Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/13

 

 

 

 

 

 

 

   2020          12            25                                      2021/ШЦТ/13

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-ын М-ид холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа автомашины засварын газарт засварчин ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, ** гудамж, ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар **/ Б овогт Л-н Л.М.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Л.М нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хороо, “У” бааранд иргэн Н.Н-ыг унагааж духанд шарх, зүүн мөр, шуунд зулгаралт, цус хуралт, зүүн тавхайнд цус хуралт зэрэг гэмтэл үүсгэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Л.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

хохирогч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би нөхөр М, найз Б, Н, М, П нарын хамт 2020 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “У” бааранд орсон. Би бүжгийн талбайд бүжиглэж байгаад ширээн дээрээ очиж суугаад ширээн дээр байсан пивоноос 2 удаа балгасан. Манай нөхөр М бүжгийн талбай руу явахаар нь би түүний араас очсон. Тэгээд нөхөр бид хоёр бүжиглэж байтал үл таних эрэгтэй хүмүүс намайг татаж чангаагаад, миний гараас татаад байхаар нь би тэр хүнд боль гэж хэлтэл тухайн хүн над руу дунд хуруугаа гаргасан. Талбай дээр бүжиглэж байсан нэг хүн түлхээд байхаар нь би буцаагаад түлхтэл тэр хүмүүс манай нөхөртэй маргах гээд өдөөд байсан... Би тухайн хүмүүсийг нөхрөөсөө холдуулаад явж байгаад хамгийн сүүлд ирсэн нэг залууг нь “та нар ямар дээрэлхүү юм бэ” гэж хэлээд түлхтэл үл таних эрэгтэй хүн миний араас ирээд намайг баарны багана хэсэг рүү савсан. Тэгээд би газар унаад босоод иртэл шалан дээр цус урсаж байсан... Миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба Л.М миний эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-рт/,

 

гэрч Б.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би Н, түүний нөхөр М, Б, Н, М нартай хамт 2020 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “У” бааранд орсон. Н болон түүний нөхөр бүжгийн талбай руу бүжиглэхээр гарсан. Тэгээд нэг хартал бүжгийн талбай дээр хүмүүс маргалдаж байсан. Ширээн дээр сууж байсан найзууд бүгд босч талбай дээр очиход М-г үл таних эрэгтэй түлхэж байсан. Манай найзууд тухайн хүмүүстэй зууралдаж байх үед Н зууралдаж байсан хүмүүсийг салгах гээд бужигнаан дунд явж байтал улаан малгайтай, хар цамц, хар өмдтэй хүн манай найз Н-ын араас татаж унагаасан. Гэтэл Н унахдаа толгойгоороо баарны багана мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-рт/,

 

гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 21 цагийн үед би өөрийн найз Ч, Д, Л.М, М, Очко, Э, А, НяНмдорж нарын хамт Баянгол дүүргийн 08  дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Улаанбаатар” нэртэй бааранд ороод архи захиалаад сууж байсан. Л.М, Н нар бүжгийн талбай руу бүжиглэхээр гарсан. Хэсэг хугацааны дараа бүжгийн талбай дээр хэсэг хүмүүс овоороод байхаар нь яваад очтол үл таних эмэгтэй багана налчихсан сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн **** дугаартай дүгнэлтэд:

1. Н.Н-ын биед духанд шарх, зүүн мөр, зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зүүн тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 21-22-рт/ гэжээ.

 

шүүгдэгч Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Би 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 21 цагийн үед найз Ч, Д, Б, М, О нарын хамт Баянгол дүүргийн “Н” нэртэй пабд орж архи авч зургуулаа хувааж уусан. 2020 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 00 цаг 25 минутад тус газраас гараад явж байтал Э, А, Н нар ирсэн. Тэр гуравтай уулзаад Улаанбаатар нэртэй бааранд орсон. Тэгээд 0,75 литрийн хэмжээ бүхий 2 шил архи захиалаад ууж байсан. Баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад хүнтэй маргалдаад үл таних эмэгтэй хүнийг араас нь татаж унагаасан. Тэр эмэгтэй унахдаа баарны багана мөргөсөн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43-рт/,

-иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.М нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 08 дугаар хороо, “У” бааранд иргэн Н.Н-ыг унагааж биед нь духанд шарх, зүүн мөр, шуунд зулгаралт, цус хуралт, зүүн тавхайнд цус хуралт бүхий гэмтэл үүсгэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Н-ын “...“У” бааранд ороод бүжгийн талбай дээр нөхөр бид хоёр бүжиглэж байтал... үл таних эрэгтэй хүн миний араас ирээд намайг баарны багана хэсэг рүү савсан. Тэгээд би газар унаад босоод иртэл шалан дээр цус урсаж байсан ба ухаан алдаад сэртэл манай найзууд намайг тойроод зогсчихсон, нэг үл таних эрэгтэй миний толгойг түшээд цус тогтоох гээд байж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх /У/ бааранд орсон... Н зууралдаж байсан хүмүүсийг салгах гээд бужигнаан дунд явж байтал улаан малгайтай, хар цамц, хар өмдтэй хүн манай найз Нын араас татаж унагаасан. Гэтэл Н унахдаа толгойгоороо баарны багана мөргөсөн...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 21 цагийн үед “Улаанбаатар” нэртэй бааранд орсон... бүжгийн талбай дээр хэсэг хүмүүс овоороод байхаар нь яваад очтол үл таних эмэгтэй багана налчихсан сууж байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.М-ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Л.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирлын талаар:

Хохирогч Н.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Хохирогч Н.Н-ын “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” баримт /хх-ийн 49-рт/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Л.М-ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Л.М-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах  санал гаргасныг харгалзан мөн гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа болон түүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 /гурав/ ширхэг СD-г хэргийн хамт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Б овогт Л-ын М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.М-ид 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.М оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Лнь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 /гурван/ ширхэг сидийг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М-ид авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ