Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/00784

 

“............” ТБАГУТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02421 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2393 дугаар магадлалтай,

“............” ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй,

“............” ХХК-д холбогдох,

Хадгаламжийн гэрээний үүрэгт 27,861,161,753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Э.Ганзоригийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяа, Ч.Гантөмөр, прокурор Б.Баярхүү, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “............” ТБАГУТҮГ нь хариуцагч “............” ХХК-д холбогдуулан хадгаламжийн гэрээний үүрэгт 27,861,161,753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Төрийг төлөөлж прокурор нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцсон байна.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02421 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 455 дугаар зүйлийн 455.2-д заасныг баримтлан хариуцагч “............” ХХК-аас 27,861,161,753 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “............” ТБАГУТҮГ-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 139,463,758 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2393 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02421 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2,463,760 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн төлөөлөгч Э.Ганзориг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэн эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч ............ нь “............” ХХК-тай 2019.03.01-ний өдөр харилцах дансны үйлчилгээний гэрээ байгуулж улмаар дансаа хэдийд ч хаах, гүйлгээг чөлөөтэй хийх эрхтэй болсон билээ. Ингээд 2020.01.17-ны өдрийн А-1/53 дугаартай “Албан бичгийн хариу”-д дурдсан 27,400,000,000 төгрөгөөр зарлагын хөдөлгөөн хийх хүсэлт гаргасан байна. Мөн зарлагын гүйлгээ хийх хүсэлт гаргахдаа “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-аас шаардсан мөнгийг “............” ХХК-аас шаардсан мэтээр нотлох баримт хавсаргасан байна. Түүнчлэн “............” ХХК нь дээрх 27,4 тэрбум төгрөгийн гүйлгээг хийж гүйцэтгэхийг зөвшөөрсөн юм. Гэтэл ............ нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.28-ны өдрийн 181/ШШ2020/02421 дугаартай шүүхийн шийдвэрээр “............” ХХК-аас 27,861,161,753.71 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нэхэмжлэгчийн банкнаас зарлагын хөдөлгөөн хийлгэх хүсэлт гаргасан үнийн дүнгээс 461,161,753.71 төгрөг илүү шийдвэрлэсэн байна. Учир нь ............тай байгуулсан харилцах дансны үйлчилгээний гэрээнд заасны дагуу “Харилцагч нь харилцах дансанд дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн баталгаат гарын үсэг тамга тэмдгээр баталгаажсан гүйлгээний баримтыг үндэслэн дансны үлдэгдэлд багтааж зарлагын гүйлгээ хийнэ” гэж заасан боловч энэ заалтын талаар шаардлага хангасан баримт шүүхэд хангалттай байхгүй байхад 461,161,753.71 төгрөгөөр илүү шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн 2020.09.28-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлөх эрхгүй этгээд шүүх хуралд суусан нь өөрөө үндэслэлгүй шийдвэр гарах үндэслэл болсон байна.

Иймд анхан шатны шүүхийн “............” ХХК-аас 27,861,161,753.71 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаас 461,161,753.71 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

6. Нэхэмжлэгч “............” ТБАГУТҮГ нь хариуцагч “............” ХХК-д холбогдуулан 27,861,161,753 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж үндэслэлээ тайлбарлахдаа, “тус банктай 2019.03.01-ний өдөр харилцах дансны үйлчилгээний гэрээ байгуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 15,925,249,858 төгрөгийн мөнгөн хөрөнгийг жилийн 6 хувийн хүүтэй тусгай нөхцөлт харилцах дансны хэлбэрээр байршуулж, гэрээ байгуулснаас хойш нэмэлтээр хэд хэдэн удаагийн гүйлгээгээр хөрөнгө байршуулсан бөгөөд 2020.04.06-ны өдрийн байдлаар тус дансанд 27,861,161.753 төгрөг байршиж байгаа, гэтэл тус банк анхны шаардлагаар зарлагын гүйлгээ хийх үүргээ удаа дараа зөрчсөн тул мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн талаар хариу тайлбартаа “анх 15,925,249,858 төгрөгийг 6 хувийн хүүтэй тусгай нөхцөлт харилцах дансны хэлбэрээр байршуулсан, гэвч тусгай нөхцөлт харилцах данс нь ямар эх үүсвэрээс 12 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа болон үүнд хүү тооцох эсэх асуудлыг зохицуулсан эсэх нь эргэлзээтэй, 2 тал тооцоо нийлсэн зүйлгүй, нэхэмжлэгч мөнгийг бүхэлд нь бэлнээр гаргуулах эсхүл өөр нэг банкны данс руу шилжүүлэхийг даалгуулах аль нь болох тодорхойгүй, манай банкны өөрийн хөрөнгө нь 40 тэрбум төгрөг, Банкны тухай хуулиар банкны нөөц удирдлагын 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг гаргуулах тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр шаардлагатай байдаг, иймд энэ асуудал шүүхийн эрх хэмжээнээс хэтэрсэн асуудал ба нэхэмжлэгч төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гаргахыг даалгуулах тухай шаардлага гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурор тайлбартаа “Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. “............” ХХК Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 445.4, 445.5 дахь хэсэг, 446 дугаар зүйлийн 446.1.3 дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдож байна” гэжээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн ба шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, маргааны үйл баримт, түүний эрх зүйн үндэслэлийн талаар хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

9. Зохигчийн хооронд 2017 оноос хадгаламжийн гэрээний харилцаа үүссэн, 2019.03.01-ний өдөр талууд гэрээг шинэчлэн байгуулж, “Чингисхаан” банкинд байршиж байсан Эрүүл мэндийн даатгалын сангийн нийт мөнгөн хөрөнгө 15,925,249,858 төгрөг болохыг баталгаажуулсан нь тогтоогдсон, энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан “банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээсэн мөнгөн хадгаламжийн гэрээ” болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

10. Тухайн гэрээг талууд бичгээр байгуулсан нь хуулиар шаардсан хэлбэрийн шаардлагыг хангасан ба гэрээ хүчин төгөлдөр байна.

Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болдог ба зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд хугацаа заагаагүй байх тул уг гэрээ тодорхой бус хугацаатай гэж үзнэ, энэ тохиолдолд хадгалагч нь хадгалуулагчийн анхны шаардлагаар мөнгийг буцаан өгч, хүүг төлөх үүрэгтэй.

11. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч хадгалуулсан мөнгөн хөрөнгөөс удаа дараа 2-3 тэрбум төгрөгийг буцаан авах хүсэлт гаргаж байсан боловч хариуцагч мөнгийг шаардсан хэмжээгээр гаргаж өгөөгүй нь тогтоогджээ.

12. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж үзэн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцалж, 2020.04.06-ны өдрийн байдлаар байршиж байгаа 27,861,161,753 төгрөгийг шаардах эрхтэй, энэ талаар хоёр шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хариуцагчаас дээрх мөнгийг гаргуулсан байх тул хариуцагчийн шүүх 461,161,753.71 төгрөгт холбогдох хэсгийг илүү гаргуулж шийдвэрлэсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

13. Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02421 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2393 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “............” ХХК /төлөөлөгч Э.Ганзориг/-ийн 2021.01.08-ны өдөр 2,463,760 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД