Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2026/0218

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.... компани, БНХАУ-ын иргэн

Ш нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О гуравдагч этгээд А.А

          Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн **** дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч  Г.... компани (Их Британи Виржини арлуудын хуулийн этгээд)

          Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ш

          Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар

          Гуравдагч этгээд А.А

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0114 дүгээр шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М

          Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Ж, Г.О

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О

          Гуравдагч этгээд А.А

          Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

          Хэргийн индекс: 128/2023/0931/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.... компани (Их Британи Виржини арлуудын хуулийн этгээд), БНХАУ-ын иргэн Ш нар нь хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн **** дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 114 дүгээр шийдвэрээр “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 18 дугаар зүйлийн 18.7.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2015 оны)-ийн 16 дугаар зүйлийн 16.1.5, 17 дугаар зүйлийн 17.2, 17.2.4, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.3, 23.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Британи Виржины Арлуудад бүртгэлтэй Г.... компани, БНХАУ-ын иргэн Ш /....../ нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн **** дугаар дүгнэлтийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Хяналтын улсын байцаагчид улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох эрх олгогдсон бөгөөд өнөөдрийг хүртэл бүртгэлийн зөрчлийг шалган бүртгэл хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хуульд нийцсэн, хууль ёсны захиргааны акт болох талаар Захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр болж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад шүүх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрх болох 17.1.6-д “улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэсэн заалтад хамааруулан явцуу, бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хуульд нийцүүлэн шударгаар шийдвэрлэлгүй, нэг талыг хэт барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

          3.2 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 114 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

          4. Гуравдагч этгээд А.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          4.1 “...Улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн **** дугаартай дүгнэлтээр “Ц” ГХОХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан улсын бүртгэл нь Г.... компанийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн бүртгэлээр гурван захирлын нэг болох О.... Э.... Р..... уг компанийг ганцаараа төлөөлөх бүрэн эрхтэй мэтээр И.У-т итгэмжлэл олгож, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ гэдгийг хувьцаа худалдах, худалдан авах, шинээр гаргасан хувьцаа худалдан авах гэрээ гэж худал орчуулсныг хуульд нийцсэн мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

          4.2 Компанийн тухай хуулийн дээрх зохицуулалт нь компанийн хувьцаа эзэмшигч нар хувьцаа нэмж гаргах, дүрэмд өөрчлөлт оруулах, хэлбэрийг өөрчлөх тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлаар буюу Г.... компанийн хувьцаа эзэмшигч нар хуралдаж шийдвэр гаргасны үндсэн дээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах асуудлыг тодорхойлсон зүйлчлэл гэж үзэж байна. Харин Их Британы Виржиний арлуудын бүртгэлд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр анх үүсгэн байгуулсан бүртгэл буюу цор ганц хувьцаа эзэмшигч О.... Э.... Р..... мэтээр хуурамч баримт, материал гарган өгч бүртгэл хийлгэсэн асуудлыг хуульд нийцсэн мэтээр шүүх дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьсан, шударга бус зүйл байна.

          4.3 Хууль бусаар хуурамч мэдээлэл, орчуулга, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, хэлбэр өөрчлөх ажиллагаа нь хуульд нийцээгүй, хууль бусаар үүссэн эрх тул түүний дараах захиргааны шийдвэрүүд болох “Ц” ГХОХХК-ийн улсын бүртгэлд оруулсан бүртгэлүүдийг Улсын байцаагч хүчингүй болгосноор хуулийн хэрэгжилт, бичиг баримтын бүрдлийг хангуулах зарчмын ач холбогдолтой тул 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн улсын бүртгэл, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан улсын бүртгэл, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хаягийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгосон нь улсын бүртгэлийн үйл ажиллагааны нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй, үнэн зөв, бодитой заавал биелүүлэх шинжтэй байх, нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчимд нийцсэн гэж үзэж байна.

          4.4 Нэхэмжлэгч О.... Э.... Р.....с Г.М-д 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр олгосон итгэмжлэл нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар шийдвэрээр хүчингүй болсон. Уг итгэмжлэлийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар хандсан. Захиргааны хэргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд иргэний хэргийн шүүхээр уг итгэмжлэлийг хүчингүй болгосон боловч, хараахан шийдвэр албажиж гараагүй талаар тайлбарласан боловч үүнийг маргаанд хамааралгүй гэж үзэн хүлээн аваагүй атлаа шүүхийн шийдвэрийн 2.5.9-2/-т нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг иргэний шүүх хүлээн аваагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

          4.5 Иймд дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн гомдлыг хүлээн авч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 114 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

          5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж нараас хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг гаргасан.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

          Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3. Нэхэмжлэгчээс “Ц” ГХОХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэлд;

          - 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “нэг хувьцаа эзэмшигч хасагдаж, нэг хувьцаа эзэмшигч нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалттай болов, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 246,051,000 төгрөгөөр нэмэгдэв” өөрчлөлтийг,

          - 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “А.А-ийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөх, хасах, Л.Э-ыг гүйцэтгэх захирлаар томилох, нэмэх” өөрчлөлтийг,

          - 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Л.Э-ыг компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас хасах, Компанийн гүйцэтгэх захирлаар Ш бүртгэх” өөрчлөлтийг,

          - 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Улаанбаатар хот, Х дүүрэг, ** дугаар хороо, Зайсан **-** тоот гэснийг хасаж, Ч дүүрэг, * дугаар хороо, ........... гудамж, ** дүгээр байр, **** тоот” өөрчлөлтийг тус тус улсын бүртгэлд бүртгэсэн байх ба эдгээр бүртгэлтэй холбогдуулан маргаж байгаа.

          4. Иргэн А.А-аас 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр (огноотой) Улсын бүртгэлийн ерөнхий газарт “1) ...“Ц” ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигч А.А-ийг хасаж, Британийн виржинийн арлын хуулийн этгээд Г.... компанийг хувьцаа эзэмшигчээр бүртгэж, тус компанийг гадаадын хөрөнгө оруулалттай компани болгож, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 246,051,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн бүртгэсэн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, өмнөх бүртгэлийг сэргээн хэвээр үлдээх, 2) ...Л.Э-ыг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, өмнөх гүйцэтгэх удирдлага болох А.А-ийн гүйцэтгэх захирлын бүртгэлийг хүчинтэй хэвээр үлдээж өгөх, 3) ...Гүйцэтгэх захирлаас Л.Э-ыг чөлөөлж, БНХАУ-ын иргэн Ш гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулгатай гомдол гаргажээ.

          5. Маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай” **** дугаар дүгнэлтээр “ 1) “Ц” ГХОХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн улсын бүртгэл, 2) 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн улсын бүртгэл, 3) 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн улсын бүртгэлийг, 4) 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хаягийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож, “Ц” ГХОХХК-ийн хувийн хэргийн ************* дугаартай гэрчилгээ болон хяналтын ************* дугаартай тамга, тэмдгийг хураан авч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдэд олгох”-оор шийдвэрлэсэн байна.

          6. Гуравдагч этгээд А.А-аас “...Анхнаасаа  хууль бусаар, хуурамч мэдээлэл, орчуулга (И.У-т олгосон итгэмжлэл), хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, хэлбэр өөрчлөх ажиллагаа хуульд нийцээгүй, хууль бусаар үүссэн эрх тул ...өөрчлөлтийг хүчингүй болгосон нь ...хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчимд нийцсэн. ...О.... Э.... Р.....с Г.М-д олгосон 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр итгэмжлэл нь ...анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар шийдвэрээр хүчингүй болсон. ...О.... Э.... Р....., Ш нарын хууль бус үйл ажиллагааг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг Өмнөговь аймгийн Прокурорын газраас хянаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. ...**** дүгээр дүгнэлт ...нотлох баримтыг цуглуулж, үнэлэх үүргээ хэрэгжүүлэн ажиллаж гарсан шийдвэр...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

          7. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна”, 41.2-т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана”, 62 дугаар зүйлийн 62.3-д “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж заасан.

          8. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр О.... Э.... Р.....с Г.... компанийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах итгэмжлэлийг Г.М-д, мөн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Г.... компанийн захирал О.... Э.... Р..... нь Г.М-д 2 жилийн хугацаатай итгэмжлэлийг олгосон нь хуульд нийцсэн байна.

          9. Хууль болон нотлох баримтуудаас үзэхэд, эрх зүйн харилцаанд оролцогч этгээд өөрийн дотоод хүсэл, санаа зорилгыг гадагш ил тод илэрхийлж, эрх зүйн үр дагавар бий болгох зорилготой үйлдлийг хүсэл зоригийн илэрхийлэл гэх бөгөөд Г.... компанийн захирал О.... Э.... Р.....ын хүсэл зоригийн илэрхийлэл тодорхой, ойлгомжтой байх тул Г.М-д олгосон итгэмжлэлийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гаргахгүй”, 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 114 дүгээр зүйлийн 114.3-д “Давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж тус тус зохицуулжээ.

          11. Гэтэл гуравдагч этгээд А.А-ийн нэхэмжлэлтэй, Ц.А-д холбогдох “Нотариатын үйлдлийг хууль бусд тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар шийдвэрийг давж заалдах гомдолдоо хавсаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/**** дүгээр албан бичгээр давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн.

          12. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд хавсаргаж ирүүлсэн *** дугаар (иргэний хэрэг) шүүхийн шийдвэр нь тус захиргааны хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэх үед хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй баримт байх тул давж заалдах шатны шүүх уг *** дугаар шийдвэрийг нотлох баримтаар үнэлж, дүгнээгүй болно.

          13. Түүнчлэн Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 27-ны ** дугаар хариу мэдэгдэх хуудас гэх баримтаас үзвэл “...MV-****** ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд нэр бүхий иргэд хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулсан, ...хохирол учруулсан үйлдэл шалгуулах...” тухай байх ба энэхүү маргаанд хамааралгүй зэрэг үйл баримтууд тогтоогдож байх тул гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

          14. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 18 дугаар зүйлийн 18.7-д “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна”, 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”, 18.7.2-т “өөрийн хийсэн шалгалт, илрүүлсэн зөрчил, өгсөн албан шаардлага, гаргасан танилцуулга, дүгнэлт, торгох шийтгэлийн үндэслэл, үнэн зөвийг бүрэн хариуцах”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2015 оны)-ийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 23.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй”, 23.4-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 13.3, 15.1, 16.1-д заасны дагуу гаргана” гэж тус тус заажээ.

          15. Улсын бүртгэлийн байгууллага буюу Хяналтын улсын байцаагч нь иргэн, хуулийн этгээдийн гомдлоор “хуулийн этгээдийн улсын бүртгэл, түүнд оруулсан өөрчлөлт” улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийхдээ мэдүүлэг гаргах эрх бүхий этгээд мэдүүлэг гаргасан эсэх, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд нь холбогдох хууль болон журамд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийн оролцоог хангах, улмаар Улсын байцаагчийн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, улсын бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцсэн байх ёстой.

          16. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэж, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2015, 2018 оны), Захиргааны ерөнхий хууль, Компанийн тухай хуулиудын холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, маргаж буй Хяналтын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн **** дугаар дүгнэлтийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэж байна.

          17. Тодруулбал, анхан шатны шүүхийн “...Г.... компаниас И.У-т олгосон, ...Apostille-ээр баталгаажсан итгэмжлэлийн монгол орчуулгын үнэн зөв эсэхийг улсын бүртгэлийн байгууллага тогтоохгүй тул хяналтын улсын байцаагч “итгэмжлэлийн агуулгыг санаатай буруу орчуулж төөрөгдүүлсэн” гэх дүгнэлт нь үндэслэлгүй. ...Ч Х нь 100,000 ам доллар шилжүүлж “Ц” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 246,051,000 төгрөгөөр нэмэгдсэн тухайн үед А.А нь тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй, гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан, ...тул уг гүйлгээг өөрийн хүсэл зоригийн дагуу хийгдсэнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ” гэж,

          17.1 “...Гуравдагч этгээд А.А нь Г.... компанид 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Нэмж гаргасан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан, ...2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн бүртгэлийг тухайн компанийн бүртгэлтэй холбоотой маргах эрхгүй болсон этгээдийн гомдлоор хяналт шалгалтад хамаатуулан шалгаж, улмаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хяналтын цар хүрээнээс хэтэрсэн буюу бүртгэлд хяналт шалгалт хийх эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл гомдол гаргасан А.А нь 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн бүртгэлээр хувьцаа эзэмшигчээс хасагдсан, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн бүртгэлээр гүйцэтгэх удирдлагаас чөлөөлөгдсөн тул тухайн хуулийн этгээдийн энэ хугацаанаас хойших бүртгэлтэй маргах эрхгүй буюу гомдол гаргаж шалгуулах эрхгүй этгээд юм” гэж,

          17.2 “...Гуравдагч этгээд А.А-ийн үгүйсгэхгүй байгаа түүний гарын үсэг бүхий 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Г.... компанитай байгуулсан “Нэмж гаргасан хувьцааг худалдах, худалдан авах гэрээ” нь тухайн гэрээгээр тодорхойлсон үнийн дүн, тоо хэмжээ бүхий хувьцааг шинээр нэмж гаргах хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарсан байсан болохыг нотолж байна. Хувийн хэрэгт шүүх үзлэг хийсэн бөгөөд түүнд авагдсан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөр огноолсон ...шийдвэрийн сарын “0” цифрийг доод талд нь бичиглэл нэмэх байдлаар “2” цифр болгосон” гэж,

          17.3 “...Ийнхүү хувийн хэрэгт авагдсан бусад эрх зүйн үр дагавар бүхий баримт бичгүүдээр тогтоогдож буй энэ бодит нөхцөл байдлыг улсын байцаагч хяналт шалгалтаар тогтоох ажиллагаа хийгээгүй, өөрөөр хэлбэл … ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс ...үндэслэлгүй дүгнэлтээр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн болон мөн өдрийн бусад бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ” гэж,

          17.4 “...2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн улсын бүртгэлийг тухайн компанийн бүртгэлтэй холбоотой маргах эрхгүй болсон этгээдийн гомдлоор хяналт шалгалтад хамруулан шалгаж, улмаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хяналтын цар хүрээнээс хэтэрсэн буюу бүртгэлд хяналт шалгалт хийх эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзнэ” гэж,

          17.5 “...Дээр дүгнэсэнчлэн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих улсын байцаагчийн хяналт шалгалтын хүрээ, эрх хэмжээ нь гомдол гаргаж буй иргэн, хуулийн этгээдийн гомдлын хүрээгээр, гомдлын хүрээ нь гомдол гаргагчийн субьектив эрхээр, гомдол гаргах хуулиар тогтоосон хугацаагаар хязгаарлагдах ба ийнхүү улсын бүртгэлд гомдол гаргах, хяналт шалгалт хийх, хүчингүй болгох эрх нь хязгааргүй эрх, эрх хэмжээ биш юм” гэж тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв, бодитой үнэлжээ. 

          18. Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д хамааруулан явцуу, бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хуульд нийцүүлэн шударгаар шийдвэрлээгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээд А.А нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 114 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээд А.А нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээд А.А-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           Г.БИЛГҮҮН

 

                                    ШҮҮГЧ                                           Э.ЗОРИГТБААТАР

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА