Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 63

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 139/ШШ2020/00063

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Б-ийн Б-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 оны 2 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, одоо 55 настай, эрэгтэй. Малчны тэтгэвэр тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Учир нь би 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 7 дугаар анги төгсөж тухайн сардаа малчны илгээлт авч 1683 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Сайнцагаан сумын “Мандах” нэгдэлд мал малласан. Энэ хугацаанд өргөж авсан эцэг Ж.Н , эх Б.Ц  нарын хамт эр сувай, бог мал маллаж, тууврын мал туух зэрэг ажлыг хийж байсан. Ингээд 1983 оны 6 дугаар сард 18 нас хүрч Ардын армийн 119-р ангид хугацаат цэргийн алба хаагаад 1986 онд халагдаж ирсэн. 1980-1983 оны 6 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, нотлох баримт нь архиваас олдохгүй байна. 1980 онд би 15 настай байсан тухайн үед илгээлтээр мал дээр гарч байсан, 16 настайдаа нэгдлийн гишүүн болж нэгдлийн гишүүний батлах авч байсан. Тэр батлах маань олдохгүй байгаа.

Иймд 1980 оны 6 дугаар сараас 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Сайнцагаан сумын “Мандах нэгдэл”-д малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.

Би 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс Дундговь аймгийн ахуй үйлчилгээний удирдах газарт /хуучин нэрээр/ жолоочоор орж ажиллаж байтал 1991 оны 4 дүгээр сард уг байгууллага маань бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж “Мандалговь хотын хот тохижилт Нийтийн аж ахуйн трест” гэдэг нэртэй болсон билээ. Ингээд миний хувьд ажилд орсон газар маань “Дундговь аймгийн ахуй үйлчилгээний удирдах газар” юм. Харин ажлаас чөлөөлөгдөх үеийнх болохоор “Мандалговь хотын хот тохижилт нийтийн аж ахуйн трест”-ийн тамгатай тушаалын хуулбарыг нотлох баримт болгон нэхэмжлэлдээ хавсаргасан. Иймээс 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн ахуй үйлчилгээний удирдах газарт жолоочоор, 1991 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Мандалговь хотын хот тохижилт нийтийн аж ахуйн трестэд жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Б.Б-ын 1980 оны хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр дээрх тамга тэмдэг зөрүүтэй дарагдсан, ажиллаж байсан үеийн бичиг баримтууд архивд хадгалагдаагүй байх тул уг үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

Б-ийн Б нь 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Сайнцагаан сумын “Мандах нэгдэл”-д малчнаар, 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн ахуй үйлчилгээний удирдах газарт жолоочоор, 1991 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Мандалговь хотын хот тохижилт нийтийн аж ахуйн трестэд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 41 дугаартай албан бичиг /хэргийн 4-р хуудас/

- Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 33 дугаартай тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/

- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 08/62, 08/63, 08/64 дугаартай албан бичиг  /хэргийн 7-9-р хуудас/

- Б.Б-ын 209766 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 10-11-р хуудас/

- Гэрч Ц.Б-ын “...Б.Б нь 1980 онд илгээлтээр гараад Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар 1983 он хүртэл цэрэгт явтлаа ажилласан. Цэргээс ирээд Дундговь аймгийн ахуй үйлчилгээний төвд жолоочоор ажиллаж байсан. Би 1970 оноос 1983 он хүртэл мал маллаж байгаад Дундговь аймгийн төвд орж ирсэн. Ахуй үйлчилгээний удирдах газар, хот тохижилт хоёр нийлж нэг байгууллага болж байсан. Тэгэхэд Б ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 21-р хуудас/

- Гэрч Д.Д-ны “...Б.Б  нь 1980 онд илгээлтээр гарч намайг Дундговь аймгийн Мандах нэгдлийн тоо бүртгэгч байхад малчнаар ирж байсан. Б нь Мандах нэгдэлд 2-3 жил ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс ирээд 1986-1990 он хүртэл Дундговь аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт жолоочоор ажиллаж байсан. Би Мандах нэгдэлд 1993 оныг дуустал ажилласан. Нийтийн ахуй үйлчилгээний газар нь Хот тохижилт нийтийн ахуй үйлчилгээний трест болж нэр нь өөрчлөгдсөн юм...”  гэх мэдүүлэг /хэргийн 22-р хуудас/

- Гэрч Ц.Г-ын “...Б.Б  нь 1980 онд хөдөө илгээлтийн эзнээр гараад Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн Наран бригадад 1980 оноос 1983 он хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд 3 жилийн хугацаагаар явсан. Цэргээс халагдаж ирээд 1986 оноос хойш аймгийн нийтийн ахуй үйлчилгээнд жолоочоор ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 23-р хуудас/

- Мандалговь хотын хот тохижилт нийтийн аж ахуйн трестийн даргын 1991.06.04-ний өдрийн 60 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 26-р хуудас/

- Дундговь аймгийн ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1987.09.21-ний өдрийн 226 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 26-р хуудасны ар талд/ зэрэг баримтууд болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б-ийн Б-ийг 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Сайнцагаан сумын “Мандах нэгдэл”-д малчнаар, 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн ахуй үйлчилгээний удирдах газарт жолоочоор, 1991 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Мандалговь хотын хот тохижилт нийтийн аж ахуйн трестэд жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ