Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ ШЦТ/737

 

 

 

 

 

 

 

 

   2023          11          16                                  2023/ШЦТ/737

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Г.Х,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Туул,

нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат,

улсын яллагч Б.Батцэцэг нарыг оролцуулан эрүүгийн 2311001740527 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: О овогт Г.Х

Монгол Улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Г.Х нь хохирогч Ж.Дгийн 2022 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 19 цаг 42 минутад Чингэлтэй дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үедээ “Голомт” банкны ........ дугаартай данснаас шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг түүний өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

            - шүүгдэгч Г.Хы мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Ж.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: " “...2022 оны 12 дугаар сарын 18-ний өдөр хүн рүү мөнгө шилжүүлэх ёстой байсан юм. Тэгээд орой нь гэртээ унтаад сэрснийхээ дараагаар нойрмог байхад миний мөнгө шилжүүлэх ёстой хүн залгахаар нь өөрийнхөө “.............” дугаарын Голомт банкны данс руу шилжүүлэх гэж байгаад 19 цаг 42 минутын үед “3” дугаартай И гэх хүний данс руу андуурч шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

- гэрч М.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Тухайн дансны эзэмшигч Гийн И нь миний хүүхэд байгаа юм. Г.И нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн ба манай эхнэр Г.Х нь охиндоо зориулж тухайн дансыг нээж өгсөн, хүүхдийн мөнгөн тэтгэмж нь ордог данс байгаа юм..., ...2022 оны 12 дугаар сарын 18-ний өдөр 1,000,000 төгрөгийг андуурагдсан гүйлгээ гэдгийг 2023 оны 02 дугаар сарын эхэн үеэр цагдаагийн байгууллагаас залгасан үед нь мэдсэн юм. ..тухайн 1,000,000 төгрөгийг эхнэрээсээ асуухад гэр ахуйн төлбөр тооцооны мөнгөнд зарцуулсан гэж байсан. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

- Голомт” банкны 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14/хх/03-178 дугаартай “.... тоот дансны эзэмшигч нь Г.И, хамтран эзэмшигч нь Г.Х байна...” гэх албан бичиг, 3 дугаартай дансны хуулга,

- Дансны хуулганд үзлэг хийсэн тухай “...2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг орлого, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 зарлага, утгад “ок eej Х Ганболд, ХУД хөгжлийн банк гэж зарлагдсан байна” зэрэг нотлох баримтуудаар Г.Х нь бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хохирогч Ж.Дгийн 2022 оны 12 дугаар сарын 18-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үедээ “Голомт” банкны .......... дугаартай данснаас шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ буюу данс андуурч шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөртөө авч ашиглан завшиж, нийт 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл  баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв. 

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

шүүгдэгч Г.Х нь 2022 оны 12 дугаар сарын 18-ний өдөр Чингэлтэй дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үедээ төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшил гэдгийг мэдсээр байж буюу хохирогч Ж.Дгийн “Голомт” банкны ......... дугаартай данснаас шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг санаатайгаар өөртөө авч ашиглан завшиж, нийт 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан бусдын өмчлөх эрхийн эсрэг хийсэн нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Г.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдэж буй хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хуулийн шаардлагыг хангасан тул уг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Ж.Дд учирсан 1.000.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Г.Х нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч О овогт Г.Хыг бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Хыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Г.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.БАТГЭРЭЛ