Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/382

 

 

 

 

 

 

 

 

 

2023          10                30                                     2023/ШЦТ/382

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Ж.Б

Шүүгдэгч Э.Б  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б д холбогдох эрүүгийн 2325000000475 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Э.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Г.У-н эзэмшлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 16 цаг 00 минутад тус виза картыг ашиглан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүрэнбулаг тооцооны төвийн АТМ-аас 1 000 000 төгрөгийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлсөн” гэв.

 

Хохирогч Г.У “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-н 6-8-р тал/

2. Хаан банкны ******* тоот Г-н У-н эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа. /хх-н 4-р тал/

3. Хохирогч Г.У-н  “Би 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн хаан банкны *******    тоот дугаарын виза картаа гээгдүүлсэн юм. Тэгтэл 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 16 цагт уг данснаас маань 1.000.000 төгрөгийн зарлага гарсан учраас би Цагдаагийн байгууллагад хандаж байна. Би хаалгаагүй байж байгаад өнөөдөр 1.000.000 төгрөгийн зарлага гарахаар нь Хүрэнбулаг Хаан банкинд очиж хаалгуулсан. 0422 гэсэн кодтой надаас өөр төрсөн дүү Х 10 настай, манай төрсөн охин Н 8 настай өөр хүн мэдэхгүй. Надад ямар нэгэн сэжиглэж байгаа хүн байхгүй. Найз Ж , Ж-н  нөхөр Г , Э.Б  нарын хамтаар бид дөрөв 2023.08.27-ны өдөр орой 21 цагийн орчимд манай Уртынгол багийн Баянталын 18-1а тоот хаягтай хашаан дотор байрлах байшинд очиж хэсэг суухаар болсон бөгөөд тухайн үед би өөрийн эзэмшлийн **-** ОРА улсын дугаартай Тоёота филтер маркийн тээврийн хэрэгслээ жолоодон явахад жолоочийн эсрэг талын урд талын суудалд Э.Б , ард талын суудалд Ж  нөхрийн хамт сууж явсан. Тэгээд Уртын гол багийн нутаг дэвсгэрт байрлах Намуун-далай хүнсний дэлгүүр орж 3 том савлагаатай пиво авахаар болж би гар утасныхаа ард талд байсан Хаан банкны *******    дугаартай дансны виза картыг гаргаж ирэхэд Ж  яах юм бэ, би төлье гээд ганцаараа дэлгүүр лүү явж орсон. Энэ үед би банкны виза картаа машины голын аяга хийдэг хэсэгт ил тавьчихсан юм. Тэгээд бид нар манайд очиж авсан пивонүүдээ ууж дуусахад Э.Б гэртээ харилаа гээд ганцаараа яваад өгсөн. Харин Ж нөхрийн хамт манайд хоносон. Маргааш нь би гадуур явж байгаад виза картаараа худалдан авалт хийх гээд машиндаа виза картаа хайсан боловч байхгүй болохоор нь нээх юм бодолгүй гэрт байгаа байх гэж бодоод тоогоогүй орхисон байж байгаад виза картаа ашиглахгүй байсан болохоор хаана байгааг нь мартчихсан, хайгаагүй юм. Тэгээд байж байтал 2023.09.06-ны өдөр 4,000,000 төгрөгийн орлогын гүйлгээний мессеж ирээд 1,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээний мессеж ирэхээр нь шууд Хаан банкин дээр очиж юу болоод байгааг тодруулахад АТМ-аас зарлага хийгдсэн байна гэж хэлэхээр нь үлдэгдэл 3,465,000 төгрөгийг ээж Г-н данс руу шилжүүлэн хадгалсан. Тэгэхээр би 2023.08.27-ны өдрөөс хойш нэг ч удаа банкны виза картаа ашиглаагүй болохоор тухайн өдөр машин дотор байхад Э.Б надад хэлэлгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэж бодож байна. Би түүнд банкны виза картаа огт өгөөгүй, тухайн өдөр пиво уухад бүгд согтоогүй, болсон үйл явдлыг маш сайн санаж байна. Хяналтын камерын бичлэгийг харахад манай найз Э.Б байна. Тухайн үед жирэмсэн байсан. Э.Б бид хоёр одоогоос гурван жилийн өмнө найз Сарантунгалагаар дамжуулан танилцаж байсан. Ойр дотно харилцаатай. Э.Б бид хоёр хамт явж байхдаа би банкны виза картаа түүнд өгөхдөө нууц үгийг нь хэлж дэлгүүрээс юм авхуулж байсан тохиолдол олон, мөн хажууд нь би өөрөө нууц үгээ хэлж гүйлгээ хийхэд хүнд битгий хэлж бай гэдэг байсан. Тэгээд миний виза картын  нууц үгийг мэдсэн. Урьд өмнө найзуудаараа суугаад юм ярьж байхад хүүхдийнхээ төрсөн өдрийг бүх зүйлийнхээ нууц үг дээр хийдэг гэж хэлж байсан. Би өөрийн хохирол болох 1,000,000 төгрөгийг Э.Б аас авчих юм бол гомдолгүй. Өөр гаргах санал, хүсэлт байхгүй. Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй” гэх мэдүүлэг. /хх-н 16, 17, 19-р тал/

4. Гэрч А.С-н Би У-той  2013 оноос хойш эхлэн найзалж байна. Үеэлүүд. 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны виза картаас маань 1.000.000 төгрөгний зарлага гарчихлаа гэхдээ би виза картаа хаана гээгдүүлсэн талаар мэдэхгүй байна гэж хэлж байсан. Тухайн үед манайд У , Б нар хоол идчихээд 21 цаг өнгөрч байхад харьцгаасан. Би виза картыг харж байсан ногоон өнгөтэй карт байсан. Би У-н  виза картыг мэдэхгүй. Би У-н  виза картны кодыг мэдэхгүй учраас Б-д тийм зүйл хэлсэн байх боломжгүй. Би 2009 онд Завхан аймгийн Отгон сумын сургуульд Б-тай нэг ангид суралцдаг байсан. Түүнээс хойш одоог хүртэл найзууд. Өдөр 13 цагаас 14 цагийн хооронд чатаар видео колл хийж ярилцахад гэртээ байж байсан. Тэгээд 15 цагийн үед /******/ дугаарын утас руу залгаж манайд ирж хоол идээрэй гэж хэлэхэд гэртээ байна гэж хэлж байсан. Тэгээд 20 цагийн үед Б, У нар манайд ирсэн. 2023 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр ээжийнх нь дүү бие нь муудаад Завхан аймгаас Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэх гээд Улаанбаатар хотод ирчихсэн байгаа гэж хэлж байсан. 2020 оноос хойш найзалж нөхөрлөж байгаа. Хоорондоо гайгүй харилцаатай байдаг. Би дүрс бичлэгийг үзлээ манай найз болох Э.Б байна. Манай найз өнөө маргаашгүй төрөх гэж байгаа жирэмсэн тэгээд гэдсээр нь, өмсөж байгаа хувцас, алхаж байгаа явдал зэргээр нь би Б-ыг таньсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 22, 23-р тал/

5. Яллагдагч Э.Б ын “Намайг хохирогч Г.У-н эзэмшлийн Хаан банкны виза картыг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 16 цаг 00 минутад тус виза картыг ашиглан Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах тооцооны төвийн АТМ-аас 1,000,000 төгрөгийг хууль бусаар авч хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Г.У , Ж , Ж-н  нөхөр бид дөрөв 2023 оны 08 дугаар сарын сүүл үед Г.У-н  гэрт очиж айраг болон пиво уун сууж байхад Г.У үүдний таамбарын ширээнд гар утасныхаа хамт банкны виза картыг үлдээчихээр нь байнга виза картаа хаядаг болохоор нь гар утсыг нь өгөөд виза картыг нь өөрт авч тоглож байгаад эргүүлээд өгье гэж бодон өөрт авч би гэртээ харьсан. Тэгээд хэд хоног болоход Г.У надаас виза карт ч асуухгүй байсан, би ч авсан гэдгээ мартчихсан байсан. Тэгээд 2023.09.06-ны өдөр Хүрэнбулаг багт байрлах Хаан банкны АТМ орж Г.У-н виза картыг шалгахад мөнгө байхаар нь 1,000.000 төгрөгийг аваад тоглож байгаад орой нь уулзаж өгье гээд бодоод орой нь Г.У-той  уулзсан чинь миний данснаас 1,000,000 гарчихсан, цагдаад хандсан байгаа мэдүүлэг өгчихлөө гэхээр нь би гэнэт айгаад яах учраа олохгүй тэгээд хэлж ч чадахгүй мөнгөө өгөөгүй юм. Учир нь хэлбэл надад итгэхгүй байх гэж бодсон. Тэгээд өөр дээрээ хоёр гурван хоног байлгаж байгаад Согоот багт байрлах төв Хаан банкны теллерээр дамжуулан ээжийн дүүгийн эмчилгээнд түүний хүүхдийн данс руу шилжүүлчихсэн. Надад итгэхгүй байх гэж айсандаа мөнгийг өгөхгүй өөрт хэрэглэж бусдад руу шилжүүлэн өгсөн. Өөрийнхөө данс руу хийгээгүй. Г.У бид хоёр найзууд дундаа их ойр байдаг болохоор виза картаа надад өгч дэлгүүрээс юм авхуулж байсан болохоор нууц кодыг нь мэдэж байсан юм” мэдүүлэг. /хх-н 37-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Б  нь Г.У-н  эзэмшлийн Хаан банкны виза картыг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 16 цаг 00 минутад тус виза картыг ашиглан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүрэнбулаг тооцооны төвийн АТМ-аас 1 000 000 төгрөгийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, Хаан банкны *******    тоот Ганртулгын У-н  эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа, хохирогч Г.У-н  “Хяналтын камерын бичлэгийг харахад манай найз Э.Б  байна, тухайн үед жирэмсэн байсан, би банкны виза картаа түүнд өгөхдөө нууц үгийг нь хэлж дэлгүүрээс юм авхуулж байсан тохиолдол олон, мөн хажууд нь би өөрөө нууц үгээ хэлж гүйлгээ хийхэд хүнд битгий хэлж бай гэдэг байсан, тэгээд миний виза картын нууц үгийг мэдсэн” гэх мэдүүлэг, гэрч А.С-н Би дүрс бичлэгийг үзлээ манай найз болох Э.Б  байна. Манай найз өнөө маргаашгүй төрөх гэж байгаа жирэмсэн. Тэгээд гэдсээр нь, өмсөж байгаа хувцас, алхаж байгаа явдал зэргээр нь би Быг таньсан” гэх мэдүүлэг, яллагдагч Э.Б ын “Надад итгэхгүй байх гэж айсандаа мөнгийг өгөхгүй өөрт хэрэглэж бусдад руу шилжүүлэн өгсөн. Өөрийнхөө данс руу хийгээгүй. Г.У   бид хоёр найзууд дундаа их ойр байдаг болохоор виза картаа надад өгч дэлгүүрээс юм авхуулж байсан болохоор нууц кодыг нь мэдэж байсан юм” мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б  нь 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Г.У-н  эзэмшлийн Хаан банкны виза картыг авч, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 16 цаг 00 минутад тус виза картыг ашиглан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүрэнбулаг тооцооны төвийн АТМ-аас 1 000 000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.Б  нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Г.У д 1 000 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглүүлэх тухай прокурорын санал үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овгийн Э-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Б  нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС