Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/400

 

  

 

 

 

 

 

 

 

 

2023      11         16                                           2023/ШЦТ/400

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М

Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-д холбогдох эрүүгийн 2325000000437 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Г.Э

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Г.Э нь 2023 оны 08 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-23 дугаар байрны машины зогсоол дээр Б.Ш-г  эхнэр Г.ям-тай хардаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд 2 шүдний булгарал, 1 шүдний сулрал, доод урууланд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Э-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ “Тухайн үед буруу ойлголцлоос болж биеэ барьж чадаагүй нь миний буруу. Б.Ш-т   ямар нэг өс хонзон байхгүй. Хохирогчид 6 500 000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.Ш “Шүүх хуралдаанд оролцохгүй, цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.Ш-н 2023 оны 08 дугаар сарын 27-ны орой 20 цагт ажлаасаа буугаад ажлын газрын Б, М эгчийн хамтаар Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт Өег гэх нэртэй дэлгүүрээс 8 ширхэг лаазтай пиво аваад эрүүл мэндийн замаар пивоо уунгаа город руу алхаж орж ирсэн. Тэгээд Б гэр лүүгээ явлаа буцаад ирье гэж хэлсэн харин М бид манай байрны гадаа очоод дэлгүүрээс дахиж 3 ширхэг лаазтай пиво аваад миний машин дотор ороод арын суудал дээр хамт суугаад ууж байтал М эгчийн нөхөр гэнэт хүрч ирээд машины хаалга онгойлгоод юу хийж байгаа юм гээд эхнэртэйгээ юм яриад хоорондоо хэрэлдээд тэгснээ намайг шууд нүүрэн газар гараараа нэг удаа цохичхоод яваад өгсөн. Тэгтэл миний амнаас цус гарч үүдэн дээд нэг шүд унаад нэг шүд нь хөдөлж ганхсан байдалтай болсон юм уг асуудлыг би шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандах болон юм гэх мэдүүлэг. /хх-ийн 08-р тал/

2. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн №729 дугаартай “Б.Ш-н биед 1 шүдний хугарал, 2 шүдний сулрал, доод урууланд шарх, зөөлөн эдийн няцрал .гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна” гэх дүгнэлт. /хх-ийн 17-18-р тал/

3. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дугаартай “Б.Ш-н биед 2 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна” гэх дүгнэлт. /хх-ийн 24-25-р тал/

4. Яллагдагч Г.М-н  “2023 оны 08 дугаар сарын 27-ны орой эхнэр М  ажлаа тараад гэртээ ирэхгүй болохоор нь эхнэрийнхээ гар утас руу залгахад гар утсаа авахгүй байсан. 22 цагийн орчим шиг санагдаж байна Уурхайчин баг 3-23 дугаар байрны үзүүр тойроод явж байтал манай эхнэр үл таних залуугийн хамтаар 3-24 дүгээр байр луу эргээд нэг машин дотор ороод суусан би наанаас нь гар утсаараа залгатал эхнэр миний гар утсыг авахгүй байсан тэгэхлээр нь юу юугүй эхнэр дээрээ очоогүй нэлээн хэсэг хугацаанд харзнасан тэгээд байж байтал хамт явсан залуу машиныхаа урд талын суудлаас буугаад арын суудал руугаа орсон тэгэхлээр нь би шууд тухайн машин дээр очоод хаалгыг нь онгойлгоод эхнэрээсээ та хоёр энд юу хийж байгаа юм бэ гэж асуусан тэгэхэд манай эхнэр юу ч дугарахгүй суугаад байсан хамт явсан залуугаас нь чи яахаараа айлын эхнэрийг гэрт нь хариулдаггүй юм наад хүн чинь ардаа амьдралтай хүн шүү дээ гэхэд юу ч хэлэхгүй доошоо харчхаад суугаад байсан би эхнэрээ харья гэхэд миний урдаас хэрүүл маргаан хийгээд байсан тэгээд гэнэт уур хүрээд тухайн залууг буу гэж хэлээд нэг удаа нүүрэн тус газар нь гараараа цохисон ийм л асуудал болсон” гэх мэдүүлэг. /хх-ийн 38-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Э нь 2023 оны 08 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-23 дугаар байрны машины зогсоол дээр Б.Ш-г эхнэр Г.м-тай хардаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд 2 шүдний булгарал, 1 шүдний сулрал, доод урууланд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг төлсөн. Түүнд оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Ш-н М  эгчийн нөхөр гэнэт хүрч ирээд машины хаалга онгойлгоод юу хийж байгаа юм гээд эхнэртэйгээ юм яриад хоорондоо хэрэлдсэн. Тэгснээ шууд нүүрэнд гараараа нэг удаа цохичхоод яваад өгсөн гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн №729 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт, яллагдагч Г.М-н  “гэнэт уур хүрээд тухайн залууг буу гэж хэлээд нэг удаа нүүрэн тус газар нь гараараа цохисон ийм л асуудал болсон” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Э нь 2023 оны 08 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-23 дугаар байрны машины зогсоол дээр Б.Ш-г  эхнэр Г.ям-тай хардаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд 2 шүдний булгарал, 1 шүдний сулрал, доод урууланд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Г.М-н  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Э-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ш-н эрүүл мэндэд 2 шүдний булгарал, 1 шүдний сулрал, доод урууланд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Г.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 6 500 000 төгрөгийн хохирол төлсөн. Хохирогч нь дахин эмчилгээ хийлгэх шаардлагтай тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэх санал гаргасан тул тус саналыг хүлээн авах нь зүйтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Г.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журамаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Г-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-г  700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д нь оногдуулсан 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журамаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС