирсэн байсан. Ингээд байж байтал өчигдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагаас 18:00 цагийн хооронд над руу Ү утсаар яриад Төвшрүүлэх сумын төвд ороод ирсэн, түлшний мөнгө явуулаарай гэхээр нь би түлшний мөнгө 50.000 төгрөг явуулаад гэртээ хариарай гэж хэлээд тасалсан. Тухайн үед надтай утсаар ярихдаа манай нөхөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Удалгүй 20:00 цагийн орчимд миний гар утас руу Үын хамаатны дүү Э залгаад Ү ах Сын ахын гэрт очоод С ах Ү ахыг хутгаар нүүрийг нь зүсчижээ, одоогийн байдлаар их цус алдаад, цус нь тогтохгүй байна, та хаана байгаа юм бэ, хурдан ирээч ээ гэж хэлсэн. Эыг ингэж утсаар ярихаар нь би буцаагаад Төвшрүүлэх сумын эмнэлгийн их эмч Мөнхзултай утсаар яриад болсон хэргийн талаар асуухад Мөнхзул надад даралт нь унаад, цус нь тогтохгүй байна, одоогийн байдлаар нүүрэндээ ийм мэсний шархтай ирсэн гэх мэт зүйлсийг хэлсэн. Ингээд Улаанбаатар хотоос яаралтай гараад Архангай аймгийн төвд Нэгдсэн эмнэлэг дээр ирсэн бөгөөд намайг ирэхэд манай нөхөр Ү Төвшрүүлэх сумын эмнэлгээс Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн байсан. Манай нөхөр өнөөдөр өөрөө надад ярихдаа өчигдөр С ахтай би дэлгүүрийн үүдэнд тааралдаад хамт дэлгүүр ороод нэг, нэг шил архи аваад дэлгүүрээс буцаж гарч ирээд салаад явсан. Гэтэл С ах 2 хоногийн өмнө Үын машины аккумляторыг машинаа асаах гээд авсан байсан, тэрийгээ авах гээд араас нь Сын гэрт нь очоод авч явсан нэг шил архиныхаа талыг нь уугаад С гэрийнхээ ширээг дэрлээд унтахаар нь Сын эхнэр М, дүү Д хоёр нь Сыг аваад орон дээр нь унтуулсан гэсэн. Гэтэл удалгүй С босч ирээд гал тогооны шүүгээгээ уудлаад заазуур гаргаж ирээд намайг шууд зүссэн, би тэгнэ гэж бодоогүй сууж байсан болохоор зүсэгдсэн гэж тайлбарласан. С, Ү нар уг нь хоорондоо огт маргалдаагүй, ямар нэгэн байдлаар муудалцаагүй гэж Ү өөрөө хэлсэн. Одоогийн байдлаар даралт нь унаад байна. Нэгдсэн эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа, өөрөө хэвийн ярьж чадаж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Игийн мэдүүлсэн: ...Би тухайн өдөр болсон хэргийн талаар мэдэхгүй байна. Харин өчигдөр буюу 12 дугаар сарын 30-ны өдрийн 20:00 цагийн орчимд манай аав Стай хамт амьдардаг манай ах Д над руу утсаар залгаад Ү манай гэрт ирээд агсам согтуу тавиад С ахтай маргалдаад, зодолдсон, би Үыг эмнэлэгт хүргэж өгөх гээд явж байтал замдаа цасанд суучихлаа гэж хэлсэн. Би Дг ингэж хэлэхээр нь байгаа газрыг нь асуугаад өөрийн нөхөр болох Дийн хамт урдаас нь машинтайгаа очоод Ү, н.Д хоёрыг авсан. Бид хоёрыг очоод Үыг авахад толгойноос цус гарчихсан байсан. Би эмнэлэгт явъя гэтэл Ү би эмнэлэг явахгүй, гэртээ харина гээд байхаар нь манай нөхөр Д бид хоёр хамжаад машиндаа суулгаад эмнэлгийн гадаа ирсэн. Ү эмнэлгийн гадаа ирчихээд бас эмнэлэг орохгүй гээд байхаар нь арай гэж эмнэлэг рүү оруулсан. Би эмнэлэгт ирсний дараа Үын эгч болох Урангоо руу утсаар яриад Ү ах хөдөө аавын гэрт очоод архи ууж байгаад хоорондоо маргалдаж, зодолдсон байна, одоо эмнэлэг дээр ирсэн байж байна гэж хэлсэн. Намайг ингэж утсаар ярьснаас хойш 22:00 цагийн орчимд Үын ээж, эгч Я, Э, О нар нь ирсэн. Би тэр талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 хуу/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1010 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Үын биед нүүрний гурвалсан мэдрэлийн салааг гэмтээсэн зүүн чихний дэлбэнгийн омог, эрүүний булан, зүүн хажууг хамарсан эдийн дутагдал үүсгэсэн зүсэгдсэн шарх, баруун алганд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт /хх-ийн 29-30 хуу/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1024 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. С.Сын биед тархи доргилт, зулайн хуйх, баруун чамархайд, язарсан шарх, хүзүү, баруун чихний дэлбэнд зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 36-37 хуу/

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 775 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Үын биед шүлсний булчирхай, булчирхайн суваг, нүүрний гурвалсан мэдрэлийн салааг гэмтээсэн зүүн чихний дэлбэнгийн омог, эрүүний булан, зүүн хажууг хамарсан зүсэгдсэн шарх, баруун алганд зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд хурц ир ирмэг бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах/эрэх нь эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 27 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90, 92 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 113, 114 хуу/

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /хх-ийн 117 хуу/

Иргэний эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хх-ийн 141-146 хуу/

Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 147-157 хуу/

Хохирол төлсөн баримтууд /хх-ийн 179-184 хуу/

Эмчилгээтэй холбоотой баримтууд 20 хуудас

Шүүх хуралдаанд шинээр өгсөн хохирол төлсөн “Хаан” банкны мөнгөн шилжүүлгийн баримт 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрладаг “Цохиот” гэх газарт байдаг өөрийн гэртээ Д.Ү нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан,  2022 оны 12 дугаар салын 30-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрладаг “Цохиот” гэх газарт С.С нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм 01 дүгээр багийн нутагт С.Сын гэрт Д.Ү, С.С нар нь маргалдан улмаар харилцан зодолдож, шүүгдэгч С.С нь хохирогч Д.Үыг заазуураар цохиж биед нь нүүрний гурвалсан мэдрэлийн салааг гэмтээсэн зүүн чихний дэлбэнгийн омог, эрүүний булан, зүүн хажууг хамарсан эдийн дутагдал үүсгэсэн зүсэгдсэн шарх, баруун алганд зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.Ү нь С.Сыг цохиж биед нь тархи доргилт, зулайн хуйх, баруун чамархайд язарсан шарх, хүзүү, баруун чихний дэлбэнд зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд хохирогч Д.Үын мэдүүлсэн “Гэтэл С ах нэг их удаан унтаагүй, эргэж босч ирээд гал тогооны шүүгээгээ ухаад нэг заазуур гаргаж ирж байсан. Би архи уугаад сууж байсан газраасаа хараад сууж байсан бөгөөд заазуур аваад яах гэж байгааг нь мэдээгүй, гэтэл гэнэт хүрч ирээд миний зүүн шанаа, эрүүг зүссэн”, гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/, “Д.Ү намайг унтаж байхад толгой руу аягаар цохисон. Аяга хагарахаар нь би яаж байгаа юм гээд доошоо харж сууж байгаад тогооны авдраас нэг юм аваад цохисон чинь гараад явсан. Би юугаар цохисон гэдгээ ч мэдээгүй. Тэгээд хэвтэж байсан чинь цагдаа нар гэрт ирээд Д.Үыг гэмтээсэн байна гээд хэргийн газар байсан баримтуудын зургийг авсан” гэх мэдүүлэг,

мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд хохирогч С.Сын мэдүүлсэн “Намайг Ү татаад архи уу гээд сэрээхээр нь үгүй, уухгүй, яах гээд байгаа юм гээд ууж чадахгүй байхад чинь гэсэн чинь миний толгой руу нэг юмаар цохиод цус гарах шиг болохоор нь чи яаж байгаа юм гэж хэлээд барьцалдаж авсан. Ингээд ноцолдож байхдаа тогооны авдар дээр гарт юм таарахаар нь аваад Үыг цохичихсон чинь Ү тэр чигээрээ гараад машинаа асаагаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 57-60/, “Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

гэрч Г.Ггийн мэдүүлсэн “Удалгүй 20:00 цагийн орчимд миний гар утас руу Үын хамаатны дүү Э залгаад Ү ах Сын ахын гэрт очоод С ах Ү ахыг хутгаар нүүрийг нь зүсчижээ, одоогийн байдлаар их цус алдаад, цус нь тогтохгүй байна, та хаана байгаа юм бэ, хурдан ирээч ээ гэж хэлсэн. Эыг ингэж утсаар ярихаар нь би буцаагаад Төвшрүүлэх сумын эмнэлгийн их эмч Мөнхзултай утсаар яриад болсон хэргийн талаар асуухад Мөнхзул надад даралт нь унаад, цус нь тогтохгүй байна, одоогийн байдлаар нүүрэндээ ийм мэсний шархтай ирсэн гэх мэт зүйлсийг хэлсэн. Ингээд Улаанбаатар хотоос яаралтай гараад Архангай аймгийн төвд Нэгдсэн эмнэлэг дээр ирсэн бөгөөд намайг ирэхэд манай нөхөр Ү Төвшрүүлэх сумын эмнэлгээс Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн байсан. Манай нөхөр өнөөдөр өөрөө надад ярихдаа өчигдөр С ахтай би дэлгүүрийн үүдэнд тааралдаад хамт дэлгүүр ороод нэг, нэг шил архи аваад дэлгүүрээс буцаж гарч ирээд салаад явсан. Гэтэл С ах 2 хоногийн өмнө Үын машины аккумляторыг машинаа асаах гээд авсан байсан, тэрийгээ авах гээд араас нь Сын гэрт нь очоод авч явсан нэг шил архиныхаа талыг нь уугаад С гэрийнхээ ширээг дэрлээд унтахаар нь Сын эхнэр М, дүү Д хоёр нь Сыг аваад орон дээр нь унтуулсан гэсэн. Гэтэл удалгүй С босч ирээд гал тогооны шүүгээгээ уудлаад заазуур гаргаж ирээд намайг шууд зүссэн, би тэгнэ гэж бодоогүй сууж байсан болохоор зүсэгдсэн гэж тайлбарласан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

гэрч С.Игийн мэдүүлсэн “Харин өчигдөр буюу 12 дугаар сарын 30-ны өдрийн 20:00 цагийн орчимд манай аав Стай хамт амьдардаг манай ах Д над руу утсаар залгаад Ү манай гэрт ирээд агсам согтуу тавиад С ахтай маргалдаад, зодолдсон, би Үыг эмнэлэгт хүргэж өгөх гээд явж байтал замдаа цасанд суучихлаа гэж хэлсэн. Бид хоёрыг очоод Үыг авахад толгойноос цус гарчихсан байсан. Би эмнэлэгт явъя гэтэл Ү би эмнэлэг явахгүй, гэртээ харина гээд байхаар нь манай нөхөр Д бид хоёр хамжаад машиндаа суулгаад эмнэлгийн гадаа ирсэн. Ү эмнэлгийн гадаа ирчихээд бас эмнэлэг орохгүй гээд байхаар нь арай гэж эмнэлэг рүү оруулсан. Би эмнэлэгт ирсний дараа Үын эгч болох Урангоо руу утсаар яриад Ү ах хөдөө аавын гэрт очоод архи ууж байгаад хоорондоо маргалдаж, зодолдсон байна, одоо эмнэлэг дээр ирсэн байж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23/,

хохирогч Д.Үын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1010 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 775 тоот шинжээчийн дүгнэлт,

хохирогч С.Сын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1024 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37/,

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Үын биед шүлсний булчирхай, булчирхайн суваг, нүүрний гурвалсан мэдрэлийн салааг гэмтээсэн зүүн чихний дэлбэнгийн омог, эрүүний булан, зүүн хажууг хамарсан зүсэгдсэн шарх, баруун алганд зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд хурц ир ирмэг бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах/эрэх нь эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч С.С, Д.Ү нар нь гэм буруутай байна.

Иймд шүүгдэгч С.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч С.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч Д.Үод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.С, Д.Ү нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч С.С нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрладаг “Цохиот” гэх газарт байдаг өөрийн гэртээ Д.Үыг заазуураар цохиж биед нь нүүрний гурвалсан мэдрэлийн салааг гэмтээсэн зүүн чихний дэлбэнгийн омог, эрүүний булан, зүүн хажууг хамарсан эдийн дутагдал үүсгэсэн зүсэгдсэн шарх, баруун алганд зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.Ү нь 2022 оны 12 дугаар салын 30-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрладаг “Цохиот” гэх газарт С.Сыг цохиж биед нь тархи доргилт, зулайн хуйх, баруун чамархайд язарсан шарх, хүзүү, баруун чихний дэлбэнд зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.С, Д.Ү нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.С, Д.Ү нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч С.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг, шүүгдэгч Д.Үод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг тус тус оногдуулж, шүүгдэгч нар уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт тус тус төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.С, Д.Ү нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Үын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч С.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон болно.

С.С, Д.Ү нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирлоо авч хоорондоо эвлэрсэн, гомдол, саналгүй” гэж мэдүүлсэн байх тул тэдгээрийг энэ шийтггэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч С.С, Д.Ү нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ирүүлсэн Б овогт Сийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Х овогт Дгийн Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Үыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Ст оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт, шүүгдэгч Д.Үод оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт тус тус төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С, Д.Ү нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

                                                                                                                                                                         

            6. Шүүгдэгч С.С, Д.Ү нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

                                                                                                                                                                         

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.С, Д.Ү нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Р.АЛТАНЦЭЦЭГ