Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 03

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                            Хэргийн индекс: 180/2016/0004/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга             Н.Болор-Уянга,
Улсын яллагч                  Я.Сансар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч             Б.Баярсайхан
Шүүгдэгч                                           Д.Нямдорж нарыг оролцуулан

    Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Нямдоржид холбогдох эрүүгийн 201623000244 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1980 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 4-р хороо 11-21 тоотод оршин суух,  улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Иштайж овгийн Дагвасүрэнгийн Нямдорж. /РД: ШЖ8002517/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Д.Нямдорж нь 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын “Онон” багийн нутаг дэвсгэрт Бонго пронтер маркын 24-01 ХЭҮ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Б.Дэлгэрмаагийн биед хүндэвтэр гэмтэл, Ц.Дэлгэрмаагийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.


ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.Нямдорж нь 2016 оны 08 дугаар сарын 21-нд Хэнтий аймгийн Батширээт сумын “Онон” багийн нутаг дэвсгэрт Бонго пронтер маркын 24-01 ХЭҮ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Б.Дэлгэрмаагийн биед хүндэвтэр гэмтэл, Ц.Дэлгэрмаагийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт сум Далын тасаг гэх газар байх өвөө эмээгийндээ амарч байгаад сумын төв орохоор Ононгийн сүү ХХК-ний машин явах гэж байсан тул сумын төв орчихъё гээд гуйгаад суусан. Машинд би урд талд хүмүүсийн голд сууж байсан. ... сумын төв орох гэж байгаад нэг мэдэхэд машин осолдчихсон гээд Энх-Ундарга гээд мэдрэлийн эмнэлэгт машинд сууснаасаа 15 хоногийн дараа ухаан орж орчинтойгоо харьцах харьцаатай болсоноосоо хойш л мэдэж байна. Би уг ослоос болж анх яах гэж машинд суусан машин хэзээ хаана явж байгаад осолдсон юунаас болсон талаар огт санахгүй байна. Би  одоогийн хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлэгт хэвтэхээсээ өмнө Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гэртээ гарч үзргэлжлүүлээд уг эмнэлэгт хэвтсэн байгаа юм энийгээ ч би өөрөө мэдэхгүй манай гэр бүлийн гишүүд надад хэлж өгсөн. Миний биед ил харагдах гэмтэл шарх гэвэл баруун талын өвдөг шалбарсан баруун талын шанаа хавдартай байсан гэж гэрийнхэн маань хэлж байсан. Одоо эмчлүүлж байгаа онош бол тархины эсүүд гэмтсэн гэсэн оноштой эмчлүүлж байна. Миний биед учирсан гэмтлийн эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Цаашид гарах үр дагаварыг мэдэхгүй байна одоогоор ямар ч байсан эмнэлэгийн бүхий л арга хэмжээг авч өөрийн биеийг эрүүл болгомоор байна   гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-16 хуудас/
    Хохирогч Б.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016.08.21-ний өглөө манай гэрт Ононгийн сүү ХХК-ний машин сүү авах гээд ирэхээр нь саасан сүүгээ өгөөд өөрөө Батширээт сумын төврүү машинд нь суугаад явъя гээд гуйсан чинь жолооч нь зөвшөөрсөн. ... тэгээд айлаас дахиад сүү авах гэж яваад замд явж байгаад машин гэнэт дайвалзаад шарваад замаас орж гараад онхолдсон. Машин ямар байдалтай унасныг сайн мэдэхгүй байна. Намайг сэрэхэд би машин дотор байсан. Бусад хүмүүс машинаас шидэгдсэн байсан. Би хаалгаа онгойлгох гэсэн чинь болохгүй, миний зүүн гар хөдөлж болохгүй байсан. Миний зүүн эгэм хугарсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-20 хуу/
Гэрч В.Ариунзулын мөрдөн байцаалтад өгсөн: ... төв орох шаардлагатай байсан учир Ононгийн сүү ХХК-ний давхар кабинтай машин байсан тул уг машины жолоочоос асуугаад сууж явсан. Машинд би өөрийн охины хамт суусан бөгөөд бид хоёроос гадна машины жолооч, Б.Дэлгэрмаа, Ц.Дэлгэрмаа нарын хамт сууж явсан бөгөөд явж байхдаа Онон багийн нутаг Далын тасаг гэх газар нэг айлын гадна машин гэнэт далжигнаад хоёр тийш жолоо алдаж байгаад онхолдсон гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24 хуу/
    Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016.177 дугаартай дүгнэлт. /хх-ийн 62 хуу/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016.194 дугаартай дүгнэлт. /хх-ийн 65 хуу/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл.  /хх-ийн 4-5 хуу/
Ослын дүгнэлт. /хх-ийн 73 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Нямдоржийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Б.Дэлгэрмаагийн биед хүндэвтэр, Ц.Дэлгэрмаагийн биед хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлджээ.
Энэ гэмт хэргийн улмаас Б.Дэлгэрмаагийн биед хүндэвтэр гэмтэл, Ц.Дэлгэрмаагийн биед хүнд гэмтэл учирсан байх ба хохирогч нар нь хохирлоо барагдуулж авсан одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулж, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг нь харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                            ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Иштайж овогт Дагвасүрэнгийн Нямдоржийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөний улмаас бусдын биед хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Д.Нямдоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч 01 жил 06 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нямдоржид оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Д.Нямдоржид оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Нямдоржид авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ГАНЗОРИГ