Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2026/0231

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

     Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

           

          Гомдлын шаардлага: Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Газрын тос, хийн улсын байцаагч Ч.Г-ийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 01***** дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

          Хэргийн оролцогчид:

          Гомдол гаргагч “Т” ХХК

          Хариуцагч Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Газрын тос, хийн улсын байцаагч Ч.Г

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2026/0147 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

          Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.А

          Хариуцагч Ч.Г

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

          Хэргийн индекс: 128/2025/1145/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Гомдол гаргагч “Т” ХХК нь хариуцагч Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Газрын тос, хийн улсын байцаагч Ч.Г-т холбогдуулан “Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Газрын тос, хийн улсын байцаагч Ч.Г-ийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 01***** дугаар Шийтгэлийн хуудас нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг, 11.2.3 дахь заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон гомдол гаргагч “Т” ХХК-аас Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Газрын тос, хийн улсын байцаагч Ч.Г-т холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Хяналт шалгалт хийсэн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд манай компанитай болон итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй огт холбогдоогүй байж эрх бүхий албан тушаалтны заасан хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 0800 цагт ирээгүй, шаардсан бичиг баримт гаргаж өгөөгүй гэж зөрчлийн хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй. Уг хугацаанд манай компанитай холбогдоогүй талаар нотлох баримтаар тогтоогдож байхад шүүхээс нотлох баримтыг буруу дүгнэсэн.

          3.2 Анхан шатны шүүх эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагчийн төлөвлөгөөт бус хяналт шалгалттай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэрэгжүүлэх үйлдэл буюу хяналт шалгалтын үзлэг хийх, нотлох баримт цуглуулах, шаардах үйл ажиллагаанд нь саад учруулсан гэж үзэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

          3.3 Шийтгэлийн хуудас нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд бичгийн хэлбэрээр гарах захиргааны актын шаардлагыг бүрэн хангасан байх ёстой гэтэл уг актад хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд гомдол гаргах этгээд болон хугацааг заагаагүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасныг зөрчсөн байтал шүүхээс дүгнээгүй.

          3.4 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 147 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.  

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Дараах үндэслэлээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

          Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 11/**** дугаар албан бичгээр “Хяналт шалгалтаар ашигласан тос, масло дахин боловсруулж дизель түлш, мазут буюу газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийн төсөл хэрэгжүүлэгч нэр бүхий 5 хуулийн этгээд нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчиж байх тул холбогдох арга хэмжээг авах” талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газарт үүрэг болгосон байна.

          4. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11/**** дугаар албан бичгээр “...Хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн, ...ажиллах” талаар Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Э-т хүргүүлжээ.

          5. Уг хүсэлтийн дагуу Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн газрын тос хийн хяналтын улсын байцаагч Ч.Г төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хяналт шалгалт хийж, шалгалтын тэмдэглэл үйлдсэн байна.

          6. Хяналтын улсын байцаагч нь “...шалгалтаар ажлын байранд байхгүй байсан үйлдвэртэй холбоотой баримт бичиг (эрх бүхий байгууллагаар боловсруулж, улсын экспертизийн хяналт хийлгэсэн зураг төсөл, газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын савыг улсын бүртгэлд бүртгүүлсэн паспорт)-ийг нөхөж үзүүлэх талаар шалгалтын тэмдэглэлд бичин 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө 0800 цагт ирэхийг мэдэгдсэн боловч ирээгүй одоог хүртэл хяналт шалгалтад холбоотой баримт бичиг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, зайлсхийсэн” гэж үзэн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ************** дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

          7. Ингээд Улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01***** дугаар Шийтгэлийн хуудсаар “Т” ХХК нь хяналт шалгалтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, төрийн хяналт шалгалтаас зайлсхийсэн, үндэслэлгүйгээр татгалзсан гэх зөрчилд 5,000,000 (таван сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          8. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйл “Хууль ёсны зарчим”, 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”, 1.3 дугаар зүйлийн 2-д “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 11.2 дугаар зүйл “Төрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчих”,  2-д “Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд төрийн хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг”, 2.1-д “гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан”, 2.4-д “зайлсхийсэн” гэж заажээ.

9. Зөрчлийн тухай хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд орших бөгөөд Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн бол аливаа этгээдэд тохирох шийтгэл ногдуулах, шийтгэл гарцаагүй байх нь “шударга ёсны зарчим”-д нийцэх талаар хууль тогтоогчоос тусгайлан зохицуулсан.

10. Зөрчлийн хэргийн материалд авагдсан баримтаас үзэхэд, Улсын байцаагч Ч.Г нь 2025 оны 10 дугаар сарын 27, 29-ний өдөр “Т” ХХК-ийн хуулийн зөвлөх Б.А-тай холбогдсон, харилцан утсаар мессеж бичсэн. Мөн 11 дүгээр сарын 04, 05-ны өдөр Улсын байцаагчаас “Т” ХХК-ийн ажлын байран дээр үзлэг хийх тухай Б.А-д мэдэгдсэн боловч “Манай үйлдвэр ажиллахгүй байгаа тул хүн байхгүй, таны хэлсэн савны паспорт, үйлдвэрийн зургийг ажил дээр чинь маргааш аваачиж өгье болох уу, ...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу таны шалгалттай холбоотой гомдол гаргасан учраас өнөөдөр үйлдвэр дээр очиж шалгуулах боломжгүй болсныг мэдэгдэж байна” гэх хариуг өгсөн үйл баримтууд тогтоогдож байна.

11. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-д “Холбогдогч дараах үүрэгтэй”, 3.1-д “шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх”, 3.3-д “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх” гэж зааснаас үзвэл “Т” ХХК нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эрх бүхий албан тушаалтны шаардсан төрийн хяналт шалгалттай холбоотой баримт бичгийг гаргаж өгөх, дуудсан цагт хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй, үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзнэ.

12. Анхан шатны шүүхийн “...хяналт шалгалтад шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөөгүй, үзлэг хийх боломжоор хангаагүй, хариуцагч Улсын байцаагчийн зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй гомдол гаргагчийн үйлдэл өөрөө холбогдох хууль болон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл” гэх дүгнэлт үндэслэлтэй.

          13. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...Шийтгэлийн хуудас нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд бичгийн хэлбэрээр гарах захиргааны актын шаардлагыг бүрэн хангасан байх ёстой гэтэл уг актад хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд гомдол гаргах этгээд болон хугацааг заагаагүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасныг зөрчсөн байтал шүүхээс дүгнээгүй” гэжээ. 

14. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, 40.2.3-д “захиргааны актыг гаргах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж зааснаас үзэхэд бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагыг тодорхойлж, захиргааны актад тухайн актыг гаргах болсон шалтгаан, бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг тодорхой заахаар зохицуулжээ.

15. Улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01***** дугаар Шийтгэлийн хуудас нь хуулийн дээрх шаардлагуудыг хангасан байх бөгөөд харин 11-д заасан (гомдол гаргах хугацаа болон хаана гаргах) хэсгийг бөглөөгүй орхисон нь уг 01***** дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох (хэмжээний ноцтой алдаа) үндэслэл болохгүй гэж үзлээ.  

16. Маргаан бүхий Шийтгэлийн хуудасны үндэслэл болсон Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2.1, 2.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9, 10.9.2, 10.9.4, 10.9.8 дахь заалтад Хяналт шалгалтын газрын улсын байцаагчид Шийтгэлийн хуудас ногдуулах бүрэн эрх нь байх тул энэ талаарх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 147 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагч “Т” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                                    ШҮҮГЧ                                           Б.АДЪЯАСҮРЭН

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА