Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 92

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 139/ШШ2020/00092

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Ч-ийн Э-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

                                                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Э нь 1965 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 55 нас хүрч байгаа, улсад 28 жил ажилласан юм. Үүнээс 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад үсчинээр ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч дэвтэр олгосон он, сар байхгүй, дэвтрийн тамга болон бичилт бүрдгэрсэн, шаардлага хангахгүй байгаа тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, батлах баримтыг үндэслэн 1983 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг дуустал Дундговь аймгийн ахуйн үйлчилгээний комбинатад ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Э  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Ч.Э-ийн хөдөлмөрийн дэвтэр дээр дарагдсан тамга тэмдэг нь бүдгэрсэн, дэвтэр олгосон он, сар өдөр бичигдээгүй, ажиллаж байсан үеийн зарим бичиг баримтууд архивт хадгалагдаагүй байх тул уг үйл явдлыг батлах баримт бичгийг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

Мэнгэт овогт Ч-ийн Э  нь 1983 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг дуустал Дундговь аймгийн ахуйн үйлчилгээний комбинатад үсчинээр ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 499 дугаартай албан бичиг /хэргийн 3-р хуудас/

- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 08/729 дугаартай албан бичиг /хэргийн 4-р хуудас/

- Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 386 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/

- Мандалговь хотын ахуй үйлчилгээний комбинатын даргын 1983.07.02-ны өдрийн 168 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/

- Мандалговь хотын ахуй үйлчилгээний комбинатын даргын 1985.12.17-ны өдрийн 243 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудас/

- Дундговь аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989.03.06-ны өдрийн 88 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 8-р хуудас/

- Дундговь аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990.01.03-ны өдрийн Б/1 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 9-р хуудас/

- Ч.Э-т 1983.06.30-ны өдөр Нийтийн аж ахуйн газрын ТМС-ийн захиргаанаас олгосон 051312 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 9-10-р хуудас/

- Гэрч Н.Н-гийн “...Ч.Э нь Улаанбаатар хотын ахуй үйлчилгээний ТМС-ийг төгсөж ирээд Дундговь аймгийн ахуй үйлчилгээний комбинатад үсчнээр 1983 оны 6 дугаар сараас 1992 оны 3 дугаар сар хүртэл ажилласан. Би тус комбинатад зурагчнаар 1976 оноос эхлэн 38 жил улсад ажилласан. Тухайн үед үсчин, зурагчин нь нэг мастертай нэг байранд ажилладаг байсан учраас сайн мэднэ...” гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас/

- Гэрч Э.Э-ын “...Ч.Э нь Дундговь аймгийн ахуй үйлчилгээний комбинатад 1983 оны 6 дугаар сараас 1991 оны 1 дүгээр сар хүртэл үсчнээр ажилласан. Би тус комбинатад зурагчнаар 1983 оноос эхлэн 1991 оны 1 дүгээр сар хүртэл ажилласан...”  гэх мэдүүлэг /хэргийн 25-р хуудас/

- Гэрч Д.Ч-ийн “...Ч.Э  нь Техник мэргэжлийн сургуулийг төгсөж ирээд 1983 оны 6 дугаар сараас эхлэн Дундговь аймгийн нийтийн ахуй үйлчилгээний удирдах газрын харъяа ахуй үйлчилгээний комбинатад би үсчнээр, гэрэл зурагчнаар, Э  эрэгтэй үсчнээр 1990 он хүртэл ажилласан. 1990 онд өмч хувьчлал болж ахуй үйлчилгээний комбинат нь Өнөр хоршоо болоход Эрдэнэцэцэг үсчнээр 1992 оны 3 сар хүртэл ажилласан...” гэх мэдүүлэг /хэргийн 23-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч-ийн Э-ийг 1983 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад үсчинээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ