Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/374

 

 

 

 

 

 

 

 

 

  2023        10              24                                    2023/ШЦТ/374

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Х

Улсын яллагч Ж.Б

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-т холбогдох эрүүгийн 2325000000459 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б.Т

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 08 дугаар сарын 24-25-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг СU сүлжээ дэлгүүр дотор Э.Э-г шалтгаангүйгээр өвдгөөрөө бэлэг эрхтэн рүү нь өвдөглөж, хохирогчийн эрүүл мэндэд нь тээрхийд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, хохирол төлсөн. Дансаар 500 000 төгрөг, бэлнээр 500 000 төгрөг төлсөн.” гэв.

 

Хохирогч Э.Э  “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-н 7-12-р тал/

2. Хохирогч Э.Э ын “Миний бие Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **** үйлчилгээний газарт зөөгчөөр ажилладаг юм. 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өглөө 09 цагийн үед ажилдаа яваад тухайн өдөр ажил дээрээ байж байгаад шөнийн 00 цаг 20 минутын үед ажлаасаа буусан. Ингээд гэртээ харих замаараа Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг СU нэртэй 24 цагийн дэлгүүрт ороод хоол идээд хэсэг хугацаанд суусан. Би чихэндээ чихэвч зүүгээд дуу сонсоод сууж байтал гаднаас үл таних залуу орж ирээд миний хажууд ирээд юм ярих шиг болсон. Би чихэвчтэй байсан болохоор сонсоогүй. Чихэвчээ авсан чинь уг залуу намайг чи хэгжүүрхсэн, босоод ир гэж хэлэхээр нь би боссон чинь хүссэн юмаа ав гээд байхаар нь би яахын бэ гэж хэлсэн чинь авахгүй бол ална шүү гэж хэлэхээр нь би айсандаа болоод очиж савтай бэлэн гоймон аваад буцаад ирсэн чинь эхлээд өвдгөөрөө миний бэлэг эрхтэн рүү өвдөглөж, намайг газарт унагааж босгосон. Энэ үед дэлгүүрийн хамгаалагч орж ирээд болиулсан. Ингээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний танихгүй залуу байсан. Яагаад намайг зодсоныг мэдэхгүй байна, би түүнд ямар нэгэн зүйл хэлээгүй. Тухайн үед зодуулсны улмаас би бэлэг эрхтний гадна арьсанд оёдол тавиулсан. Маргаашаас нь эхэлж 4 өдөр боолт хийлгэсэн. Шүүхийн шинжилгээний газарт үзүүлсэн. Цагдаагийн газарт 4 удаа очиж ирэхэд таксидсан. Булган аймгаас мөн таксигаар ирсэн. Нийтдээ 100.000 төгрөгийн зардал гараад байна. Надад ямар нэгэн гаргаж өгөх баримт байхгүй байна. Мөн сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх хүсэлтэй байна. Уг залуу миний толгой руу гараараа цохих, алгадах, газар унагаах, хөлөөрөө өшиглөх, тухайн дэлгүүрийн ширээ, сандал дээр унагаах, газар унагааж чирэх зэргээр зодож, цохьсон” гэх мэдүүлэг. /хх-н 15, 17-р тал/

3. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт. /хх-н 18-р тал/

4. Гэрч Б.Б-ий  “2023 оны 08 дугаар сарын 25-ны шөнө намайг ажил дээрээ байх үед үл таних нэг залуу орж ирээд хаалганы хажуу талын сандал дээр сууж байсан. Тухайн залуу нэлээн удаан манай дэлгүүрт суусан 05 цаг хүртэл байх. Энэ үед гаднаас үл таних хоёр залуу орж ирээд уг үл таних хоёр залуугийн өндөр нуруутай, том биетэй эрээн цамцтай залуу нь сандал дээр сууж байсан залууг муухай хараад байна, танилцъя, сууж байгаад танилцдаг юм уу, монгол хүн шиг босож ирээд танилцаач” гэх мэт үг хэлээд байсан, сандал дээр сууж байсан залуу босох үед түүнийг гараараа нүүр луу нь алгадах маягтай цохиж байсан. Эрээн цамцтай залуу сандал дээр сууж байсан гэх залууг дэлгүүрээс юм ав гэж хэлээд дэлгүүрийн шалан дээгүүр чирж, хөлөөрөө өшиглөөд, татаж шалан дээр унагаагаад байсан. Шалтгаангүйгээр л уг залууг дэлгүүр дотор зодоод, чирээд, дэлгүүрийн ширээний дээр унагаах зэргээр зөндөө олон удаа зодож, цохьсон. Энэ үед би хамгаалагч дуудсан, бас хариуцаж байсан менежертээ хэлээд цагдаа дуудуулсан юм. Удалгүй цагдаа нар ирээд тухайн хоёр залууг аваад явсан” гэх мэдүүлэг. /хх-н 20-р тал/

5. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №744 дугаартай “Э.Э ын биед тээрхийд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-н 23-24-р тал/

6. Яллагдагч Б.Т-ын “Би уг залууг дэлгүүрээс ямар нэгэн зүйл ав би чамд аваад өгье гэсэн чинь үгүй гээд байхаар нь би зодож цохьсон байсан. Би тухайн үед виски ууж маш их согтсон байсан болохоор уг үйлдлийг хийсэн” гэх мэдүүлэг. /хх-н 31-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 08 дугаар сарын 24-25-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг СU сүлжээ дэлгүүр дотор Э.Э-г шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь тээрхийд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Э.Э ын өгсөн “эхлээд өвдгөөрөө миний бэлэг эрхтэн рүү өвдөглөж, намайг газарт унагааж босгосон. Уг залуу миний толгой руу гараараа цохих, алгадах, газар унагаах, хөлөөрөө өшиглөх, тухайн дэлгүүрийн ширээ, сандал дээр унагаах, газар унагааж чирэх зэргээр зодож, цохьсон” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ий  “үл таних хоёр залуугийн өндөр нуруутай, том биетэй эрээн цамцтай залуу нь сандал дээр сууж байсан залууг муухай хараад байна, танилцъя, сууж байгаад танилцдаг юм уу, монгол хүн шиг босож ирээд танилцаач гэх мэт үг хэлээд байсан. Сандал дээр сууж байсан залуу босох үед түүнийг гараараа нүүр луу нь алгадах маягтай цохиж байсан. Эрээн цамцтай залуу сандал дээр сууж байсан гэх залууг дэлгүүрээс юм ав гэж хэлээд дэлгүүрийн шалан дээгүүр чирэх хөлөөрөө өшиглөөд, татаж унагаагаад байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №744 дугаартай дүгнэлт, яллагдагч Б.Т-ын  “Би уг залууг дэлгүүрээс ямар нэгэн зүйл ав би чамд аваад өгье гэсэн чинь үгүй гээд байхаар нь би зодож цохьсон байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Т нь 2023 оны 08 дугаар сарын 24-наас 25-нд шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг СU сүлжээ дэлгүүрт Э.Э-г шалтгаангүйгээр бэлэг эрхтэн рүү нь өвдөглөж, хохирогчийн эрүүл мэндэд нь тээрхийд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна

            Шүүгдэгч Б.Т нь санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас Э.Э ын эрүүл мэндэд тээрхийд шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд 1 сая төгрөгийн хохирол төлөгдсөн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын санал үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Б-ын Төгс-О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 1 000 000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС