Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 93

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 139/ШШ2020/00093

Дундговь аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Б-ны Н-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц-ын Ч-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Ч-той 2013 онд танилцаж 2014 онд бид охинтой болж, улмаар 2015 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон билээ. Гэр бүл болсноос хойш нэг жил хамтдаа амьдарсан бөгөөд бид ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж манай нөхөр хөдөө ажилладаг байсан болохоор өөр хүнтэй амьдрал зохиосон байсан. Бид цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй хэн аль нь тусдаа амьдралтай тул би охиноо өөр дээрээ авна, эцгээс нь тэтгэлэг тогтоолгохгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүсэлтийг хүлээн авч гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Ч  шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байгаа тул хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Ц.Ч-т холбогдуулан холбогдох гэрлэлт цуцлуулах тухай  нэхэмжлэл гаргасан байна.

Ц.Ч, Б.Н нар 2013 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсныг 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны гэр бүл болсон байх бөгөөд тэдний дундаас 2014.12.02-ны өдөр охин Ч.Д төрсөн болох нь 4801000630 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, 4801000365/72 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд зохигчдын хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй, тусдаа амьдралтай болсон, хариуцагч Ц.Ч  нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа, тэдний дундаас 2014.12.02-ны өдөр төрсөн охин Ч.Д  нь төрсөн цагаасаа гэрлэлт цуцлах хүртэл эхийнхээ асрамжинд байгаа, хүүхдийн асрамжны талаар хариуцагч маргаагүй зэргийг харгалзан хүүхдийн асрамжийг эх Б.Н-д үлдээх, гэрлэгчид Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч цаашид эвлэрэхгүй, шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байсныг үндэслэн 2019.12.23-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон зэргийг харгалзаад шүүх гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Ц.Ч  шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Ц-ын Ч, Б-ны Н нарын гэрлэлтийг цуцласугай.

 

         2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Ч-ийн Д-ыг эх Б.Н-ийн асрамжинд үлдээсүгэй

 

          3.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Ганчулуунд даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.ГАНЧИМЭГ