Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
Хэргийн индекс | 139/2020/00018/и |
Дугаар | 91 |
Огноо | 2020-02-07 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 91
2020 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 139/ШШ2020/00091 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д-ийн Б нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1959 онд төрсөн, эрэгтэй, энэ онд 60 нас хүрнэ. Улсад нийт 23 жил ажилласан. Үүнээс 1974 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, мөн 1981 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл Хөдөлгөөн нэгдэлд малчин, 1985 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэл, Нэгдмэл хөдөлгөөн ББХК-д тус тус тракторын жолоочоор ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэг, тушаал нөхөж бичсэн зөрчилтэй, бичилт шаардлага хангахгүй байгаа. Тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, 1974, 1986 онд олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1985 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн даргын тушаал зэрэг баримтыг үндэслэн 1974 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1981 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчин, 1985 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэл, Нэгдмэл хөдөлгөөн ББХК-д тус тус тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Д.Б-д 1974 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр нь тамга тэмдгийн зөрчилтэй, мөн 1986 онд тус нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр нь тушаал зөрчилтэй байх тул уг үйл явдлыг батлах баримт бичгийг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.
Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 1974 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл Хөдөлгөөн нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоолгох нэхэмжлэл гаргасан хэдий ч тэрээр 1978 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын н/137 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, цэргийн алба хаагаад мөн сайдын 1981 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн н/109 дугаар тушаалаар 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цэргээс халагдаж ирсэн болох нь Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын газрын 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 10578 дугаартай албан бичгээр нотлогдож байна.
Цэргийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “хугацаат болон цэргийн гэрээт алба хаасан хугацааг иргэний ажилласан жилд тооцно” гэж заасны дагуу Д.Б-ны хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь түүний ажилласан жилд хуулиар тооцогдох тул шүүхээр тогтоолгох шаардлагагүй гэж үзэж дээрх хугацааг хасаж тооцсон, мөн Д.Б-д 1978 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл Хөдөлгөөн нэгдлээс цалин олгосон болох нь Д.Б-ны хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтээр тогтоогдож байх тул түүний уг нэгдэлд ажилласан хугацааг 1974 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1978 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажилласанд тооцох нь зүйтэй байна.
Д-ийн Б нь 1974 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1978 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл, мөн 1981 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 17-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчнаар, 1985 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
- Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 498 дугаартай албан бичиг /хэргийн 3-р хуудас/
- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08/739 дугаартай албан бичиг /хэргийн 4-р хуудас/
-Д.Б-д 1986.11.12-ны өдөр олгосон 163589 дугаартай хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа /хэргийн 5-р хуудас/
- Д.Б-д 1974.04.24-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлээс олгосон Хөдөө аж ахуйн гишүүний хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа /хэргийн 6-р хуудас/
- Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 10578 дугаартай албан бичиг /хэргийн 7-р хуудас/
- Гэрч Р.Б-ийн “...Д.Б нь Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1974 онд сургууль төгсөөд илгээлтээр гарч 1978 он хүртэл малчин байсан. Цэрэгт яваад 1981 онд ирсэн. Цэргээс ирээд Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1985 он хүртэл мал малласан. 1985-1995 он хүртэл Дэлгэрцогт сумын нэгдэлд тракторчноор ажилласан. Би 1982 онд цэргээс ирээд Найрамдал нэгдэлд хувьчлал болох хүртэл малчин байсан....” гэх мэдүүлэг /хэргийн 15-р хуудас/
- Гэрч Г.Ц-ийн “...Д.Б нь 1981 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1985 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд болон Нэгдмэл хөдөлгөөн ББХК-д тракторчноор ажиллаж байсан. Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэл 1993 онд Нэгдмэл хөдөлгөөн ББХК болсон. Би тус нэгдэл болон компанид 1980 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1996 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл малчин байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 17-р хуудас/
- Гэрч Н.Э-ын “...Би Д.Б-ны төрсөн дүүтэй нэг ангид байсан. Мөн нутаг ойр нутагладаг байсан учраас мэднэ. Д.Б нь тракторын Б гэвэл анддаггүй байсан. Д.Б нь миний мэдэхээр 1984, 1985 оны үед Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд тракторчноор ажиллаж байсан. Сүүлд нэгдэл компани болоход мөн ажилласан. Оныг нь сайн санахгүй байна.Би 1988 онд ОХУ-аас сургуульд суралцаж ирээд Дэлгэрцогт суманд багш, дараа нь цэрэгт яваад цэргээс ирээд Дэлгэрцогт сумын холбооны салбарын эрхлэгч, малчин, багийн засаг даргын ажлыг 2000 он хүртэл хийсэн. Тиймээс Б гэж хүнийг Дэлгэрцогт суманд ажиллаж амьдарч байсныг мэднэ ..” гэх мэдүүлэг /хэргийн 18-р хуудас/
-Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 3/54 тоот албан бичиг, цалингийн тодорхойлолтын хамт /хэргийн 19-118-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д-ийн Б-ийг 1974 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1978 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл, мөн 1981 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчнаар, 1985 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэл, /Нэгдмэл хөдөлгөөн” ББХК/-д тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ