| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00107/и |
| Дугаар | 62 |
| Огноо | 2020-02-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 62
| 2020 оны 02 сарын 03 өдөр | Дугаар 139/ШШ2020/00062 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Л-ын С-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1968 онд төрсөн, эмэгтэй, 51 настай. Би 1984 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, Луус сумын архиваас авсан цалингийн цэсүүд, 1984 онд эвлэлийн гишүүнээр элссэн тушаалыг үндэслэн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1984 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Л.С-ийн хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдсэн тул уг үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.
Л-ын С нь 1984 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
- Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 59 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/
- Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 25/03 дугаартай гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/
- Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03/26 дугаартай тодорхойлолт, хөдөлмөрийн хөлс олгох хүснэгтийн хамт /хэргийн 8-22-р хуудас/
- Гэрч С.Ж-ын “...Л.С нь 1984-1990 он хүртэл 8 дугаар ангиа төгсөөд Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Зүлэгтий бригадын үхрийн фермэд үхэрчнээр ажиллаж байсан. Би Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Наран бригадад 1984-1990 он хүртэл бага мал маллаж байсан. Луус сумын захиргаанд нэгдлийн архив байдаг байсан ба 1986 онд контор шатаж хамт үрэгдсэн. 1986 оноос хойших материал Луус суманд байгаа...” гэх мэдүүлэг /хэргийн 28-р хуудас/
- Гэрч Ш.У-ийн “...Л.С бид хоёр хамт 1984 онд Дундговь аймгийн Луус суманд 8 дугаар анги төгсч байсан бөгөөд С нь Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Зүлэгтий бригадад 1984 оны 8 дугаар сараас эхлэн Хөдөлмөр нэгдэл тартал үхэрчнээр ажиллаж байсан. Би өөрөө 1986 онд 10 дугаар анги төгсөөд хөдөө малчнаар гарч Хөдөлмөр нэгдэл тартал буюу 1990 оныг дуустал малчнаар ажилласан...” гэх мэдүүлэг /хэргийн 29-р хуудас/
- Гэрч Л.Э-ийн “...Л.С 1984 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Зүлэгтий бригадад үхэрчнээр ажиллаж байсан. Тэгээд хувьчлал болж нэгдэл тарсан. Би Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Наран бригадад 1984-1991 он хүртэл хоньчин, нэгдлийг хоршоо болоход 1991-1996 он хүртэл хоньчноор ажилласан...” гэх мэдүүлэг /хэргийн 30-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л-ын С-ийг 1984 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ