| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0391/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/401 |
| Огноо | 2023-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/401
2023 11 13 2023/ШЦТ/401
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Ц.Н
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч Ж.У , Д.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.У , Д.А нарт холбогдох эрүүгийн 2325000000454 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
1. Д.А
2. Ж.У
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
1. Шүүгдэгч Д.А нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны орой Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн нутаг дэвсгэр 10-р байрны урд хохирогч Ж.У тай найз охин болох Ж.Я-г зодлоо гэх шалтгаанаар маргалдаж, нүүр хэсэгт мөргөж, газарт унаган өшиглөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2. Шүүгдэгч Ж.У нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны орой Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн нутаг дэвсгэр 10-р байрны урд хохирогч Д.Атэй өөрийн төрсөн дүү Ж.Я-с болж маргалдаж, толгой болон нүүрэн тус газарт гар чийдэнгээр 5-6 удаа цохиж эрүүл мэндэд нь зулайд шарх, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.У , Д.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ “Дүүгээ зодоод байхаар нь 2 удаа нүүр лүү нь мөргөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.У мэдүүлэхдээ “Миний дүү Ж.Я-с болж энэ асуудал үүссэн. Дүү маань энэ хүнтэй нийлээд архи дарс уугаад байсан. Гар чийдэнгээр цохисон нь үнэн” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.А мэдүүлэхдээ “Миний толгой хагарсан. Өмнө нь 6 сард мөн зодож байсан. Одоо толгой өвдөж байгаа.Нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ж.У мэдүүлэхдээ “Хамар хугарсан хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Одоо нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ж.У ын “2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 22 цаг 40 минутын орчимд Орхон аймаг Жаргалант сум, Жаргалант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эхнэрийн эзэмшлийн хүнсний дэлгүүрийн хашаан дотор өөрийнхөө машинд сууж байхад манай төрсөн дүү Я нь 10-р байрны зүүн хойд талаас чанга орилж байгаа нь сонсогдсон Тэгэхээр нь би машинаасаа буугаад 10 дугаар байр луу харсан чинь Я ийн машин зогсож байгаа нь харагдсан. Тэгээд би машинаасаа гар чийдэнгээ аваад Я ийн хашхирсан чиг руу машин нь зогсож байгаа газар луу очсон. Яваад очиход Я өөрийнхөө машин болон машины эргэн тойронд байгаагүй. Машин дотор нь Я ийн үерхэж байгаа А гэх залуу, Б гээд найз нь сууж байсан. Намайг очиход А нь Я ийн машиныг хөдөлгөөд Я ийн гэрнийх нь цонхны харалдаа байрлуулж тавьсан. Тэгэхээр нь би А дээр очоод чи одоо миний дүүтэй орооцолдохоо болих болоогүй юу гэж хэлсэн. Тэгэхэд А надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Би Я ийн машин асаалтай байхаар нь унтраагаад А, Б нараас түлхүүр хаана байна гэж асуухад Я т өөрт нь байгаа гэж хэлсэн. Тэгээд би А, Б нарыг машинаас буугаад гэр лүүгээ явцгаа эндээс холд гэж хэлсэн. Намайг хэлсний дараа А, Б нар ууж байсан пивоо машинаас аваад буугаад яваад өгсөн. Би А, Б нарыг машинаас буухаар нь Я ийн машиныг дотроос цоожлоод, автомашины улсын дугаарыг нь аваад эхнэрийн, дэлгүүр лүү эргээд явсан. Ингээд би дэлгүүр дээр очоод ээж руу гар утсаар залгаж Я нөгөө залуутайгаа архи дарс уугаад машин тэрэг бариад яваад байна би машиных нь улсын дугаарыг нь аваад машиныхаа ар луу хийчихлээ гэж хэлсэн. Үүний дараа намайг машинд сууж байхад миний гар утас дуугарсан. Гар утсаа авахад миний дүү Я байсан. Тэгсэн надаас өөрийнхөө машины түлхүүрийг нэхэж уурласан. Би уурлахаар нь гар утсаа тасалсан. Ахин дахин залгаад л байсан. Сүүл рүү би машин байгаа газар нь яваад очсон. Яваад очиход Я машиныхаа дэргэд ганцаараа зогсож байсан. Намайг очингуут Я надад хандаж чи яахаараа миний машины түлхүүрийг авдаг юм, энэ чинь миний машин гэж хэлээд хашхирч орилоод байхаар нь би хоёр удаа алгадаад, чи согтуу байна цагдаа дээр очъё гээд чирсэн. Тэгсэн Я ээж зав руу залгаад У намайг зодоод байна гэж ярьсан. Тэгээд би настай аав ээж руу унтаж байхад нь битгий залгаад бай гээд гар утсыг нь өөртөө аваад Я ийг үлдээгээд дэлгүүр лүү алхаж явтал 10-р байрны зүүн хойд талд өөдөөс А гүйж ирээд намайг хоёр гараараа боогоод чи Я ийг зоддог хэн бэ гэж хэлээд толгойгоороо нүүр лүү мөргөөд, дараа нь гараараа нүүр нүдгүй цохисон. Цохиж байхдаа мөн хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Би нэг гартаа гар чийдэн барьчихсан байсан болохоор А гээс шууд салж чадахгүй байсан. Тэгээд би салахын тул хоёр гараараа А г түлхсэн. Энэ үед дэргэд Б, Я нар харж байсан боловч ерөөсөө салгахгүй хараад зогсоод байсан. А надаас салж өгөхгүй зууралдсаар байгаад дэлгүүрийн буланд ирж салсан. Ингээд салсны дараа эхнэр Аг дуудаад дэлгүүрээс гаргаж ирсэн. Зодооны дараа миний хамраас их хэмжээний цус гараад тогтохгүй байсан. Ингээд эхнэр гарч ирээд Я бид хоёрыг хэл амаар доромжлоод цагдаагийн хэсэг рүү явсан. Сүүлд нь Я ийн машины түлхүүр Баас гарч ирсэн. Ийм үйл явдал болж өнгөрсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 11-13-р тал/
2. Хохирогч Д.А-гийн “2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр намайг гэртээ байж байхад 19 цагийн уед Б, найз охин Я нар хүрч ирээд бид 3 Я ийн байрны гадна /10-р байр/ машин дотор 3-н том пиво хувааж ууцгаасан. Сүүлийн пивыг ууж байхад Я гэр лүү 00 орно гээд машинаас гараад явсан. Б бид хоёрыг Я ийн машин дотор сууж байхад гаднаас Я ийн ах У гар чийдэн барьчихсан хүрч ирээд андаа чи одоо болтол дүүгээс минь салах болоогүй юу гэж асуугаад дараа нь машинаас буу, түлхүүрийг нь өг гэж хэлэхээр нь би зөрүүлээд үг сөрөлгүйгээр машинаас нь буугаад түлхүүр нь надад байхгүй гэж хэлээд үлдсэн пивоо аваад Бтай хамт гэр лүү тамхинд явсан. За ингээд гэрээс тамхи аваад буцаад Я ийн гэр луу явж байхад Я ийн орилох чимээ байрных нь гадна машиных нь хажуугаас сонсогдсон. Тэгэхээр нь би гүйгээд очиход Я ийг У хөөж байгаа бололтой байхаар нь би очоод У-тай барилцаж авахад У барьж явсан гар чийдэнгээрээ миний толгой нүүр лүү 5-6 удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдаж байгаад 2 удаа мөргөсөн. Бид хоёр барьцалдаж явсаар байгаад Уын дэлгүүрийн хажууд очоод салгаасан. Би өөрөөр цохисон зүйл байхгүй. Ингээд байж байтал Уын эхнэр А дэлгүүрээс гарч ирээд алгадсан. Ийм үйл явдал болж өнгөрсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-19-р тал/
3. Гэрч Э.А-гийн “Би 2023 оны 08 дугаар сарын 17-ны орой нөхөр У-ын хамт Орхон аймаг, Жаргалант сум, Жаргалант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг өөрийн эзэмшлийн дэлгүүрт бараагаа орлогодохоор ирсэн. Ингээд намайг бараагаа орлогодож байхад 23 цаг 08 минутын үед нөхөр дэлгүүрийн урд цонхон дээр ирээд би зодуулчихлаа гээд цус нөж болсон нүүрээ харуулсан. Тэгээд би юу болоод байна гээд дэлгүүрээс гарч нөхөртэй уулзахад нөхөр маань надад А намайг зодчихлоо гээд зогсож байсан. Тэгээд дэлгүүрийн худалдагч У Х нарыг цагдаа дуудаарай гэж хэлээд нөхрөөс А хаана байгаа талаар асуухад надад У дэлгүүрээс баруун зүг рүү заасан. Заасан чиг рүү нь харахад дэлгүүрийн хажуугийн гаражны цаана харанхуйд А, Б, С.Б/сумын иргэн/ нар зогсож байгаа харагдсан. Тэгээд би гүйж очоод А рүү уурлаад яахаараа хүн зоддог юм бэ, цагдаа дуудлаа гэж хэлэхэд би өөрөө цагдаа дуудсан ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар хүрээд ирсэн. 10-р байрны хажууд Я уурлаж намайг элдвээр хэлж доромжилсон. Цагдаа ирэхээс өмнө Я наад алуурчнаа алаад өг, чамаас болж зодоон болсон хохьчинь гээд орилоод байсан, У-ын нүүр цамц нь цус болчихсон байсан. Эмнэлэгт үзүүлэхэд хамар хугарсан, зүүн тийшээгээ муруйлттай, дух шанаагаар хавдартай гэж хэлж байсан. Аг харахад толгойноос нь цус гоожсон байдалтай, мөн цамц нь цус болсон байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23-р тал/
4. Гэрч С.Б“2023 оны 08 дугаар сарын 17-ны орой 22-23 цагийн хооронд санагдаж байна, би сумын төвөөс гэр лүүгээ явж байхад 10-р байрны хойно У, А, Я нартай тааралдсан. Тааралдах үед У, А нар хоорондоо барьцалдаад зодолдсон бололтой нүүр амнаас нь цус гарчихсан байдалтай байж байсан. Я болохоор 10-р байрны дэргэд зогсож байсан. Тухайн үед би өөрөө жоохон архи уучихсан байсан болохоор бүдэг бадаг санаж байна. Тэгээд У, А нарыг салгах гээд дийлээгүй орхиод гэр лүүгээ явсан. Сүүлд нь Б тэр хэд дээр ирсэн санагдаж байна.Өөр мэдэх зүйл алга байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-р тал/
5. Гэрч Ц.Б-ын “Би 2023 оны 08 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед Я, А нарын хамт 10-р байрны гадна Я ийн машинд пиво уусан. Ингээд байж байхад Я гэр лүүгээ орохоор машинаасаа гараад явсан. Машиныхаа түлхүүрийг тухайн үед Я орхиод явчихаар нь би аваад халаасандаа хийсэн. Ингээд байж байхад Я ийн ах У гар чийдэн бариад хүрээд ирсэн. Тэгээд А бид хоёрыг юугаа хийж байгаа юм машинаас гар гээд А бид хоёр машинаас гарсан. Тэгээд машины түлхүүр асуухаар нь би өгөөгүй. Ингээд А намайг хамт яваад гэрээс тамхи авъя гэхээр нь хойд хороо руу гэр лүү нь хамт явсан.Тэгээд гэрт нь оччихоод эргээд 10-р байр луу чиглээд явж байхад А Я байрныхаа тэнд орилоод байна гээд надаас түрүүлээд гүйгээд явсан, миний хөл тухайн үед гэмтсэн байсан болохоор хойноос нь аажуу явж очиход А, У хоёр хоорондоо зууралдчихсан, хоёулангынх нь нүүр ам цус болчихсон байж байсан. Ингээд А, У хоёр салаад удаагүй А дэлгүүрээсээ гарч ирсэн. Ингээд байж байхад С.Б ирсэн. Я болохоор 10-р байрны хажууд уйлчихсан байж байсан” гэх мэдүүлэг. /хх-27-28-р тал/
6. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №727 дугаартай “Д.Агийн биед зулайд шарх, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зулайд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 25.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт. /хх-ийн 34-35-р тал/
7. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 723 дугаартай “Ж.У ын биед хамар ясны хугарал зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 40-41-р тал/
8. Яллагдагч Д.А-ий “2023 оны 08 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед намайг гэртээ байж байхад Я , Б хоёр хүрч ирээд бид гурав 10-р байрны гадаа машин дотор 3-н том пиво хувааж ууцгаасан. Сүүлийн пивийг ууж байхад Я гэр лүүгээ орохоор машинаас гараад явсан. Б бид хоёрыг Я ийн машин дотор сууж байхад гаднаас Я ийн төрсөн ах У гар чийдэн барьчихсан хүрч ирээд чи одоо болтол дүүгээс минь салах болоогүй юу гэж надаас асуугаад, дараа нь машинаас буу, түлхуүрийг нь өг гэж хэлэхээр нь би машинаас нь буугаад машины түлхүүр надад байхгүй гэж хэлээд машинаас пивоо аваад Бтай буугаад манай гэр лүү очиж тамхи авахаар явсан. Ингээд гэрээс тамхи аваад буцаад Я ийн гэр лүү буюу 10-р байр луу явж байхад Я ийн орилох чимээ байрны гадна машиных нь хажуугаас сонсогдсон. Тэгэхээр нь би гүйгээд очиход Я ийн төрсөн ах У нь хөөж байгаа бололтой байхаар нь би очоод Утай барилцаж авахад У гартаа барьсан гар чийдэнгээрээ миний толгой нуур луу 5-6 удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдаж байгаад 2 удаа мөргөсөн. Бид хоёр барьцалдаж явсаар байгаад У-ын дэлгүүрийн хажууд очоод салсан. Би өөрөөр цохисон зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна. Сэтгэл санаа, сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 71-72-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Ань 2023 оны 08 дугаар сарын 17-ны орой Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн нутаг дэвсгэр 10-р байрны урд хохирогч Ж.У ыг найз охин болох Ж.Я-гзодлоо гэх шалтгаанаар уурлан маргалдаж түүний нүүр хэсэгт мөргөж, газарт унаган өшиглөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ж.У нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны орой Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн нутаг дэвсгэр 10-р байрны урд хохирогч Д.Атэй өөрийн төрсөн дүү Ж.Я-с болж маргаан үүсгэн улмаар түүний толгой болон нүүрэн тус газарт гартаа байсан гар чийдэнгээр 5-6 удаа цохиж эрүүл мэндэд нь зулайд шарх, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.У ын “А гүйж ирээд намайг хоёр гараараа боогоод чи Я ийг зоддог хэн бэ гэж хэлээд толгойгоороо нүүр лүү мөргөөд, дараа нь гараараа нүүр нүдгүй цохисон. Цохиж байхдаа мөн хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг, хохирогч Д.Амартөвшигийн “У барьж явсан гар чийдэнгээрээ миний толгой нүүр лүү 5-6 удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдаж байгаад 2 удаа мөргөсөн” гэх мэдүүлэг, гэрч Э.Агийн “А намайг зодчихлоо гээд зогсож байсан. Уын нүүр цамц нь цус болчихсон байсан. Эмнэлэгт үзүүлэхэд хамар хугарсан, зүүн тийшээгээ муруйлттай, дух шанаагаар хавдартай гэж хэлж байсан. Аг харахад толгойноос нь цус гоожсон байдалтай,мөн цамц нь цус болсон байсан” гэх мэдүүлэг, гэрч С.Б“У, А нарыг салгах гээд дийлээгүй орхиод гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Бын “А , У хоёр хоорондоо зууралдчихсан, хоёулангынх нь нүүр ам цус болчихсон байж байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №727 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 723 дугаартай дүгнэлт, яллагдагч Д.Аий “У гартаа барьсан гар чийдэнгээрээ миний толгой нуур луу 5-6 удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдаж байгаад 2 удаа мөргөсөн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Ань 2023 оны 08 дугаар сарын 17-ны орой Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн нутаг дэвсгэр 10-р байрны урд Ж.У тай маргалдаж, нүүр хэсэгт мөргөж, газарт унаган өшиглөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ж.У нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны орой Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн нутаг дэвсгэр 10-р байрны урд хохирогч Д.Атэй маргалдан толгой болон нүүрэн тус газарт нь гар чийдэнгээр 5-6 удаа цохиж эрүүл мэндэд нь зулайд шарх, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.У нь хүний эрүүл мэндэд санаатайгаар халдаж толгой болон нүүрэн тус газарт нь гар чийдэнгээр цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, Д.Ань хүний эрүүл мэндэд санаатайгаар халдаж, нүүр хэсэгт мөргөж, газарт унаган өшиглөж хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.У , Д.Анарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас Ж.У ын эрүүл мэндэд хамар ясны хугарал, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол, хохирогч Д.Агийн эрүүл мэндэд зулайд шарх, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овгийн Ж-ын У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О овгийн Д-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.У, Д.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У , Д.А нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС