Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/240

 

2023/ШЦТ/240

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: А.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э

Шүүгдэгч: Н.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Нын Тод холбогдох 2212.............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 4, эмээ, ээж, дүү нарын хамт ...........аймгийн .............сумын .......... багийн ............ гэх газарт оршин суух, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, тус шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 capын хугацаагаар хорих ял, мөн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Ө овогт Нын Т /РД:.........../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэр Сансар хорооллын Задгайд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Захиргааны байранд хүргэж өгсөнгүй” гэх шалтгаанаар Т.Бийг засварын түлхүүрээр толгой тус газар нь цохиж, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2212................... дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Бийн мэдүүлсэн: ...2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн орой би Т гэх хүнд зодуулчихаад өөрийн ээж болох Бтай Өлзийт сумын эрүүл мэндийн төвд очиж Т гэх эмчид үзүүлчихээд Цагдаагийн байгууллагад хандсан юм. Хэсгийн төлөөлөгч намайг маргааш өглөө эрт аймгийн төв явж шүүх эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өглөө эрт Өлзийт сумаас гараад Архангай аймгийн төв орж Шүүх шинжилгээний шинжээчид үзүүлээд тухайн өдөр буцаад хүрээд ирсэн. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр унтаж байгаад 12 цагийн үед сэрээд Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бишрэлт гүн” дэлгүүрт очиж тамхи худалдаж авсан. Тухайн дэлгүүрийн худалдагч миний төрсөн дүү Цэцэгээ ажилладаг юм. Дэлгүүрээс тамхи авчихаад шууд гэртээ очиж гэрээ цэвэрлэж хашаан доторх зарим зүйлсийг янзалсан юм. Орой 18 цагийн үед гэрээс гараад “Хөшөө цайдам” гэх дэлгүүр орох гэж яваад Т гэх хүнд зодуулсан юм. Багажны түлхүүр байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Бын мэдүүлсэн: ...Би 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн үед өөрийн гэр болох Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн Сансарын 09 дүгээр гудамжны 05 тоотод байхдаа төрсөн хүү болох Бийг дэлгүүр рүү явуулсан юм. Төд удалгүй Б гаднаас нүүр нь цус болсон байдалтай орж ирсэн юм. Би юу болсон талаар асуухад Т намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд хүүхдээ дагуулаад цагдаа дээр ирээд улмаар эмнэлэг явч үзүүлсэн. Б, Т 2 ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдэхгүй байна. Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хамрандаа 2 оёо тавиулах шаардлагатай гэж хэлсэн. Одоо хамар чинь хавдартай учир маргааш өглөө хүрч ир гэж эмч хэлсэн. Хүний эх эмч Т гэх эмчид үзүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Тгийн мэдүүлсэн: ...2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би Эрүүл мэндийн төвд ажиллаж байсан. Тухайн өдөр нилээн ачаалал ихтэй өдөр байсан юм. Б гэх хүн орж ирээд хүнд зодуулчихлаа гээд эмнэлгийн тусламж авсан. Намайг зодоод багажны түлхүүрээр хамрыг нь сэтэлчихсэн гэж надад ярьсан. Би шархыг нь цэвэрлээд 2 оёдол тавьж, халдвараас сэргийлэх зорилгоор антибиотик өгч шархаа хэрхэн цэвэрлэх талаар зөвлөгөө өгсөн. Бийн хамар хэсэг нь сэтэрчихсэн байсан. Тухайн өдөр ачаалал ихтэй байсан учир биед ил харагдах гэмтэл шарх анзаараагүй эсвэл санахгүй байгаа байх. Бусдаар бол биеийн байдал тогтвортой байсан. Бийн хамраас цус гарсан байдалтай, шинэ шарх харагдсан юм. Тухайн шарх хэрвээ удаад хэд хоносон бол буцаагаад оёх боломжгүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Тын мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 423 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Т.Бийн биед хамрын үзүүрт язарсан шарх, хүзүүний зүүн хажууд зураасан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Хамрын үзүүрт язарсан шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний зүүн хажууд зураасан зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 17-18 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэр Сансар хорооллын Задгайд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Захиргааны байранд хүргэж өгсөнгүй” гэх шалтгаанаар Т.Б нь засварын түлхүүрээр толгой тус газартаа цохиулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Т нь Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэр Сансар хорооллын Задгайд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Захиргааны байранд хүргэж өгсөнгүй” гэх шалтгаанаар Т.Бийг засварын түлхүүрээр толгой тус газар нь цохиж, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

хохирогч Т.Бийн мэдүүлсэн “2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн орой би Т гэх хүнд зодуулчихаад өөрийн ээж болох Бтай Өлзийт сумын эрүүл мэндийн төвд очиж Т гэх эмчид үзүүлчихээд Цагдаагийн байгууллагад хандсан юм. Хэсгийн төлөөлөгч намайг маргааш өглөө эрт аймгийн төв явж шүүх эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өглөө эрт Өлзийт сумаас гараад Архангай аймгийн төв орж Шүүх шинжилгээний шинжээчид үзүүлээд тухайн өдөр буцаад хүрээд ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

гэрч Ш.Бын мэдүүлсэн “Би 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн үед өөрийн гэр болох Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн Сансарын 09 дүгээр гудамжны 05 тоотод байхдаа төрсөн хүү болох Бийг дэлгүүр рүү явуулсан юм. Төд удалгүй Б гаднаас нүүр нь цус болсон байдалтай орж ирсэн юм. Би юу болсон талаар асуухад Т намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд хүүхдээ дагуулаад цагдаа дээр ирээд улмаар эмнэлэг явч үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,

гэрч А.Тгийн мэдүүлсэн “2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би Эрүүл мэндийн төвд ажиллаж байсан. Б гэх хүн орж ирээд хүнд зодуулчихлаа гээд эмнэлгийн тусламж авсан. Намайг зодоод багажны түлхүүрээр хамрыг нь сэтэлчихсэн гэж надад ярьсан. Би шархыг нь цэвэрлээд 2 оёдол тавьж, халдвараас сэргийлэх зорилгоор антибиотик өгч шархаа хэрхэн цэвэрлэх талаар зөвлөгөө өгсөн. Бийн хамар хэсэг нь сэтэрчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

мөрдөн байцаалтын шатанд Н.Тын яллагдагчаар мэдүүлсэн “Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/,

хохирогч Т.Бийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 423 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Н.Т нь гэм буруутай байна.

Иймд шүүгдэгч Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Т нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Н.Т нь Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэр Сансар хорооллын Задгайд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Т.Бийг засварын түлхүүрээр толгой тус газар нь цохиж, зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Тод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Н.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Тод нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Т.Б нь хохиролтой холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Т нь энэ хэрэгт 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 7 /долоо/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 56 цагийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Т нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан засварын түлхүүр 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт Нын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тын цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 56 цагийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан засварын түлхүүр 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч Н.Т нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Т.Б нь бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Тод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ