Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 135

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 139/ШШ2020/00135

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Ц-ийн Ш -ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ш-ийн О-д хүүхдийн холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Ш , түүний өмгөөлөгч Ч.Сайнжаргал, хариуцагч Ш.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.О-тай 2013 онд танилцан улмаар гэр бүлийн харилцаатай байсан ба бид гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд улмаар охин Ш.Б-г 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр төрүүлсэн. Нөхөр Ш.О  нь 2015 оноос хойш тусдаа байгаа бөгөөд хүүхдээ огт харж, асрахгүй өдрийг хүрч байна. Иймд миний охин Ш.Б-д эцэг Ш.О-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ш.О шүүх хуралдаанд хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ш  нь хариуцагч Ш.О-аас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Зохигчид нь 2013 онд танилцан улмаар гэр бүлийн харилцаатай байсан ба тэдний дундаас 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр охин Ш-ийн Б төрсөн болох нь 4801000242 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдож байна. Зохигчид одоо тусдаа амьдарч байгаа цаашид хамтдаа амьдрах боломжгүй, хариуцагч хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр охин Ш.Б-д эцэг Ш.О-аас тэтгэлэг тогтоож, нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 33,105 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр охин Ш-ийн Б -д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Ш-ийн О-аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц-ийн Ш-т даалгасугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3. Тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрд хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 33,105 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 33,105 төгрөгийг гаргуулж  улсын орлогод оруулсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ГАНЧИМЭГ