Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 79

 

М.Б-, М.М- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00214/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 604 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Б-,

Нэхэмжлэгч М.М- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Т-д холбогдох

          “Гэм хорын хохирол 7.333.5000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч Д.Т-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч М.Б-аас:

            Би өөрийн төрсөн эх Р.Д-гийн хамтран өмчлөл бүхий улсын бүртгэлийн Г-2003004034 дугаартай, 080124770 нэгж талбарын дугаартай 1680.0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын хууль ёсны өмчлөгчөөр 2015 оны 08 дугаар сарын 03-нд улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авч, уг газар дээрээ 6x7 метрийн харьцаатай байшинг төрсөн дүү М.М-тай хамжиж өвлийн байшин бариад төрсөн дүү М.М-ыг эхнэр, хүүхдүүдийн хамт барьсан байшиндаа оруулсан. Байшиндаа гэрчилгээ авч амжаагүй байсан. Тэгсэн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр барьсан өвлийн байшинг арын хашааны Д.Т- гэрийнхээ хогийг шатаахдаа болгоомжгүй хандаж, гал тавьсны улмаас дүү М.М-ын гэрийн эд хогшил шатаж бидэнд нийт 7.333.500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан. Хэний буруугаас гал гарсныг Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор тогтоосон боловч хохирлын хэмжээ нь онц их хэмжээнд хүрэхгүй байсан тул эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзсэн. Байшин шатсаны дараа гал гарах үед байшинд амьдарч байсан дүү нар М.М-, Т.Дэлгэрмаа хоёр тус шүүхээр гэр бүлээ цуцлуулаад гэрлэгчдийн хооронд эд хөрөнгийн маргаангүй гэсэн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 771 дугаартай шийдвэр гарсан. Ингээд дүү М.М- бид хоёр шатсан байшингийнхаа суурийг цэвэрлээд үлдсэн ба Д.Т-гаас хохирлоо удаа дараа шаардаж тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар хүртэл орсон боловч би шатаагаагүй гэсэн. Иймд Д.Т-гаас шатсан эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний байгууллагын тогтоосон 7.333.500 төгрөгийг гаргуулж хохирлоо барагдуулах хүсэлт байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.М-, Т.Дэлгэрмаа нар нь 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болсон. Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Чулуутын 4-19 тоот шатсан байшинд М.М-, Т.Дэлгэрмаа нар хамтын амьдралтай байсан. Гэрлэгчдийн хамтын амьдралын хугацаанд бий болсон байшин 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ил галын улмаас шатсан болохыг цагдаагийн байгууллага тогтоож шалгасан байдаг. Шалгах явцад 4-20 тоот хөрш залгаа иргэн Д.Т- гэх айлынх амьдардаг. Гал гарсан өдөр Д.Т- гэрийнхээ хогийг кордонин цаасаар асааж, толгой угаасан усаар цацаж унтраасан гэж бодоод гэр рүүгээ орсон. Ингээд гал гарч байх үед гэрээсээ явсан. Энэ хэрэгт авагдсан галын дүгнэлт, ус цаг уурын газрын баримтаар нотлогдож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа олон айл хог шатааж байхад яагаад Д.Т-гийн үйлдлээс болсон юм бэ гэж хэлсэн. Д.Т- өргөдөл гомдлыг шалгах үед миний гүйцэт унтраагаагүй галын улмаас уг байшин шатсан болохыг хүлээн зөвшөөрсөн гэх тайлбарыг өгсөн байдаг. Тухайн өдөр 33 градус хүртэл халж, 18 цагийн үед салхи шороон шуургатай байсан гэх үндэслэлээр байшинд хүрсэн байх боломжтой гэж Онцгой байдлын газрын галын дүгнэлтэд дурдагдсан байгаа. Уг байшинд гэрчилгээ аваагүй, бүртгэлгүй гэж хэлсэн. Т.Дэлгэрмаагийн эзэмшлийн байшин шатсан гэх хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээ хавтаст хэрэгт авагдаагүй. Мөн М.М-ын өмчлөлд ч байхгүй. Харин Т.Дэлгэрмаа, М.М- нар гэр бүлийн хүмүүс байсан болох нь нотлогдож байгаа. Гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд уг байшинд гал гарч шатсан юм уу, гэр бүл цуцлагдсаны дараа байшинд гал гарсан уу гэхээр 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гал гарсан байхад 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зохигчид шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Энэ нотлох баримтаар М.М-, Т.Дэлгэрмаа нар нь хамт амьдарч байсан гэдгийг нотолж байна гэж үзэж байна. Гэрлэлтээ цуцлуулаагүй байсан гэх нотлох баримт хэрэгт авагдсан байгаа учраас шаардах эрх нь М.М-д байна. Одоо хүртэл М.М- энэ хаяг дээрээ амьдарч байгаа. М.М- өөрийнхөө хашаа байшинг сэргээн засварлахаар хохирлын мөнгийг Д.Т-гаас нэхэхэд би хариуцахгүй, Т.Дэлгэрмаагийн эзэмшил болохыг цагдаагийн байгууллага тогтоосон тиймээс төлөхгүй гэж хэлдэг. Д.Т-гийн болгоомжгүй үйлдлээс ил гал гарсан. Иймд хохирлыг арилгах үндэслэл Д.Т-д байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

М.Б-, М.М- гэх хүмүүс нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь нэхэмжлэх эрхгүй этгээд гэж үзэж байна. 2017 оны 06 дугаар сарын 14-ний 23/087/09 тоот гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч х/ч С.Нэмэхбаярын дүгнэлтэд Т.Дэлгэрмаагийн 6х7 метрийн харьцаатай өвлийн байшингийн гадна хойд хэсэгт ил галын нөлөөгөөр үүсч байшингийн хойд талын гадна хана, тааз, дээврийн карказын модон хийцээр дамжин тархсан байх үндэслэлтэй байна. Мөн шинжилгээний явцад өөр зүйл илрээгүй болно гэжээ. Энэ дүгнэлт дээр Д.Т-гийн ямар нэгэн болгоомжгүй үйлдлээс болсон гэдэг нь тодорхойгүй, Д.Т-гийн бурууг тогтоосон зүйл алга байна. Тухайн үед уг гал Д.Т-гийн асгасан зүйлээс болсон гэх гарцаагүй нотлох баримт алга байгаа. Тэнд олон айл үнс хогоо асгадаг, алинаас нь ч гал гарах боломжтой. Д.Т- тэр өдөр үнс хаясан гэдгээ ярьсан байна, уг зүйлийг асгаж хаяснаас 6 цагийн дараа гал гарсан байдаг. Үүнээс үзвэл дан ганц Д.Т-гийн хогноос болсон гэхэд эргэлзээтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэл 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр М.Б-, М.М- нар гаргасан. Тэр үед М.М-, н.Дэлгэрмаа хоёр гэр бүлээ цуцлуулсан. Т.Дэлгэрмаа өөрийнхөө олсон хөрөнгийг нэхэмжлэх итгэмжлэл олгоогүй. Ногдол хувь гэдгээ тодорхойлоогүй. Тиймээс улсын бүртгэл дээр Т.Дэлгэрмаагийн өмч гээд бүртгэсэн байхад өөр хүн нэхэмжилж байгаа нь нийцэхгүй. Эрүүгийн хэрэг үүсэхээс татгалзсан прокурорын тогтоол нь шүүхэд нотлох баримт болохгүй. Д.Т-гаас авсан мэдүүлэг нотлох баримт болохгүй. Тухайн үед Д.Т-гийн эрхийг хамгаалж өмгөөлөгч оролцоогүй. Д.Т- 4 цагт үнсээ хаясан. Энэ 3 цагийн хооронд өөр айл хог хаяагүй болохыг юугаар нотолсон юм бэ, мөн 3 цагийн хугацаанд цаас юм уу? паниар шатсан байна. Хогийн пошкон дотор цаас, паниар байсан уу гэдгийг шалгаагүй. 8,30 см зайнд ямар хэмжээний хүчтэй салхинд үнс нь хийсэж очоод айлын дээврийг шатаасан эсэх нь тогтоогдоогүй. Хамгийн гол баримт нь галын нотломж байгаа. Д.Т- 4 цагт үнс хаясан байхад 7 цагт гал гарсан гэж байгаа. Энэ хугацаанд өөр айл гал гараагүй. Т.Дэлгэрмаа өөрт ногдох хөрөнгөө нэхээгүй. Т.Дэлгэрмаагийн өмч болох нь Улсын бүртгэлийн газраас олгосон гэрчилгээгээр нотлогдож байгаа тул хэдэн нь Т.Дэлгэрмаагийн хөрөнгө, хэд нь М.М-ын хөрөнгө болох нь хуваарилагдсан зүйл байхгүй, тодорхойгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 604 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.Т-гаас 7.333.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.М-, М.Б- нарт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ХААН банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 132.286 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Т-гаас 132.286 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Т- давж заалдсан гомдолдоо:

Гал түймрийн улмаас шатсан гэх байшин хэний өмч болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.Б-, М.М- нар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хэргийг шийдвэрлэхдээ 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №23/087/09 дугаартай Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн нь нотлох баримтуудаар үнэлэх боломжгүй дүгнэлт гэж үзэж байна. Галын шинжээчийн дүгнэлт нь шинжээчийн тусгай мэдлэгийг ашиглаж дүгнэлт гаргах ёстой байтал үндэслэлгүй дүгнэлт гаргасан байхад анхан шатны шүүх үүнийг харгалзаж үзэлгүйгээр шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Д.Т-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгээгүй, түүнийг гал алдсан гэж үзэх үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт хавтаст хэрэгт цуглараагүй зэрэг дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, үндэслэл бүхий гал түймрийн дүгнэлт гаргуулах шаардлагатай зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, болсон үйл явдлаас дараах дүгнэлтийг хийлээ.

            Нэхэмжлэгч М.Б-, М.М- нар хариуцагч Д.Т-д холбогдуулж, гэм хорын хохирол 7.333.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлт, гал унтраасан тухай нотломж, эрүүгийн хэргийн үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол, эд хөрөнгөд учирсан хохирлыг үнэлсэн үнэлгээ зэргийг үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, хариуцагч Д.Т-гийн асгасан хогноос гал гарсан гэдэг нь эргэлзээтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дархан сумын 1 дүгээр баг Чулуутын 4/19 тоотод иргэн Т.Дэлгэрмаагийн 6х7 метрийн харьцаатай өвлийн байшингийн гадна хойд хэсэгт ил галын нөлөөгөөр гал гарч, тус байшингийн хойд хана, тааз, дээврийн хэсэг шатсан байна.

Энэхүү галын осол /гамшиг/ Дархан сумын 1 дүгээр баг, Чулуутын  4/18 тоот буюу шатсан байшингийн зэргэлдээх хашаанд оршин суугч Д.Т-гийн болгоомжгүй үйлдлийн улмаас гарсан болох нь Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23/087/09 тоот дүгнэлт, “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн прокурорын тогтоол, хэрэг бүртгэлийн шатанд хариуцагч Д.Т-гийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзнэ.

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай тайлан”-аар галын улмаас учирсан хохирлыг 7.333.500 төгрөг гэж тодорхойлсон, талууд энэхүү үнэлгээний талаар маргаагүй болно.

Тухайн хэрэг учрал болох үед нэхэмжлэгч М.М-, хэрэг бүртгэлтийн шатанд тайлбар өгсөн Т.Дэлгэрмаа нар Иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгүүлсэн албан ёсны гэр бүл байсан бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулсан, гэрлэлт цуцлуулах үед эд хөрөнгийн маргаангүй байсан болох нь  хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээр нотлогдоно.

Нэхэмжлэгч М.М- шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан нь өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхгүй гэж үзэх үндэслэлгүй, галд өртсөн гэх байшинг гэрлэгчид хамтран эзэмшиж байсан, мөн тус газрын өмчлөгч нь нэхэмжлэгч М.Б-, нэхэмжлэгч нарын төрсөн ээж Р.Д- нар болох нь хэрэгт авагдсан “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.Б-, М.М- нар бусдын үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй этгээд мөн бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Д.Т- хохирлыг арилгах үүрэгтэй гэж үзнэ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд буруугүйгээ  нотолбол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр хуульчлагдсан бөгөөд хариуцагч Д.Т- өөрийн гэм буруугүйг нотолсон талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд ирүүлээгүй болно.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, болсон үйл явдалд анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлт өгч хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул хариуцагч Д.Т-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 604 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Т-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Д.Т-гаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132.286 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ОЮУНЦЭЦЭГ                             

                                                       ШҮҮГЧИД                                     С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                             Л.АМАРСАНАА