Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 89

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 139/ШШ2020/00089

Дундговь аймаг

 

 

 

 

         

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

Б-ийн Ц-ийн нэхэмжлэлтэй,

Т-ын Ш-д  холбогдох 7.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Ц  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Ш  нь 2019 оны 8 дугаар сард байрны урьдчилгаа мөнгө хүнээс зээлсэн байсан нэхэгдээд сандарч байна. Хурдан буцааж өгнө, мөнгө зээлүүлж туслаач гэж гуйхаар нь тухайн үед надад мөнгө байгаагүй тул банкнаас зээл асууж, хөөцөлдөж, урьдах зээлээ хаавал 6.500.000 төгрөгийн зээл л надад олдох боломжтой байна гэдгийг хэлэхэд тэрээр зээл авч өгөөч, маш хурдан хугацаанд буцааж төлнө гэж хэлсэн. Ингээд би 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр  Хас банкнаас хадгаламж барьцаалсан зээлийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаатай авч урьдах зээлээ хаагаад үлдэгдэл 6.500.000 төгрөгийг түүний ХААН банкны 5360278742 тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл Т.Ш нь огт төлөхгүй, утсаар ярьж шаардах бүрд шалтаг тоочсоор, сүүлдээ утсаа авахгүй, ажил дээр нь очоод уулзах боломжгүй байсан тул дээрх зээлийн гэрээний хугацааг сунгуулсан. Миний хувьд түүнд сандарч тэвдсэн үед нь сэтгэл гаргаж хадгаламж барьцаалсан зээл хийж өгч тусалж байхад хэлсэн хугацаандаа өгөхгүй, өгье гэж хичээхгүй байгаа тул зээл 6.500.000 төгрөг, зээлийн төлөлт хийж хохирсон 550.000 төгрөгийн хамт нийт 7.050.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д , хариуцагч Т.Ш нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Гэрээний 1.1-д заасан Сайнцагаан сумын 7 дугаар багийн иргэн Б.Ц нь 7.050.000 төгрөг гаргуулах, гэрээний 2 дахь заалтын 2.1-д хариуцагч тал энэ гэрээний 1.1-д заасан шаардлагыг хүлээн зөвшөөрч, 6.200.000 төгрөгийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн болно. 2.2-т Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 850.000 төгрөгийг хариуцагч тал нь нэхэмжлэгч талд 2020 оны 4 дүгээр сарын 10-ны дотор хүлээлгэн өгөхөөр тохиролцов гэжээ.

           

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Ц нь Т.Ш-аас 7.050.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Ц  нь нэхэмжлэлийн шаардлага болох 7.050.000 төгрөгийг хариуцагч Т.Ш  нь төлөхийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас 6.200.000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр төлж, үлдэх 850.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны дотор нэхэмжлэгч Б.Ц-д төлж барагдуулах талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагч Т.Ш нар эвлэрлийн гэрээг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр байгуулж зохигч эвлэрсэн байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч Т.Ш  нь нэхэмжлэлийн шаардлага 7.050.000 /долоон сая тавин мянган/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 6.200.000 /зургаан сая хоёр зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Ц-д бэлнээр хүлээлгэн өгч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 850.000 /найман зуун тавин мянган/ төгрөгийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны дотор нэхэмжлэгчид төлөхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 63875 төгрөг, улсын орлогоос 63875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127750 төгрөгийн үлдэх хэсгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

            ШҮҮГЧ                        З.ГАНЧИМЭГ