Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 376

 

Э.А, Р.Б, Д.Н, Г.У, Ё.Э нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Ё.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0376 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0538 дугаар магадлалтай, Э.А, Р.Б, Д.Н, Г.У, Ё.Э нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0376 дугаар шийдвэрээр: 1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2.4 /2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр мөрдөгдөж байсан/, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.А, Р.Б, Д.Н, Г.У, Ё.Э нараас нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдуулан гаргасан “нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Тэтгэмж олгох тухай” Б/438, Б/439, Б/440, Б/441, Б/442 дугаар тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарт албан тушаалын орон тоо хасагдсаны тэтгэлгийг 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олгох шийдвэр гаргаж, тэтгэлэг олгохыг тус Өмчийн харилцааны газарт даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Тэтгэмж олгох тухай” Б/438, Б/439, Б/440, Б/441, Б/442 дугаар тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоож, нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/626 дугаар захирамж гарсан өдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу нэхэмжлэгч Э.А, Р.Б, Д.Н, Г.У, Ё.Э нарын ажиллаж байсан орон тоо хасагдсаны 6 сарын цалин хөлс /үндсэн цалин, удаан жилийн, зэрэг дэвийн нэмэгдэл/-тэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0538 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0376 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2.4, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.А, Р.Б, Д.Н, Г.У, Ё.Э нараас нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Тэтгэмж олгох тухай” Б/438, Б/439, Б/440, Б/441, Б/442 дугаар тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоон, нэхэмжлэгч Э.А, Р.Б, Д.Н, Г.У, Ё.Э нарт 3 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох шийдвэр гаргаж, тэтгэлэг олгохыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн “...3 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тэтгэлэг олгохыг даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Н, Ё.Э нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын албан тушаалын орон тоо хасагдсан хугацааг эрх бүхий этгээд болох нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамж гарсан өдрөөр тооцож Төрийн албаны тухай хуулийн /2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн өөрчлөлт ороогүй байх үеийн/ дагуу нэхэмжлэгч нарт 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр нэг удаагийн тэтгэлэг олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0376 шийдвэрээр бүхэлд нь хангаж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан.

Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалын хянах хэсэгт “энэхүү бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн шийдвэр гарснаас хойш 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нэхэмжлэгч нар албан тушаалаа эрхэлж байсан нь нотлогдсон, ...нийслэлийн Засаг даргын шийдвэр гарснаар нэг удаагийн тэтгэлэг олгуулахаар 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө хариуцагчид хандаж байгаагүй” гэж дүгнээд нэхэмжлэлийн “албан тушаалын орон тоо хасагдсаны тэтгэлгийг 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцон олгохыг даалгуулах” шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж шийдвэр болсон гэж үзэж гомдлын үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.

1. Магадлалын хянах хэсгийн “хариуцагчийн “...тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу... 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгосон нь хууль зүйн үндэслэлтэй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийн талаар: Дээрх дүгнэлтийн “тухайн үед мөрдөж байсан” гэдэг нь тэтгэлэг олгох тухай маргаан бүхий захиргааны акт хариуцагчийн 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан тушаалын огноо юм. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын болон харьяа хэрэгжүүлэгч агентлагуудын бүтэц, орон тоог батлах эрх нь Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэг болон бусад хууль тогтоомжид зааснаар Засгийн газрын бүрэн эрхэд хамаардаг.

Үүний дагуу Засгийн Газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар тогтоолоор нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах хэрэгжүүлэгч агентлагуудын жагсаалтыг шинэчлэн батлахдаа Газрын албыг шинээр байгуулахаар заасан бөгөөд уг тогтоолын 7 дахь заалтаар өөрийн эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн бүтэц, орон тооны хязгаарыг тогтоон мөрдүүлэхийг нийслэлийн Засаг даргад зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэгч нарын ажиллаж байсан байгууллагын бүтэц, орон тоог батлах, өөрчлөх тухай шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь нийслэлийн Засаг дарга байна. Нийслэлийн Засаг дарга Засгийн газраас хуулийн дагуу олгогдсон энэ эрх хэмжээний хүрээнд 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/626, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” А/635 дугаар захирамжуудыг тус тус гаргахдаа нийслэлийн Өмчийн харилцааны газар, Газрын албаны аль алиных нь бүтцэд Хуулийн хэлтэс байхгүй байхаар шийдвэрлэж 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч нарын албан тушаалын орон тоо хасагдсан юм.

Улсын Дээд шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр үгүй болсныг ойлговол зохино”, Улсын Дээд шүүхийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2010 оны 8 дугаар тогтоолын 15-д “...27.2.4-т заасан “орон тоо хасагдсан” гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д зааснаар ойлгоно” гэж тус тус заажээ.

Нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг болох нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга нь тухайн байгууллагын бүтэц, орон тоог батлах, орон тоог хасах шийдвэр гаргах эрхгүй этгээд юм. Харин эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэгэнт хасагдсан орон тоонд ажиллаж байсан албан хаагчдад хууль болон орон тоо хасагдсан шийдвэрийг үндэслэн ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох ажлыг зохион байгуулах үүрэгтэй байна. Иймд магадлалын хянах хэсэгт нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын гаргасан шийдвэрийн огноог орон тоо хасагдаж, тэтгэлэг тогтоох хугацаа гэж тооцон дээрх дүгнэлтийг гаргаснаараа Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийг Улсын Дээд шүүхийн тайлбарт зааснаас өөрөөр буюу буруу тайлбарлан дүгнэлт хийж шийдвэр гаргасан байна.

2. Давж заалдах шатны шүүхийн “...Нийслэлийн Засаг даргын шийдвэр гарснаар нэг удаагийн тэтгэлэг олгуулахаар 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө хариуцагчид хандаж байгаагүй ...тул 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөж байсан хуулийн дагуу... 3 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэлэг олгуулахаар шийдвэрлэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийн талаар: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд... нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч нар болон аливаа төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуульд заасан орон тоо хасагдсаны улмаас нэг удаагийн тэтгэлэг авах баталгаагаар хангуулах эрхээ хүсэлт гаргаж байж эдлэх үүрэг хүлээгээгүй, харин энэ баталгааг тухайн ажиллаж байсан байгууллага нь эдлүүлэх үүрэгтэй байна.

Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч ...өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх, эсвэл төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллахыг хүсвэл хүсэлт гаргахаар заасан. Харин албан тушаалын орон тоо нь хасагдсаны дараа ч тухайн байгууллага нь ажлаас чөлөөлөх шийдвэр гаргалгүй үргэлжлүүлэн ажиллуулсаар байгаа тохиолдолд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах, тэтгэлэг шаардах зохицуулалт байхгүй байна. Давж заалдах шатны шүүх орон тоо хасагдсан тухай эрх бүхий этгээдийн шийдвэр гармагц тухайн ажиллаж байсан байгууллагадаа нэг удаагийн тэтгэлэг олгуулахаар хүсэлт гаргах ёстой байсан гэж Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.4 дахь заалтыг буруу тайлбарлаж шийдвэрийн үндэслэл болгосон байна.

3. Давж заалдах шатны шүүхийн “2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нэхэмжлэгч ...нар албан тушаалаа эрхэлж байсан... тул 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөж байсан хуулийн дагуу... 3 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэлэг олгуулахаар шийдвэрлэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийн талаар: Нийслэлийн Засаг дарга нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/626 дугаар захирамжийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтаараа “Зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад холбогдох хууль тогтоомжийн дагуу нэг удаагийн тэтгэлэг олгож, нийгмийн даатгалын болон татварын байгууллагатай тооцоо хийж дуусгах”-ыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргад даалгасан байдаг.

Гэвч хариуцагч Засаг даргын дээрх шийдвэр болон Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч... тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасныг зөрчин албан тушаалын орон тоо хасагдсан албан хаагчдыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тэтгэлгийн асуудлыг нь шийдвэрлээгүй, хуульд өөрчлөлт оруулахыг хүлээж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргалгүйгээр хасагдсан орон тоон дээр ажиллуулсаар байсан нь төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангах үүрэг бүхий төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааг нотолсон үйл баримт болохоос нэхэмжлэгч нарыг буруутгах үндэслэл биш юм.

Нэгэнт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж өгөөгүй тохиолдолд ийм шийдвэр гаргуулах, тэтгэлэг олгуулахаар хүсэлт, шаардлага гаргах хууль зүйн үндэслэл байгаагүй, ийм хүсэлт гаргасан тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасан “өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөх” гэсэн зохицуулалтад хамаарах үр дагавар үүсэх тул нэхэмжлэгч нар урьд эрхэлж байсан ажлаа хийж байсан. Харин энэ хугацаанд /8 дугаар сарын 31-ний өдрөөс 10 дугаар сарын 25-ны хооронд/ Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж заасны дагуу олгогдсон цалин хөлс нь ямар нэг тэтгэлэг, тэтгэмжтэй холбоогүй.

Давж заалдах шатны шүүх “10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл цалин хөлс авч ажиллаж байсан тул 3 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэлэг авах ёстой, эсвэл 8 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн бол 6 сарын тэтгэлэг авах ёстой” гэсэн агуулгаар Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн “цалин хөлс”, “тэтгэлэг” гэсэн ойлголтуудыг хооронд нь холбож тайлбарласнаараа үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасны дагуу дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалын анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0376 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Жич, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0538 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1-д “...3 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр нэг удаагийн тэтгэлэг олгох шийдвэр гаргаж, тэтгэлэг олгохыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн “...3 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тэтгэлэг олгохыг даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж...” шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч нар “...3 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тэтгэлэг олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул магадлалын “Тогтоох” хэсгийн энэхүү агуулгыг анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн шийдвэр гэж ойлгох эсэх талаар тогтоолд тайлбарлан тогтоож өгнө үү гэжээ.

  Хянавал:

Анхан шатны шүүх маргаантай харилцааг зохицуулсан хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулийг хэрэглээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/127 дугаар тушаалаар Э.А-г хуулийн хэлтсийн даргын, Б/130 дугаар тушаалаар Д.Н-ыг хуулийн хэлтсийн мэргэжилтний, Б/131 дүгээр тушаалаар Ё.Э-г хуулийн хэлтсийн мэргэжилтний, Б/132 дугаар тушаалаар Р.Б-г хуулийн хэлтсийн мэргэжилтний, Б/134 дүгээр тушаалаар Г.У-г хуулийн хэлтсийн мэргэжилтний үүрэгт ажлаас тус тус чөлөөлсөн, мөн даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/438, Б/439, Б/440, Б/441, Б/442 дугаар тушаалуудаар Э.А, Р.Б, Д.Н, Г.У, Ё.Э нарт тус бүрт 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгосон, нэхэмжлэгч нар нь “тэтгэмжийг цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олгоогүй нь буруу..., “орон тоо” хасагдаж, тодорхой болсон байхад ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох шийдвэрүүдийг хуулийн өөрчлөлтийн дараа гаргаснаас тухайн үед мөрдөж байсан хуулийн дагуу 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэлэг авах эрхийг зөрчсөн” гэж маргажээ.

Нэхэмжлэгч нар нь “ажлаас чөлөөлсөн” шийдвэртэй маргаагүй, харин уг шийдвэрийг гаргах нь тодорхой байхад хугацаа алдаж гаргасан буюу үүсэх үр дагаварт нөлөөлөх хуулийн өөрчлөлтийн дараа гаргасан, тэтгэлгийг буруу тооцсон гэж маргасан, давж заалдах шатны шүүх уг маргааны үйл баримтад холбогдуулан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтын “6 сарын” гэснийг “3 сарын” гэж өөрчилсөн, 4 дүгээр зүйлд заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулсан уг хуулийг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 8 дугаар тогтоолоор нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг Газрын алба, Өмчийн харилцааны газар ажиллахаар тогтоосон, нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/626 дугаар захирамжаар Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбогдох чиг үүргийг Газрын албанд шилжүүлсэн, нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамжаар тус агентлагуудын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталсан зэргээс үзвэл нийслэлийн Өмчийн харилцааны газрын зохион байгуулалтын бүтцээс нэхэмжлэгч нарын эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдсан нь тогтоогджээ.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог тогтоосноор нэхэмжлэгч нарт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан баталгаагаар хангагдах эрх үүссэн гэж дүгнэх боломжгүй, учир нь уг заалтад шууд чөлөөлөх талаар зохицуулаагүй бөгөөд хариуцагч нь дээрх Засгийн газрын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хуулийн хүрээнд нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нь нэхэмжлэгч нарыг “6 сарын” цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авах эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Харин тэтгэлэг олгох асуудлыг нэхэмжлэгч нарыг “ажлаас чөлөөлөх” шийдвэртэй хамт шийдвэрлээгүй буюу дараа нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шийдвэрлэсэн хариуцагчийн үйл ажиллагаа буруу боловч үүний улмаас 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг авч хохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын албан тушаалын “орон тоо”-г хассан нийслэлийн Засаг даргын гаргасан 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн захирамжийн өдрөөр тооцон нэхэмжлэгч нарыг тухайн үед үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтын “6 сарын” баталгаагаар хангагдах ёстой гэж үзэхдээ ажлаас чөлөөлөгдөөгүй, ажил үүргээ гүйцэтгэж байсан нэхэмжлэгч нарт хуулийн 27.2.4-т заасан баталгааг эдлүүлэхээр тогтоосон нь буруу байна.

Үүний зэрэгцээ нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах үед Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтын “3 сарын” хугацаа үйлчилж байсан, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулийг мөрдөж эхэлснээс хойш ажлаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид “нэг удаагийн тэтгэлгийг 6 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр олгох”-оор байсан өмнөх заалтыг буцаан хэрэглэхээр хуульд заагаагүй тул уг маргаанд хэрэглэвэл зохих хууль нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хууль юм.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2016 оны 9 дүгээр сарын 09-ний хуулийг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон, анхан болон давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг тайлбарлаж, “цалин хөлстэй” тэнцэх хэмжээгээр нэг удаагийн тэтгэлгийг олгох ёстой гэсэн үндэслэлээр “Тэтгэмж олгох тухай” захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоосныг хариуцагч маргаагүй учир хяналтын шатны шүүх уг асуудлаар дүгнэлт хийхгүй гэж үзлээ.

Дээрх байдалд үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан “давж заалдах шатны шүүх ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай шийдвэрийн огноогоор “орон тоо хасагдаж, тэтгэлэг олгох” хугацаа гэж буруу тооцсон” гэсэн агуулгатай гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0538 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчдээс гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ