Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 90

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 139/ШШ2020/00090

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: О-ын Г-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 55 нас хүрч байна. Улсад нийт 20 жил ажилласан, үүнээс 1981 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Эрдэнэдалай сумын “Хөгжил нэгдэл” хувьцаат компанид бог мал маллаж байсан. 1991 оны хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, 1981 оны хөдөлмөрийн дэвтэр нь тамга тэмдэггүй, бичилт бүдгэрсэн, шаардлага хангахгүй байгаа тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаалууд, цалингийн цэсүүдийг үндэслэн 1981 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил нэгдэл” хувьцаат компанид бог мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Г  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

О.Г-т 1981 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр нь бичилт дутуу, тамга тэмдгийн зөрчилтэй, мөн 1991 онд олгосон хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдсэн тул уг үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

О.Г  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 1981 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил нэгдэл” хувьцаат компанид бог мал маллаж байсныг тогтоолгох нэхэмжлэл гаргасан хэдий ч тэрээр 1982 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 491 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, цэргийн алба хаагаад мөн сайдын 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 364 дугаар тушаалаар 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдөр цэргээс халагдаж ирсэн болох нь Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын газрын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05/4767 дугаартай албан бичгээр нотлогдож байна.

Цэргийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “хугацаат болон цэргийн гэрээт алба хаасан хугацааг иргэний ажилласан жилд тооцно” гэж заасны дагуу О.Г-ын хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь түүний ажилласан жилд хуулиар тооцогдох тул шүүхээр тогтоолгох шаардлагагүй гэж үзэж дээрх хугацааг хасаж тооцсон болно.

овогт О-ын Г  нь 1981 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл, мөн 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 31 дугаартай албан бичиг /хэргийн 4-р хуудас/

- Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын лавлагааны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05/4767 дугаартай албан бичиг /хэргийн 5-р хуудас/

- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 08/46 дугаартай албан бичиг /хэргийн 6-р хуудас/

- О.Г-т 1981.01.09-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 7-9-р хуудас/

- Гэрч С.Ц-ын “...О.Г  нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад 1981 оны 1 дүгээр сараас 1992 оныг дуустал төллөх мал маллаж байсан нь үнэн. Би Далай бригадад нь 1980-1992 оныг дуустал ажилласан....” гэх мэдүүлэг /хэргийн 17-р хуудас/

- Гэрч Ц.Ё-ийн “...О.Г  нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад 1981 оны 1 сараас 1992 оныг дуустал малчнаар ажилласан. Би Хөгжил нэгдэл болон компанид тартал нь 1977 оноос 1992 он хүртэл ажилласан...”  гэх мэдүүлэг /хэргийн 18-р хуудас/

- Гэрч Л.С-ийн “...О.Г  нь 1981 оны 1 сараас 1992 оныг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад бог мал малласан. Би Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад 1975-1981 он хүртэл мал маллаж байгаад 1981 оноос хойш 1993 он хүртэл Хөгжил нэгдлийн Сангийн далай бригадад мал малласан...” гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О-ын Г-ыг 1981 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл, мөн 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн  шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ