Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 124

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 139/ШШ2020/00124

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Л-ын М-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1968 онд Гурвансайхан суманд төрсөн, 52 настай, улсад 17 жил 6 сар ажилласан юм. Үүнээс 1984 онд Гурвансайхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсөөд илгээлтээр 1984 оны 6 дугар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл тасралтгүй сумынхаа Давших зам нэгдлийн Дэрсэн-Ус бригадад малчнаар ажилласан юм. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр, нотлох баримт болон цалингийн баримтууд 2000 онд сумын конторт гал гарч шатаж үгүй болж үрэгдсэн. Иймд тухайн үед хамт мал маллаж байсан гэрчүүдийн мэдүүлэг, малын А данс, сумын Засаг даргын тамгын газрын тодорхойлолт зэрэг баримтуудыг үндэслэн миний Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.М  нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Л.М-ын хөдөлмөрийн дэвтэр нь 2000 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давших зам” нэгдлийн конторын архивын өрөө гал түймэрт өртөн шатсаны улмаас уг дэвтэр шатаж үрэгдсэн нь хэрэгт цугларсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар нотлогдож байгаа бөгөөд уг баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, архивт уг үйл явдалтай холбоотой баримт бичиг хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

Л-ын М  нь 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Гурвансайхан сумын ‘’Давших зам’’ нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 398 дугаартай тодорхойлолт /хэргийн 3-р хуудас/

- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08/765 дугаартай албан бичиг  /хэргийн 4-р хуудас/

- Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 25/21 дугаар тодорхойлолт  /хэргийн 6-р хуудас/

- Давших зам нэгдлийн контор шатахад үрэгдсэн зүйлийн 2000 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн тодорхойлолт /хэргийн 7-9-р хуудас/

- Засаг даргын орлогч И.Ш-ийн сейфэнд байсан зүйл /хэргийн 10-р хуудас/

- 2000 оны эхний хагас жилийн мал тоолсон материал /хэргийн 11-р хуудас/

- Гэрч Ю.Р-ын 1980 оны 0287 дугаартай 1981 оноос 1990 оны цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 33-34-р хуудас/

- Гэрч О.Х-ийн “...1984 онд Мөнхбаяр нь 8-р анги төгсөөд  Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Дэрсэн ус бригадад төллөх мал, үхэр зэрэг малыг 1990 оныг дуустал маллаж байсан үнэн...” гэх мэдүүлэг /хэргийн 21-р хуудас/

- Гэрч Л.Ю-ийн “...1984 оны 6 сараас 1990 он хүртэл Л.М нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Дэрсэн  ус бригадад мал маллаж байсан...”  гэх мэдүүлэг /хэргийн 22-р хуудас/

- Гэрч Ю.Р-ын “...Л.М  нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1984 оны 6 сараас 1990 он хүртэл Дэрсэн  ус бригадад үхэр, бага мал маллаж байсан. Би Давших зам нэгдэлд 1975-1990 он хүртэл буюу хувьчлал болтол мал маллаж байгаад, дараа нь компаний мал малласан...” гэх мэдүүлэг /хэргийн 23-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийг 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгож,  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л-ын М-ыг 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Гурвансайхан сумын ‘’Давших зам’’ нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ