| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0287/З |
| Дугаар | 221/МА2026/0232 |
| Огноо | 2026-04-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2026/0232
Б ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э
Нэхэмжлэгч: Б ХХК
Хариуцагч: Нийслэлийн ерөнхий архитектор
Нэхэмжлэлийн шаардлага: Б ХХК-д Нийслэлийн ерөнхий архитектороос олгосон **23 оны 06 дугаар сарын 29-ний өдөр МЗХ**23/**-*** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу боловсруулагдаж хийгдсэн барилгын загвар зургийг батлахаас татгалзах тухай **25 оны 02 дугаар сарын **-ны 05-02/1108 дугаар албан бичгээр гаргасан шийдвэр буюу энэхүү барилгын загвар зургийг батлахгүй байгаа Нийслэлийн Ерөнхий архитекторын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг барилгын загвар зургийг батлахыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн **26 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 118/ШШ**26/0130 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/**25/0287/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б ХХК-иас Нийслэлийн Ерөнхий архитекторт холбогдуулан Б ХХК-д Нийслэлийн Ерөнхий архитектораас олгосон 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр МЗХ**23/**-*** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу боловсруулагдаж хийгдсэн барилгын загвар зургийг батлахаас татгалзах тухай 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 05-02/1108 дугаар албан бичгээр гаргасан шийдвэр буюу энэхүү барилгын загвар зургийг батлахгүй байгаа Нийслэлийн Ерөнхий архитекторын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг барилгын загвар зургийг батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0130 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.3-т заасныг баримтлын нэхэмжлэгч Б ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б ХХК-ийн загвар зураг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу загвар зургийг батлах эсэхийг шийдвэрлэхийг Нийслэлийн Ерөнхий архитекторт даалгаж шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Б ХХК-иас 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн "Хүсэлт гаргах тухай" 23/06/07 дугаар хүсэлтийг судалж Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/815 дугаар захирамжтай Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт, Үйлдвэр үйлчилгээний бүсчлэлд Ч ө ч-ийн урд талд байршуулан орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 2.0428 га газар болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн **23 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2023/0187 дугаартай шийдвэрийг үндэслэн **23 оны Мэргэжлийн зөвлөлийн 23 дугаар хурлаар хэлэлцүүлж МЗХ2023/**-*** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2 жилийн хугацаатай олгосон байдаг.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчаас зургийг хянах үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаарх баримт ирүүлээгүй, гагцхүү барилгын загвар зургийг батлах ерөнхий архитекторын эрх хэмжээ нь тухайн барилгажилтын үйл ажиллагаа, хот төлөвлөлтийн болон эрүүл ахуйн шаардлага, инженерийн хангамж, архитектур телевлөлтийн шаардлагыг хэрхэн хангаж байгаагаас хамааран нэмж тодруулах, татгалзах байдлаар хэрэгжих зохицуулалттай гэж дүгнэсэн хангалттай бус үндэслэл болжээ. Мөн Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасанчлан хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, гомдол санал санаачилгыг сонсох үүрэгтэй гэж тайлбарласан боловч Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасан иргэн хуулийн этгээдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх ашиг сонирхлыг харгалзан үзэх үүргээ хэрэгжүүлсэн нөхцөл байдлыг үгүйсгэсэн шийдвэр гаргасан.
Түүнчлэн нэхэмжлэгч талын "...зөвлөл зөвшөөрсөн тул ерөнхий архитектор нь зургийг батламжилж гарын үсэг зурах үүрэгтэй" гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн хэр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, нотлох баримт болоод нөхцөл байдлыг буруу үнэлж дүгнэсэн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0130 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаж, дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б ХХК-иас Нийслэлийн ерөнхий архитекторт холбогдуулан гаргасан “Б ХХК-д Нийслэлийн Ерөнхий архитектороос олгосон 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр МЗХ2023/**-*** дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ын дагуу боловсруулагдаж хийгдсэн барилгын эх загвар /эскиз/ зургийг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, барилгын загвар зургийг батлахыг Нийслэлийн Ерөнхий архитекторт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 585 дугаар шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
2.1. Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 662 дугаар магадлалаар “...анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж буй “эх загвар (эскиз) зураг”, “загвар зураг” зэргийг ялгаж салгаж авч үзэлгүйгээр нэг акт мэтээр дүгнэлт хийж, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага зөрүүтэй байдлаар тодорхойлсон байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан..., Түүнчлэн... Хот байгуулалт, хотын стандартын газрын дэргэдэх Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн хуралдаанаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу төлөвлөх саналыг 8 гишүүн дэмжиж 100 хувийн саналаар зөвшөөрч шийдвэрлэсэн атал нийслэлийн Ерөнхий архитектор нь ямар шалтгааны улмаас одоог хүртэл биелүүлэхгүй байгааг бүрэн тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна...” гэж тус тус дүгнэн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.
2.2. Анхан шатны шүүхээс магадлалд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчаас нэхэмжлэгчийн барилгын загвар зургийг батлахгүй байгаа эс үйлдэхүйн үндэслэлийг тодруулах ажиллагааг хийхэд нэхэмжлэгчээс “Б ХХК-д Нийслэлийн ерөнхий архитектороос олгосон 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр МЗХ2023/**-*** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу боловсруулагдаж хийгдсэн барилгын загвар зургийг батлахаас татгалзах тухай 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05-02/1108 дугаар албан бичгээр гаргасан шийдвэр буюу энэхүү барилгын загвар зургийг батлахгүй байгаа Нийслэлийн Ерөнхий архитекторын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг барилгын загвар зургийг батлахыг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
3. Мөн анхан шатны шүүхээс “...нэхэмжлэлийн “...Я ХХК-ийн гаргасан загвар зургийг батлахыг даалгах” нэхэмжлэлийг шууд хангаж шийдвэрлэх боломжгүй, хариуцагч нийслэлийн Ерөнхий архитектор нь Я ХХК-ийн үйлдсэн ... загвар зураг нь дээрх 11 дэх хэсэгт шаардлага хангасан эсэхийг хянах, 17 дахь хэсэгт дурьдсан нөхцөл байдлуудтай хэрхэн уялдах, эсхүл зөрчилдөх эсэхийг дүгнэсний үндсэн дээр загвар зургийг батлах эсэхийг шийдвэрлэх шаардлагатай...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас барилгын Загвар зургийг батлахгүй байгаа эс үйлдэхүйн үндэслэлийг тодруулахад Нийслэлийн Ерөнхий архитекторын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04/8389 тоот албан бичгээр “Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад “иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол”-ыг эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо харгалзан үзэх тул иргэн Б.Ж-ын гаргасан өргөдөл гомдлын дагуу МЗХ2023/**-*** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу боловсруулагдсан Загвар зургийг батлахаас татгалзсан болно” гэжээ.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж,
Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэсэн хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх анхаараагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
6. Учир нь хариуцагчаас барилгын загвар зургийг батлахгүй байгаа эс үйлдэхүйн үндэслэлээ тайлбарлахдаа “...иргэн Б.Ж-ын гаргасан өргөдөл гомдлын дагуу МЗХ2023/**-*** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу боловсруулагдсан Загвар зургийг батлахаас татгалзсан болно...” гэж маргажээ.
7. Тодруулбал, Б.Ж-ын **24 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг даргад гаргасан “... хэдийгээр газар нь бусдын эзэмшилд байх боловч Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэсэн суурь зарчим, ...газрын зориулалт, төлөвлөлтийг нийслэл дангаар мэдэн буцаан төрд авах, улмаар иргэдэд ээлтэй хотыг хөгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд нийт иргэдийн амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн, спортын төв байгуулах бүрэн боломжтой... Хэрэв бидний амьдарч буй орчны эсрэг хүүхэд, залуус, хөгшид, цаашлаад байгаль орчинд халгаатайг мэдсэн атлаа барилгын эскиз зургийг баталсан шийдвэрээ эргэж харахгүй, барилгыг бариулах болсон тохиолдолд бид дараа, дараагийн арга хэмжээг авахаа үүгээр мэдэгдэж байна...” гэх агуулга бүхий хүсэлтийг үндэслэн Б ХХК-ийн Загвар зургийг батлахаас татгалзсан байна.
8. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийн татгалзлын үндэслэлд дурдагдсан мөн, энэхүү маргааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардагатай эсэхэд дүгнэлт хийгээгүй, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/05 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн бүрэлдэхүүний үйл ажиллагааны хамрах хүрээнд “Гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангуулах” талаар тусгасан байгааг анхаараагүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05/02/133 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн Б ХХК-ийн эзэмшлийн газарт холбогдуулан Б.Ж-аас гаргасан өргөдөл, холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт зэрэг нотлох баримтад дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцсэнгүй.
9.Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6-д “хариуцагч... барилгын загвар зургийг батлах, эсхүл нэмэлт тайлбар тодруулга гаргуулахаар буцаах, татгалзах эрхтэй” гэж дүгнэсэн атлаа, тус хэсгийн 7-д “хариуцагч нь хуулиар хүлээсэн үүрэг болох зураг төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж загвар зургийг батлах эсэхийг шийдвэрлэхгүй ... эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй” гэсэн зөрүүтэй дүгнэлт хийсэн байгааг анхаарвал зохино.
10. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 662 дугаар магадлалд “...Хот байгуулалт, хотын стандартын газрын дэргэдэх Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн хуралдаанаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу төлөвлөх саналыг 8 гишүүн дэмжиж 100 хувийн саналаар зөвшөөрч шийдвэрлэсэн атал нийслэлийн Ерөнхий архитектор нь ямар шалтгааны улмаас одоог хүртэл биелүүлэхгүй байгааг бүрэн тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна...” гэж дүгнэн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Уг үндэслэлийг анхан шатны шүүх нэмж тодруулсан боловч хариуцагчийн татагалзлын үндэслэлд дурдсан иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэх талаарх үндэслэлийг тодруулах ажиллагааг хийгээгүй.
Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийн оролцогчийн эрхийг хангалгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, маргааны үйл баримттай холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 118/ШШ**26/0130 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН