Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 136

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 139/ШШ2020/00136

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Б-ийн Б-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1970 онд төрсөн, энэ жил 50 нас хүрч байна. Улсад 16 жил ажилласан юм. Үүнээс 1986 оны 7 дугаар сарын 1-нээс 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга, тэмдгийн зөрчилтэй болоод байна. Би энэ хугацаанд Давших зам нэгдэлд бага мал малладаг байсан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр тамга, тэмдгийн зөрчилтэй тул шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд 1986, 1992 онуудад Давших зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад холбогдох баримтуудыг үндэслэн 1986 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б  нь 1986 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Энэ хугацааных нь тамга , тэмдэг хөдөлмөрийн дэвтэрт зөрчилтэй учраас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Б.Б-лын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Б.Б-ийн хөдөлмөрийн дэвтэр нь тамга тэмдгийн зөрчилтэй тул уг үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

Шувуутай овогт Б-ийн Б нь 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар  сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаартай албан бичиг /хэргийн 4-р хуудас/

- Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 36 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/

- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08/34 тоот албан бичиг /хэргийн 6-р хуудас/

- Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс Б.Б-д 1986 оны 7 дугаар сарын 1-ний өдөр олгосон 704840 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэх, Дундговь аймгийн Хувсгалт залуучуудын эвлэлийн хорооноос олгосон 400344 дугаартай Бат илэрхийлэхийн хуулбар /хэргийн 7-р хуудас/

- Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давжих зам нэгдлээс Б.Б-д 1986 оны 06 дугаар сарын 28-ны өдөр олгосон 1986005 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 8-9-р хуудас/

- Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давжих зам нэгдлээс Б.Б-д 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 10-р хуудас/

- Гэрч Р.А-ийн “...Б.Б  Гурвансайхан сумын сургуульд 8 дугаар анги төгсөөд 1986 оны 7 дугаар сарын 1-ний өдөр илгээлтээр гарч эцэг, эхийн хамт туслах малчнаар ажиллаж байсан. Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Элгэн бригадад үхэр, тэжээлийн цэгийн малыг малладаг байсан. 1994 оныг хүртэл Давших зам нэгдэл, компанид тасралтгүй мал малласан нь үнэн. Би Давших зам нэгдэлд 1974 оноос 1991 оныг хүртэл тасралтгүй малчин байсан хүн...” гэх мэдүүлэг /хэргийн 18-р хуудас/

- Гэрч Ё.Э-ийн “...Б.Б  нь 1986 онд илгээлтээр гарч Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд туслах малчнаар ажиллаж байсан. Би 1974 онд мөн илгээлтээр гарч Давших зам нэгдэлд 1994 оныг хүртэл Б.Б-ын хамт нэгдэл, компанид мал маллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/

- Гэрч С.Б-ын“...Би 1983 оноос эхлэн Дундговь аймгийн Гурвансайхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эд бэлтгэлийн эрхлэгчийг 1989 он хүртэл, үүнээс хойш 2005 он хүртэл Давших зам нэгдэл, Давших зам ХК, Давших зам ББХК-д малчин байсан. Б.Б  нь Давших зам нэгдэл, компанид 8 дугаар ангийг 1986 оны 7 дугаар сард төгсөөд малчин болж 1994 оныг дуустал мал малласан нь үнэн....” гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хараа овогт Б-ийн Б-ыг 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн  шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ