Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2020/ДШМ/451

 

Б.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Хосбаяр,

хохирогч Л.Ба, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,

шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, М.Үүрийнтуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л.Багийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор П.Ганбаатарын бичсэн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 09 дугаартай эсэргүүцлээр Б.Ад холбогдох 1909027761042 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            М овгийн Бийн А, 1979 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэршанд 12 дугаар гудамжны 2 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 77 дугаар байрны 15 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй;

            Б.А нь 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, өөрийгөө “Сино хайдро корпорейшн Монголиа” ХХК-ийн Санхүүгийн албаны даргаар ажилладаг, манай байгууллага Налайх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй замын ажлыг авсан гэж хохирогч Н.Н, Ш.Снарт танилцуулан хуурч, 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хооронд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй замын ажилд “Howo” загварын ачааны автомашин нийлүүлэх тендерийн ажил авч өгнө” гэж хохирогч Н.Ноос 82.400.000 төгрөг, “дизель түлш нийлүүлэх тендерийн ажил авч өгнө” гэж хохирогч Ш.Сээс 62.700.000 төгрөг, нийт 145.100.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч залилсан,

2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Т Б” ХХК-ийн захирал Ж.Бээс “тендерт хамруулж өгнө, дэнчингийн мөнгө” гэж нийт 48.300.000 төгрөгийг хуурч, бичиг баримт ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч залилсан,

2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Бад өөрийгөө “Сино хайдро корпорейшн Монголиа” ХХК-д ажилладаг, “Howo” загварын авто машины нийлүүлэх тендерт оролцуулна, ялалт байгуулж өгнө” гэж хуурч 194.012.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, нийт 387.412.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогт Бийн Аг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Батсуурийн Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.А нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Агаас 194.012.000 төгрөг гаргуулан хохирогч Л.Ба-д олгохоор шийдвэрлэжээ.

Прокурор П.Ганбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аг хохирогч Л.Бад учруулсан 194.012.000 төгрөгийн хохирлыг хэрхэн төлж барагдуулахыг нотолсон баримтыг хэрэгт гаргаж ирүүлээгүй. Мөн торгуулийн ялыг хэрхэн төлөх, торгуулийн ял оногдуулах нөхцөл байдал хангагдаагүй байхад түүнд торгуулийн ял оногдуулан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, түүнд хэт хөнгөн ял оногдуулсан гэж дүгнэж байна. Шүүгдэгч Б.Агийн гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан хохирлын үлдэгдэл 194.012.000 төгрөгийг анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө нөхөн төлөөгүй, уг төлбөрийг цаашид ямар эх үүсвэрээр хэрхэн төлж барагдуулахаа нотолсон баримтыг ирүүлээгүй, торгох ялыг биелүүлэх боломжтой эсэх нь эргэлзээтэй байхад шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хамгийн хөнгөн ял болох 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд илтэд нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино...” гэж тодорхойлсон. Хэдийгээр шүүх шүүгдэгч Б.Агийн холбогдсон хэргийн зүйлчлэлийн хүрээнд торгох ял оногдуулсан ч хохирогчийн зөрчигдсөн эрхийг богино хугацаанд сэргээх боломжит бүхий л хуулийн зохицуулалтыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэж чадаагүй байна. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ад торгуулийн ял оногдуулах боломжгүй, торгуулийн ял оногдуулах нөхцөл бололцоо хангагдаагүй, торгуулийн ял оногдуулж хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлэх нь хохирогчийг цаг хугацаа, бусад боломжоор дахин хохироох эрсдэл өндөр гэж дүгнэж, түүнд 5 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулах, ялыг нээлттэй хорих ангид биечлэн эдлүүлэх саналыг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны явцад гаргасан боловч шүүх хүлээж авалгүй, илтэд хөнгөн ял шийтгэл оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг ханган ажиллах зорилгоор хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Хохирогч Л.Ба давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Бийн Аг 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүх хэт нэг талыг барьж хохирогч надад 194.012.000 төгрөгийн хохирлоос нэг ч төгрөг өгөөгүй, төлөөгүй байхад торгуулийн ял оногдуулсан нь ял хэтэрхий хөнгөдсөн ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Монгол овогт Батсуурийн А нь манай ээжийн шавь нь болохоор нь итгэсэн. Урьд нь 6 сарын турш ажиллаад жинхэлж чадаагүй халагдсан Хятадын хөрөнгө оруулалттай замын компанийн төслийн мэдээллийг удаа дараа ашиглан хүмүүсийг залилж, их хэмжээний хохирол учруулсан. А өөрийнхөө нөхцөл байдлаас гарахын тулд алхам тутамдаа худлаа ярьж биднийг хуурсан. А надаас гурван удаагийн үйлдлээр 194.012.000 төгрөгийг авч залилсан. Энэ явдалтай холбоотой надаас их хэмжээний зардал гарсан. Мөн төлөвлөсөн ажлаа хийж чадахгүйд хүрч сэтгэл санааны хувьд их хохирсон. Би маш их гомдолтой байна. Б.Агийн энэ байдал нь ганцхан намайг биш миний ээжийг давхар залилан бидэнд эдийн засгийн маш их хохирол учруулж, улмаар дампуурлын байдалд оруулсан. Урьдаас төлөвлөж нийт 4 удаагийн үйлдлээр бусдын мөнгө, эд хөрөнгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийгөө Хятадын компанийн ерөнхий нягтлан бодогч мэтээр танилцуулж, залилан мэхэлсэн хүмүүсийнхээ ар гэр, найз нөхөд бүгдийг судалсны үндсэн дээр маш зохион байгуулалттай нийт 387.412.000 төгрөгийг залилсан нь тогтоогдож байхад торгуулийн ял оногдуулж буй нь шүүх ялыг оноохдоо энэ хүний үйлдсэн гэмт хэргийн цар хүрээ, хохирогч миний амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд ноцтой хохирол учруулсан. Дээрх нөхцөл байдалд ямар нэгэн дүгнэлт өгөхгүйгээр торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэнд хохирогч би үнэхээр гомдолтой байна. Мөрдөн байцаалтын болон прокурор, шүүхийн шатанд “Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1 га газар өгье, Төв аймгийн Эрдэнэ сум, Сэргэлэн суманд хэд хэдэн га газар өгье, Тэрэлж, Шарга морьтод зуслангийн газар өгье, Налайх дүүрэгт байгаа иж бүрэн кофе шопын тоног төхөөрөмж өгье, 2014 оны “Landcruiser 200” загварын автомашин өгье, яг одоо аваад очлоо, Ханбогд хороололд 2 өрөө байр өгье, Архангай аймагт 20 толгой сарлаг, 10 толгой үхэр өгье. ...” гэж, хамгийн сүүлд "13 дугаар хороололд байрлах “Morning Star Residences” хотхонд 4 өрөө байр найдвартай өгөхөөр болсон, хэд хэдэн байр байгаагаас үзээд сонго. ...” гэж хэлсний дагуу миний бие 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр очиж үзэхэд энэ нь мөн адил худал байсан. Энэ мэтээр бүхий л  хугацааны турш хуурч, цаг хугацаа хожиж, биднээр тохуурхан доромжилж, худал амлалт өгсөөр өнөөдрийг хүрсэн. Б.А нь ямар хөрөнгөөр яаж миний хохирлыг барагдуулах талаар хуулийн байгууллагын аль ч шатанд тодорхой ажиллагаа хийгдээгүй. Бусад хохирогч нарын хохирлыг надаас авсан 194.012.000 төгрөгөөр төлсөн байх магадлалтай байна. Шүүх хуралдааны явцад 3 хохирогчийн хохирлыг барагдуулж, миний хохирлыг барагдуулаагүй мэт нөхцөл байдлыг харагдуулж, ял завшиж байгаа нь илт байна. Надад учирсан хохирол огт төлөгдөөгүй, барагдаагүй байхад одоогийн байдлаар мөнгөний ямар ч эх үүсгэвэргүй хүнд 10.000.000 төгрөгийн торгуулийн ял оноогоод байгаа шүүхийн шийдвэрийг иргэн миний бие үнэхээр ойлгохгүй байна. Б.Агийн 4 удаагийн 387.412.000 төгрөгийг залилсан үйлдэл нь байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон шинжтэй байх ба тэрээр надаас болон бусад хохирогчоос авсан мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан, бусдад зээлсэн байдлаар мэдүүлж байгаа нь уг гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон шинжтэй байна. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох өөрийнх нь мэдүүлэг болон бусад баримтуудаар бүрэн тогтоогдсон байдаг. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Ад хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Л.Багийн өмгөөлөгч Б.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд дунд 2000 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Налайх дүүрэгт 38 мкв орон сууцыг бусдад худалдсан гэх эд хөрөнгийн лавлагаанаас өөр эд хөрөнгөтэй холбоотой болон хохирол төлөхтэй холбоотой лавлагаа хавтас хэргийн материалд байхгүй. Шүүгдэгч Б.А нэг талаас харахаар гэм буруугаа хүлээж байгаа мэт боловч нөгөө талаас харахаар гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээн зөвшөөрөөгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлгийг өгөөд байдаг. Бусдаас залилж авсан мөнгийг Цэцэгжаргал гэх хүнд зээлүүлсэн гэж нэг ярьдаг. Нөгөө талаасаа би уг мөнгийг өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэсэн юм гэдэг. Шүүгдэгчийн өгөөд байгаа мэдүүлгүүд тогтворгүй. 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 14.400.000 төгрөг залилсан үйлдлийг яллах дүгнэлтэд оруулаагүй, хохирогч уг үйлдлийг мэдүүлээд байдаг. Уг үйлдлийн хохирлыг Нараа гэх хүн төлсөн асуудал харагддаг. Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс харахад Нараа, Тува, Тулга, Цэцэгжаргал гээд хүмүүст мөнгийг өгсөн гээд мэдүүлээд байдаг. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл үйлдсэн гэмт хэргийн шинж чанарт тохирсон байх ёстой. Гэтэл тохирсон ял шийтгэлийг анхан шатны шүүх оногдуулаагүй байна. Шүүгдэгч Б.А нь хохирогч Л.Багаас 89.860.000 төгрөг болон 39.000 долларыг бэлнээр хүлээж авсан байдаг. Бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн эх сурвалжид хохирол учруулсан гэж гомдол гаргасан. Үүнийг нь өмгөөлөгчийнх нь зүгээс дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа шүүгдэгч Б.А нь хохирогч Л.Бад 450.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Өмнө нь 2.000.000 төгрөгийн хохирол төлсөн ба нийт 2.450.000 төгрөгийг барагдуулсан байна. Хохирогч Л.Ба “хохирлоо аваагүй байхад анхан шатны шүүхээс торгуулийн ял оногдуулсан” гэжээ. Анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгчийн “хохирогчид учирсан хохирол болон торгуулийн ялыг төлөх боломжтой” гэх тайлбарт үндэслэн шийдвэрээ гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн болон Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй. Шүүх хэрэгт цугларсан баримтуудад үндэслэн шийдвэрээ гаргасан. Уг хэрэг нийт 4 хохирогчтой, 3 хохирогчийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн төлж барагдуулсан. Хохирогч нар гомдолгүй болохоо илэрхийлсэн. Хохирогч Л.Багийн хохирлыг барагдуулах асуудлыг шийдвэрлэх боломжтой. Хил хаагдсан тул ямар нэгэн байдлаар орлого олох нөхцөл байдал байхгүй байна. Хорих ял оногдуулснаар хохирогчийн хохирол барагдчихдаг бол болж л байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. ...” гэв.

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.А нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны шат болон шүүхийн шатанд хүлээн зөвшөөрсөн. Бусдад учруулсан нийт 387.412.000 төгрөгийн хохирлоос 3 хохирогчийн хохирол болох 193.400.000 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлж барагдуулсан. Хохирогч Л.Багийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгч Б.А нь бага насны 2 хүүхэдтэй бөгөөд бага хүүхэд нь 1 нас 10 сартай юм. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

Прокурор Ш.Хосбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор П.Ганбаатарын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Аг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.А нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохироогүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Ад ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас их хэмжээний буюу 387.412.000 төгрөгийн хохирол учирсан, 192.012.000 төгрөгийн хохирол төлөөгүй байгаа байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр торгуулийн ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа тухайн төрлийн гэмт хэргийн улмаас нийгэмд учирч буй хохирол, хор уршиг зэрэгт анхаарч, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ялын бодлогын хувьд анхааран авч үзэх нь Эрүүгийн хууль болон эрүүгийн хариуцлагын зорилтод нийцэх юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Анхан шатны шүүх Б.Ад холбогдох хэргийн нөхцөл байдал болон учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр түүнд 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Б.Агийн хувьд ногдох эд хөрөнгө, ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх, эд засгийн болон санхүүгийн байдал зэргийг харгалзан хохирогчид учруулсан хохирол болон торгох ялыг биелүүлэх боломжтой нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, энэ талаар шийтгэх тогтоолд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчмыг хуульчилсан бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийх нь шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Л.Багийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор П.Ганбаатарын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Л.Багийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор П.Ганбаатарын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Б.Ад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                                       Д.МЯГМАРЖАВ

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ