Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1008

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

            прокурор Э.Оргилбат,

шинжээч Э.Даваасүрэн,

            яллагдагч *************, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан урьдчилсан хэлэлцүүлгээр       

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** холбогдох эрүүгийн 2308 00000 0942 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, ******* оны ****** дугаар сарын *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн ****** дугаар хороо, ***********гудамж ******* тоотод оршин суух хаягтай боловч одоо Сонгинохайрхан дүүргийн **********дугаар хороо, ********* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, **********,******,**********,************

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч *********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хулгайлах” гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт “...2022 оны 08 дугаар сараас хойш  ******* энэ хаягт  одоог хүртэл амьдарч байгаа. Тухайн үедээ ажил хийе гэж бодоод гэртээ очиход гэр цоожтой, түлхүүр байгаагүй учраас цоожоо эвдэж орсон. Гэртээ сууж байтал архи уумаар санагдаад зурагтаа аваад гарсан....” гэв.

            Шинжээч ****** шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хулгайд алдагдсан зурагтыг харах боломжгүй, зах зээлийн 40 инчийн самсунгийн зурагтыг зах зээлд ямар үнээр байх боломжтой талаар дүгнэлт гаргасан... Бид шаардлагатай тохиолдолд үзлэг хийдэг. Хулгайд алдагдсан эд зүйл дээр үзлэг хийх ямар ч боломжгүй. Хөрөнгийн үнэлгээг гаргахдаа зах зээлийн жиших үнийн аргыг хэрэглэж, үнэлгээг гаргасан. Хуучин, ашиглах боломжтой, 40 инчийн зурагтыг Үнэгүй.мн болон бусад сайтаас үнийн судалгаа хийсэн. Өртгийн арга, орлогын арга, зах зээлийн жишиг үнийн арга гэсэн 3  төрлийн арга байдаг бөгөөд эдгээр аргаас ямар аргыг сонгохоо үнэлгээчин өөрөө шийдвэрлэж болно гэж заасан...”гэв.

 

Эрүүгийн 2308 00000 0942 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас хохирогч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11, 14 дэх тал),  гэрч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6 дахь тал),“Тэнцвэр Эстимейт” ХХК-ны үнэлгээгээр алдагдсан самсунг брендийн 40 инчийн зурагтыг 500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (хавтаст хэргийн 26-27 дахь тал),“ Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээгээр алдагдсан самсунг брендийн 40 инчийн зурагтыг 400.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (хавтаст хэргийн 87-90 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал),иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал),гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал),эд хөрөнгийн бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал),шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 36 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 37 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал),төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 41-42 дахь тал), ял шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дахь тал), шүүгдэгч ***************  яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60 дахь тал),

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...хохирогч ********* мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11, 14 дэх тал), Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээгээр алдагдсан самсунг брендийн 40 инчийн зурагтыг 400.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (хавтаст хэргийн 87-90 дэх тал), хохирол төлбөрийн талаарх хохирогчоос ирүүлсэн баримт (хавтаст хэргийн 100 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нь нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ********* гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол шүүгдэгчийн өмгөөлөгч маргаж оролцсон бол, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* тоотод түр оршин суух өөрийн гэртээ эхнэрийн дүү болох ********* Самсунг брендийн 40 инчийн зурагтыг  түүний зөвшөөрөлгүйгээр гэрээс авч гарч  бусдад  шилжүүлж  400.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь хохирогч ******** “...Би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны ****** овоо ****** тоот байшиндаа хоёр хүүхдийн хамт амьдардаг.Манай хашаанд миний ээжийн бага дүү болох эгч *******, нөхөр, хүүхдийн хамт монгол гэрт амьдардаг юм. Би 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө босоход манай эгчийн нөхөр болох ******* нь согтуу гэртээ ирээгүй байсан. Маргааш өглөө 10 цагт эгч *******  хүүхдүүдийн хамт, эмээ ****** нар бид бүгд байшин саваа түгжээд тус,тусын ажилд гарч яваад буцаад эмээ ******* 11 цагт ирэхэд эгчийн амьдарч байсан монгол гэрийн хаалгыг хүн цоожийг нь эвдэж онгойлгоод  миний өмнө нь худалдаж авч байсан 40 инчийн Самсунг ЛЕД зурагт  алдагдсан байна, мөн хамаг юм онгичоод хаясан байна гэж хэлсэн. Манай эгчийн нөхөр ****** нь архинд дуртай байнга архи уудаг мөн гэрээсээ эд зүйл хулгайлаад зараад архи уугаад байдаг болохоор ******* ахыг авсан байж гадгүй гэж бодоод гэртээ очилгүйгээр гэрийнхээ ойролцоох гудамжуудаар хайж яваад ******ахыг Товч гэдэг дэлгүүрт архи худалдаж аваад зогсож байхаар дагуулаад цагдаа дээр ирсэн. ***** ахыг авсан талаар асуухад *****ах согтуу аваагүй гээд байгаа болохоор цагдаад гомдол гаргаж байгаа юм. Уг зурагтыг би 4 жилийн өмнө нагац ахаасаа хуучин зурагт 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Энэ зурагтаа би ***** эгчийг зурагтгүй болохоор нь хэрэглүүлж байсан юм. Би гомдолтой, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Энэ зурагт миний эзэмшлийн зурагт байгаа юм. Манай гэрийн хаалганы цоожийг эвдэлж дотор нь байсан зурагтыг захиран зарцуулах эрхгүй байж эд хөрөнгийг хулгайлж хүнд зарсан байсан. Миний зурагтыг худалдаж авсан зүйл байхгүй юм. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ******* миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11, 14 дэх тал),

 гэрч ****** “...Би Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хороо Мандал-Овоо ****** тоотод нөхөр, хүү, охины хамт амьдардаг бөгөөд манай охин ******* тусдаа монгол гэрт амьдардаг байсан юм. 2022 оны 08 дугаар сараас эхэлж манай төрсөн дүү ************* нөхөр ****** болон 2 хүүхдийн хамт амьдрах газаргүй болчихоор нь хашаанд бариатай байсан өөрийн төрсөн охин ******н монгол гэрт түр зуур амьдруулахаар болсон юм. Харин ******* нь манай гэрийн ойр орчимд архи соггууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүмүүстэй нийлээд ирсэн цагаасаа хойш архи уудаг байсан. 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн өглөө намайг гэртээ байхад ****** согтуу хашаанд орж ирэхээр нь би уурлаад архи дарс уусан бол битгий миний охин *********н гэр оронд ирээд бай гэж хэлээд хөөгөөд явуулчихаад би ажилдаа явчихсан юм. Тэгээд орой 22 цагийн үед гэртээ ирэхэд охин ******** гэрт түр амьдарч байсан ****** нь хаалганы цоожийг эвдээд дотор нь байсан зурагтыг хулгайлаад аваад явчихсан байна гэж охин *******н надад хэлсэн юм. Миний охин ******* эзэмшлийн гэр бөгөөд ******** эхнэр 2 хүүхдийн хамт орох оронгүй болоод охины гэрт түр амьдарч байсан юм. Дотор нь байсан гэх зурагт нь мөн адил охин ******* өөрийнх нь бөгөөд 3-4 жилийн өмнө нагац ахаасаа худалдан авч байсан юм. ********,******** нар нь охин ******* гэрт түр амьдарч байснаас өөрөөр хаалгыг нь эвдэлж, дотор нь байсан зурагтыг хулгайлж авч захиран зарцуулах эрхтэй хүмүүс биш юм. ******** нь архи уусан согтуурсан үедээ айлын гэр орны хаалгыг эвдэж дотор нь байсан зурагтыг авч өөр хүнд зарсан. Зурагтыг худалдаж авсан зүйл байхгүй. Гэр оронгүй болчихоор нь түр амьдруулж байсан чинь харин архи уугаад зурагт хулгайлаад зарсан байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6 дахь тал),“Тэнцвэр Эстимейт” ХХК-ны үнэлгээгээр алдагдсан самсунг брендийн 40 инчийн зурагтыг 500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (хавтаст хэргийн 26-27 дахь тал), Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээгээр алдагдсан самсунг брендийн 40 инчийн зурагтыг 400.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (хавтаст хэргийн 87-90 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь орон байранд нэвтрээгүй,хохирол нь хохирогчид ямар хэмжээний хохирол учирсан байна гэдгээр тогтоогдоно, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах бэхжүүлэх, журмыг зөрчсөн,  Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа Хас үнэлгээ компани нь хүчингүй болсон хуулийг үндэслэсэн, үнэлгээний ямар аргачлалаар хэрхэн хийсэн нь тодорхойгүй. Хохирогч ********* гэрээ эдгээр хүмүүст ашиглуулахаар эзэмшилд нь шилжүүлсэн. Одоог хүртэл тухайн хаягт амьдарч байгаа. ******** холбогдох хэргийг шүүгдэгчид холбогдох үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэж маргасан  болно.

 

Хохирогч ******** зөвшөөрлөөр шүүгдэгч ********* нь эхнэр ****** хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо ******* тоот хашаанд  байрлах монгол гэрт  амьдарч байсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд өөрийн эзмшлийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, зурагтыг авч бусдад шилжүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

            Иймд шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

            Хохирогч ******** 40 инчийн Самсунг брендийн 40 инчийн зурагт  нь  хавтаст хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаар 400,000 төгрөгөөр үнэлэгдсэн байх бөгөөд (хавтаст хэргийн 88-90 дэх тал) шүүгдэгч нь ******** 200,000 төгрөгийг төлж хохиролгүй болгон гэсэн хүсэлтийг гаргасан байх тул (хавтаст хэргийн 100 дахь тал) түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хамгийн доод хэмжээгээр торгох ял...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл зургаан сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаас сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүгдэгч ********** нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дэх тал) баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ********* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ******,*******,********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар **********  400 (дөрвөн зуун) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тус тус дурдсугай.

 

  6. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ************ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРАНЖАРГАЛ