Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 81

 

Х.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2014/00568/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.О-цэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 606 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Д-,

Хариуцагч И.Э-,

Хариуцагч Д.Т-,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

          “2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр А.Х-, Х.Н-, Х.Д- нарын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл болон түүний үндсэн дээр хийсэн бүх хэлцлийг хүчингүйд тооцуулах, орон сууц өмчлөх эрх сэргээлгэх” тухай иргэний хэргийг,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Ч-,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.О-,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Ц- нарын хариуцагч М.Д-д холбогдуулан

“Байрны түрээсийн үлдэгдэл 1.300.000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тээврийн зардал 58.000 төгрөг, хууль бус эзэмшлээс 34 тоот орон сууцыг чөлөөлүүлэх, 2016 оны 06 дугаар сарын 13-аас 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 1.200.000 төгрөг гаргуулах” тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-, Х.Бат-Ялалт, хариуцагч М.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

            Нэхэмжлэгч Х.Н-гээс:

Би Дархан-Уул аймаг, Дархан сумын хуучин хорооллын 19 дүгээр байрны 34 тоотод эцэг, эх, дүүгийн хамт амьдарч байгаад 1997 оноос Улаанбаатар хотод шилжин суурьшиж нөхөр хүүхдүүдийн хамт амьдарч байна. Эх н.Л- 2001 онд нас барж, миний төрсөн дүү Х.Д- эхнэр хүүхдийн хамт аавыг асрамжилж амьдардаг байсан. Аав маань биеийн байдал тааруу, хараагүй, унаж татдаг, сэтгэцийн өөрчлөлттэй, олон жил хүний асрамжид байгаа юм. Миний дүү Х.Д- 2013 оны 11 дүгээр сарын 19-нд барилгын засварын ажил хийж байгаад унаж нас барсан. Миний эцгийн 4 өрөө байрны асуудлаар ярилцаж тохиролцон байрыг худалдаж талийгаач дүүд ногдох хувь хэсгийн үнийг өгөхөөр М.Д-тэй тохиролцсон боловч байрны бичиг баримтыг өгөөгүй. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар очиж байрныхаа лавлагааг гаргуулж авах гэтэл аавын чинь нэр дээр уг байр байхаа больсон, хамтран өмчлөгчөөр миний нэрийг ч байхгүй байна гээд лавлагаа өгөөгүй. Ямар үндэслэлээр аав бид 2-ын зөвшөөрөлгүйгээр байрны өмчлөгчөөр өөр хүмүүс тогтоогдсоныг ойлгохгүй байна. Хууль бус эзэмшлээс байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авахыг шаардаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-аас:

Х.Н- нь 2014 онд нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, 1-р хороолол 19-34 тоот 4 өрөө орон сууц нь А.Х-, Х.Д-, Х.Н-, Л- гэх 4 хүний өмчлөлд байсан. Гэтэл дээрх 4 өрөө орон сууцын өмчлөлөөс Л-гийн нэрийг хасаад Х.Н-, Д- нарын өмчлөлийн орон сууц болгон 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хасагдах хэлцлийг хийсэн байна. Уг хэлцлийг тухайн үед тойргийн нотариатч И.Э- баталсан. Хасагдах хэлцлийг хийхдээ М.Д- нь А.Х-, Л-, Х.Д- нарыг байлцуулахгүйгээр тэдний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн. Манай талаас гэрээнд зурагдсан гарын үсгийг удаа дараа шинжлүүлэхэд нэг хүний гараар бичигдсэн болох нь тогтоогдсон. 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээнд 4 өрөө орон сууцны өмчлөгч Х.Д- гэж гарсан байсан. Дээрх 4 өрөө орон сууц нь нэг хүний өмч гэж гарсан байсан учраас Х.Н- шүүхэд хандах болсон. Х.Н- өөрийн сайн дураар өвлөх эрхээсээ татгалзаагүй байхад түүний гарын үсгийг хуурамчаар зурж, хасах хэлцэл хийсэн. Сүүлд 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдөр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд М.Д- өөрийнхөө нэрийг хамтран өмчлөгчөөр оруулсан улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, мөн 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн Х.Д-, М.Д-, гуравдагч этгээд Л.Ч-, З.О-, Н.Ц- нарын хооронд хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, мөн М.Д- 4 өрөө орон сууцын Л.Ч-, З.О-, Н.Ц- нарт 25.000.000 төгрөгөөр худалдсан талаарх баримт хэргийн материалд байсан. 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зөвхөн Х.Д-той худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Харин дараа нь 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн гэрээнд хамтран өмчлөгчөөр М.Д- гэж оруулж ирсэн байдаг. М.Д- 4 өрөө орон сууцын өмчлөгчийн гэрчилгээнд өөрийнхөө нэрийг оруулахын тулд дахин 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэрээ хийсэн. Гэтэл хууль зөрчин автоматаар орон сууц худалдах, худалдан авах гэрээнд М.Д-гийн нэр орсон байдаг. 2013 оны 10 дугаар сард талийгаач Х.Д- манай байранд засвар хийж өгөөд явахад эгч Х.Н- дүүтэйгээ уулзаад байрны талаар ярьсан. Тэгэхэд Х.Д- байр асуудалгүй байгаа, зарсан худалдсан гэж яриагүй, харин 10.000.000 гаруй төгрөгийн зээлийг М.Д- “Хашчулуун” эмнэлэг ажиллуулахаар авсан гэж ярьсан байдаг. Ямар ч байсан Х.Н-, талийгаач Х.Д- нарын хооронд 4 өрөө байрыг хувааж авна гэсэн зүйл яригдаж байсан. 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 07 дугаар сар хүртэл Х.Н- аав Х-ыг асарч байгаад 2014 оны 7 дугаар сараас хойш энэ 4 өрөө байр эзэнгүй байсан учир бид Улаанбаатар хот руу явахдаа цоожлоод явсан. Гуравдагч этгээд нар төөрөгдөлд орж 4 өрөө байрыг худалдан авсан бол эрх нь хамгаалагдах талтай. Хэрэгт авагдсан баримтаас харахад Л.Ч-, З.О-, Н.Ц- нар байрыг 55.000.000 төгрөгөөр худалдан авсныг хүлээн зөвшөөрч байна. Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, 1-р хороолол 19-34 тоот 4 өрөө орон сууцыг Х.Н-гийн өмчлөлд шилжүүлнэ гэхээсээ илүү хэргийн бодит байдалтай уялдуулан Х.Н-, түүний эцэг н.Х-д ногдох хэсэг гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх саналтай байна. 2014 онд 80.000.000 төгрөгөөр зарахаар байсан бол Л.Ч-, З.О-, Н.Ц- нарт 55.000.000 төгрөгөөр зарсан байдаг учраас Х.Н-, түүний эцэг Х- нарт ногдох хэсгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагад ногдох хэсгийг гаргуулах гэсэн шаардлага байхгүй байсан, одоо уг шаардлагыг гаргаж байна гэжээ.

            Хариуцагч М.Д-гээс:

Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, 1-р хороолол 19-34 тоот 4 өрөө орон сууцад манай хадам аав н.Х-, түүний охин Х.Н-, манай нөхөр Х.Д-, түүний ээж н.Л- гээд бид 5-лаа амьдарч байсан. Би энэ 4 өрөө байранд талийгаач нөхөр Х.Д-, хадам аав н.Х-, 3 хүүхдийн хамт амьдарч байсан. Тухайн үед талийгаач нөхөр маань аав надад энэ 4 өрөө байрыг өгнө гэж надад ярьдаг байсан. 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хасагдах хэлцэл, өв залгамжлалын талаар би огт мэдэхгүй. Х.Д- бид хоёр хоорондоо ярилцаж байхад түүний найз н.Ц- гэх хүн н.Т-ийг “Кредит Монгол” ББСБ-ын эдийн засагч ажилтай гэж ярьж байсан талаар манай нөхөр надад хэлсэн. Дараа нь Х.Д- н.Ц-тэй хамт н.Т-тай уулзсан гэж ярьсан. Тэр үед манай нөхөр хасах хэлцлийг хийсэн юм шиг байсан. Тухайн үед 4 өрөө орон сууцыг н.Т- нь 02 жилийн хугацаатай ашиглаж байгаад өгнө гэж хэлчхээд “Кредит Монгол” ББСБ татан буугдаж, н.Т- сураггүй алга болсон. 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1-р хавтаст хэргийн 57-р хуудас гэрээнд Д.Т-, Х.Д- нар харилцан тохиролцож гэрээг байгуулав гээд гарын үсэг зурах хэсэг Х.Д-, М.Д- гэж бичсэн байгаа. Ямар ч улсын бүртгэл гэрээний үндсэн дээр гэрээ хийнэ. 2009 онд н.Т-ийг хайж олоод 4 өрөө орон сууцаа өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. Х.Д- бид хоёр ногооны бизнес эрхэлж байтал бизнес амжилтгүй болж бүтэлгүйтсэн. Тэгээд “Кредит Монгол” ББСБ-д 10.000.000 төгрөгийн зээлийн өрөнд орсон учраас 4 өрөө байр зарах зар тавьсан. Зарын дагуу Л.Ч-, Н.Ц-, З.О- нар ирсэн. Тэгээд тэдэнд байраа болж, харилцан тохиролцсон. Л.Ч-, Н.Ц-, З.О- бид нар хамт “Кредит Монгол” ББСБ-ын эдийн засагч дээр очиж, бүх тооцоогоо хасч, нотариатч И.Э- дээр очсон. Манай хадам аав н.Х- 2015 онд нас барсан. Гарын үсэг зурсан талаар би мэдэхгүй. Н.Х-, н.Л-, Х.Н-, Х.Д- нар харилцан ярилцаж тохироод хасах хэлцэл хийсэн байж, өнөөдөр намайг буруутгаж, надаас 4 өрөө орон сууцыг нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Гуравдагч этгээд нартай байгуулсан түрээсийн гэрээг 2014 оны 4 дүгээр сар хүртэл би сунгасан байсан. 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн гэрээ, 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээ, 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хасах хэлцлийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гуравдагч этгээд нартай 2014 оны 4 дүгээр сар хүртэл орон сууц хөлслөх гэрээг сунгаж, түүний төлбөр болох 1.358.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, сүүлд нэхэмжилсэн 1.200.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг 1.500.000 төгрөгөөр хийсэн гээд байна. Бид орон сууцыг өндөр үнээр зарахын тулд тэгж тавьсан. Би 2014 оны 04 дүгээр сар хүртэлх түрээсийн төлбөрийг төлнө. Би 01 дүгээр сард байрнаасаа гарсан. Надтай гэрээ байгуулсан учраас би төлбөрөө төлнө гэж тайлбар хийсэн.  Харин 2014 оны 04 дүгээр сараас хойших төлбөрийг би төлөхгүй. 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг би ганцаараа хийгээгүй. Би гуравдагч этгээдээс нэхэмжилж байгаа 1.358.000 төгрөгийг төлнө, харин 1.200.000 төгрөгийг А.О- төлөх ёстой гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Ц-гээс:

Би хамтран өмчлөгчид болох Л.Ч-, З.О- нарын хамт 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Х.Даваадорж, М.Д- нараас Дархан сумын 16-р баг, 1-р хороолол, 19-р байрны 34 тоот 4 өрөө орон сууцыг худалдан авсан ба мөн өдрөөс хөлслүүлж эхэлсэн. Хөлслүүлэх явцад М.Д- нь түрээсийн төлбөрөө удаа дараа төлөхгүй хойшлуулж ирсэн ба 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хамтран өмчлөгч Л.Ч-, З.О- бид уулзахад 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрээний үлдэгдэл 3.600.000 төгрөгийг хийж, 05 дугаар сарын 20-ны өдөр байр чөлөөлж өгнө, төлбөрийг хугацаанд нь хийхгүй бол эхний 2 сарын алданги 400.000 төгрөг нэмж төлнө гэсэн боловч одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Байрны түрээсийн үлдэгдэл 1.300.000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тээврийн зардал, 58.000 төгрөг  нийт 1.358.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Ч-, З.О- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц-гээс:

2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 3 сарын 1.200.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Одоо бид хууль ёсоор өмчилж авсан байраа өмчлөгч бус хүмүүсийн шударга бус эзэмшлээс суллуулж чадахгүй 5 сар болж байгаа уг байрыг хууль бус эзэмшлээс гаргуулж өгөхийг хүсч байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваахүүгээс:

Маргаан бүхий орон сууцыг 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Л.Ч-, З.О-, Н.Ц- нар худалдан авсан. Уг гэрээ хүчин төгөлдөр, 4 өрөө байрны өмчлөгч нь Л.Ч-, З.О-, Н.Ц- нар юм.  О-, Ц- нар энэ 4 өрөө байрны өмчлөгч. Л.Ч-, З.О-, Н.Ц- нар хуульд заасны дагуу гэрээ хийж, төлбөрөө төлөөд улсын бүртгэлд бүртгэл хийлгэсэн. Х.Д-, М.Д- нарыг энэ 4 өрөө байрны өмчлөгч нь мөн гэснийг тодорхойлсон байсан учир Л.Ч-, З.О-, Ц- нар байрыг худалдаж авахад ямар нэг асуудалгүй гэж үзээд худалдан авсан байдаг. Тухайн үед 4 өрөө байрыг 10.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаа, барьцааны төлбөрийг төлөөд үлдэгдэл мөнгөө бидэнд өгөөд ав гэж хэлсэн. Тэгээд зээлийг төлж, үлдэгдэл төлбөрийг Х.Д-, М.Д- нарт төлөөд байрыг авсан. Хасагдах хэлцлийг Х-, Х.Д-, Х.Н- нар хийсэн болохоос М.Д- байгаагүй. 4 өрөө орон сууцыг мөнгөн хэлбэрээр нэхэмжлэх боломж байхад орон сууц хэлбэрээр нь шаардаад байгаа нь буруу юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Л.Ч-, З.О-, Н.Ц- нар Х.Д-, М.Д- нартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийхдээ 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг дутуу төлсөн учраас алданги 1.200.000 төгрөгт үндсэн төлбөр 1.358.000 төгрөг нийт 2.558.000 төгрөгийг М.Д-гээс нэхэмжилж байна. 2007 онд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр болно. Учир нь нэхэмжлэгч тал тэдгээр хариуцагч нараас татгалзсан. 2006 онд Д.Т-д худалдсан гэрээ, 2009 онд орон сууц худалдах, худалдан авах гэрээ хэвээр бол 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хуулийн үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага хангагдах ямар ч үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 606 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т зааснаар нэхэмжлэгч Х.Н-гийн 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 1-р хороолол, 19-р байрны 34 тоот орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл, Д.Т- Х.Д- нарын хооронд байгуулагдсан 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Х.Д-, М.Д-, Л.Ч-, З.О-, Н.Ц- нарын хооронд байгуулагдсан 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууц өмчлөх эрхээ сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч И.Э-, Д.Т-, Улсын бүртгэлийн хэлтсээс тус тус татгалзсан болохыг дурдаж,

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар хариуцагч М.Д-гээс байрны түрээсийн үлдэгдэл 1.300.000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тээврийн зардал 58.000 төгрөг тус тус гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Ч-, З.О-, Н.Ц- нарт олгож, 1.200.000 төгрөг гаргуулах, хууль бус эзэмшлээс 34 тоот орон сууцыг чөлөөлүүлэх бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Н-гээс урьд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Ц- нарын улсын тэмдэгтийн хураамжид 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 36.678 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 33.350 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төлсөн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлд ногдох 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид 36.678 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О- давж заалдсан гомдолдоо:

2009 оны 08 дугаар сарын 04-ний өдөр М.Д- өөрийгөө хамтран өмчлөгчөөр оруулан хэлцэл хийхэд Л- 2001 онд нас барсан байна. Х.Н- тэр үед Дархан хотод байгаагүй байхад хариуцагчийн худал ярьснаар шүүгч дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан. 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хамтран өмчлөх хэлцэлд А.Х-, Х.Д-, Х.Н- нар өөрсдөө гарын үсэг зурах эсвэл тэднийг төлөөлөн гарын үсэг зурах итгэмжлэл олгогдсон тохиолдолд нэг этгээд бусдыг төлөөлөн гарын үсэг зурдаг. Гэтэл ямар нэг итгэмжлэлгүйгээр нэг этгээд 3 хүний өмнөөс гарын үсэг зурсан байдал хангалттай тогтоогдож байх тул уг өдрөөс хойш хийгдсэн бүх гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус боловч гэрээний нэг тал болох өмчлөгч Х.Д- 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан тул энэ маргаанд хариуцагч М.Д-д хамааралтай нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна. Гэтэл хариуцагч М.Д-гийн гэм буруугүйг өөрийнх нь тайлбараас өөр ямар нэг нотлох баримтаар тогтоож байгаа нь тодорхойгүй. Ц.Т-тай ямар холбоотой, ямар учраас хамтарч дээрх гэрээ хэлцлүүдийг бичиж өмчлөгч нарын өмнөөс гарын үсэг зурсан болохыг огт тогтоогоогүй байна. Анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн гэдгийг дүгнэсэн боловч нэхэмжлэгч Х.Н-гийн өмчлөх эрх зөрчсөн болохыг тогтоогоогүй. Мөн хүчин төгөлдөр бус хэлцэл хийхэд Х.Н-, Х-, Х.Д- нарын хэн хэн нь байгаагүй, гарын үсгээ зураагүй болохыг шүүх шинжилгээний байгууллага удаа дараа тогтоосоор байтал талийгаач Х.Д-ын нас барсан үйл явдалтай холбож дүгнэсэн нь буруу юм. Өмчлөх эрх сэргээлгэх шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бодитойгоор шинжлэн судалж хэргийн бодит үнэнийг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

            Нэхэмжлэгч Х.Н- хариуцагч М.Д-д холбогдуулж 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А.Х-, Х.Н-, Х.Д- нарын хооронд хийгдсэн “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл” түүний үндсэн дээр хийгдсэн бүх хэлцлийг хүчингүйд тооцуулах, орон сууц өмчлөх эрхээ сэргээлгэх шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч М.Д- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О- шүүх хуралдааны шатанд 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл, 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Х.Д-, Д.Т- нарын хооронд хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2009 оны 08 дугаар 04-ний өдрийн Д.Т-гаас Х. Д-, хамтран өмчлөгч М.Д- нарт орон сууц худалдсан гэрээ, 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Х.Д-, М.Д- нараас Л.Ч-, З.О-, Ч.Ц- нарт орон сууц худалдсан гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын хуучин хороолол 19 дүгээр байрны 34 тоотын өмчлөгчөөр нэхэмжлэгч Х.Н-г тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Нэхэмжлэгч Х.Н- маргаж буй байрны хамтран өмчлөгч мөн бөгөөд надад мэдэгдэлгүйгээр дээрх хэлцэл, гэрээнүүд хийгдсэн байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Х.Н- Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, нотариатч И.Э-, иргэн Д.Т- нарыг хариуцагчаар татах хүсэлт гаргаж, шүүх тэдгээрийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан, эдгээр хариуцагчдын хэнээс юу шаардаж байгаа нь тодорхойгүй, шүүх энэ талаар тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О- хамтран хариуцагч Д.Т-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т-,  хамтран хариуцагч И.Э-, Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мэндбаяр нарыг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах санал хэлсэн байх бөгөөд шүүх эдгээр  хамтран хариуцагч нарт холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас хамтран хариуцагч нарыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулна гэснийг хамтран хариуцагч нараас бүр мөсөн татгалзсан гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй.

 Хариуцагч М.Д- шүүх хуралдааны шатанд өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргасан байх бөгөөд энэхүү хүсэлтийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасныг ноцтой зөрчиж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүх хуралдаанд мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлтэй байх ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т заасныг зөрчсөн байна гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.3-т заасан “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 604 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Н-д олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ЭНХЖАРГАЛ                             

                                            ШҮҮГЧИД                                         С.ОЮУНЦЭЦЭГ                      

                                                                                                      Л.АМАРСАНАА