Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 119

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 139/ШШ2020/00119

Дундговь аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

      

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

Д-ын О-ийн нэхэмжлэлтэй,

Р-ын О-д холбогдох 43.903.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.О  нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд ‘’Торго, бүс бараа’’-ны дэлгүүрийг ажиллуулдаг. Тус дэлгүүрт 2014 оны 9 дүгээр сараас 2016 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл Р.О  нь худалдагчаар ажиллаж байсан юм. Р.О  нь 2014-2016 оны хугацаанд худалдагчаар ажиллахдаа бараа худалдаж авсан хүмүүсийн барааны төлбөрийг бүрэн тушаалгүйгээр өөртөө авч амьдралынхаа эх үүсвэр болгон ашиглаж хувьдаа завшиж байсан бөгөөд ажил олгогч надад тайлагнахдаа зээлээр өгсөн гэж тооцоо гаргаж өгч иргэн Д.О-г онц их хэмжээний мөнгөөр хохироосон болно. Р.О-г ажиллах үед буюу 2016 оны 1 дүгээр сарын 3-нд тооцоо нийлж, бараануудаа тоолж тулгахад нийт 51.225.880 төгрөгний үлдэгдэл тооцоо, бараа материалын дутаалт гаргасан. Үүнийг Р.О нь хүлээн зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 15-ны дотор энэ төбөрийг төлж барагдуулах тухай хэлцэл байгуулж нотариатаар баталгаажуулсан байдаг. Р.О  нь нийт 7.322.880 төгрөгийг төлсөн байна. Р.О нь учруулсан хохирлоо төлж барагдуулахгүй байгаа тул үлдэгдэл төлбөр болох 43.903.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Р.О шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э-ын гаргасан тайлбарыг танилцлаа. Хоёр жилийн хугацаанд төлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч миний бие 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тухайн гаргасан графикийн дагуу нийт 43.903.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн төлөөд 2022 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд төлж барагдуулна. График: Нийт 6.000.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 500.000 төгрөгийг, үлдэх нийт 37.900.000 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 3.158.583 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Р.О-ийн тайлбартай танилцлаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 43.903.000 төгрөгийг бүрэн зөвшөөрч 2020 оны 3 дугаар сараас эхлэн 2 жилийн хугацаанд төлөх хуваарь гаргасныг хүлээн авч байна. Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нь Р.О-аас 43.903.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Р.О  нь  нэхэмжлэлийн шаардлага болох 43.903.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас нийт 6.000.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 500.000 төгрөгийг, үлдэх 37.903.000 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 3.158.583 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э зөвшөөрч зохигч эвлэрсэн байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч Р.О  нь нэхэмжлэлийн шаардлага 43.903.000 /дөчин гурван сая есөн зуун гурван мянган/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас нийт 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг, үлдэх 37.903.000 /гучин долоон сая есөн зуун гурван мянга/  төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 3.158.583 /гурван сая нэг зуун тавин найман мянга таван зуун наян гурван/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э  зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 188.733 төгрөг, улсын орлогоос 188733 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377465 /гурван зуун далан долоон мянга дөрвөн зуун жаран тав/ төгрөгийн үлдэх хэсгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

              ШҮҮГЧ                        З.ГАНЧИМЭГ