Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/291

 

 

 

 

 

 

    2023          04          13                                   2023/ШЦТ/291

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр,

хохирогч О.Б, түүний өмгөөлөгч А.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт А-н А-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.А нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Кензо” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан О.Б-н нүүрэн тус газарт шил мэт зүйл шидэж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дээд хананы хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А-ны өгсөн “...Хохирогчоос уучлалт хүсэж байна. Би согтуудаа буруу үйлдэл гаргасан, харамсаж байна. Хохирогч бид хоёр бие биеэ таньдаггүй. Тухайн бааранд би таньдаг эмэгтэйтэй юм яриад сууж байсан юм. Гэтэл хохирогч О.Б намайг танихгүй эмэгтэйг өдөж, хоргоож байна гэж ойлгосон юм шиг байсан. Тэгээд над дээр ирээд намайг юм шидэхэд хүргэсэн. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэх мэдүүлэг,

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Б-ны өгсөн “...Би гомдолтой байна, эмнэлэгт үзүүлэхэд цаашид эмчийн хяналтад байх шаардлагатай, эмчилгээний төлбөрт 3.000.000 төгрөг шаардагдана гэж хэлсэн. Би барилгын ажил хийдэг тул өөрөөсөө эмчилгээний төлбөр гаргаж эмчилгээ хийлгэх боломжгүй байна.  Хөмсөгний сорви үүссэн хэсэгт хааяа хатгаж өвддөг. Зүүн нүдний буланд  цагаан туяа харагддаг болсон. Эмчилгээний төлбөрт 263.000 төгрөг төлсөн. Одоо хөмсгөө бүтэн болгож лазерын эмчилгээ хийлгэх 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Нүдээ дахин эмнэлэгт үзүүлж чадаагүй байгаа...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн *** дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Б-н хохирогчоор өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө 01 цагийн үед найз Б, О нарын хамт Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” нэртэй бааранд ороод хүний 2 шил, нийт 6 шил архи захиалж уусан. 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байх үед Б явсан. Найз О бид хоёр байж байгаад удалгүй гарах гээд байж байсан чинь үл таних нэг залуу, үл таних нэг эмэгтэйг дургүй байх үед нь хоргоогоод байсан. Би үл таних залууд хандаж чи эмэгтэй хүний биед хамаагүй хүрч болохгүй гэж хэлсэн чинь үл таних залуу над руу уурлаад дайраад байсан. Тэгээд тэр залуу шил аваад над руу шидэх үед миний зүүн нүд хэсэгт оноод нүднээс цус гарсан. Удалгүй цагдаагийн алба хаагч ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 13 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.О-н гэрчээр өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 21 цагийн орчимд Улаанбаатар хотод Саппарогийн тэнд байдаг манай арван жилийн найзууд болох Б, Б бид 3 манай ахынд уулзаад нэг 0.75 граммын архи гурвуулаа хувааж уугаад “**” гэх бааранд орж сууцгаасан. Тэндээ нэг, нэг жижиг пиво уучихаад 2 дахь пивонуудаа захиалж аваад ууж байтал манай найз Б  гэр рүүгээ явсан. Тухайн үед 1-2 цаг болж байсан. Бид хоёр үлдсэн пивоо ууж, бүжгийн талбай дээр бүжиглэж байтал шил пас хийж хагараад манай найз нүдээ дараад талбай дээр суучихсан байсан. Манай найз руу ширээн дээр сууж байсан цагаан өнгийн цамцтай залуу пивоны шил шидсэн байсан. Тэгээд Б цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай О.Б--н биед зүүн нүдний ухархайн дээд хананы хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд А.А-н яллагдагчаар өгсөн: “...Би хохирогч Б-тай уулзаж, уучлалт гуйсан бөгөөд тухайн үед Б надаас юу  болсон талаар асуухаар нь би санахгүй байна гэтэл Б- “би чам дээр өөрөө очиж маргаан үүсгэсэн. Би чамайг танихгүй эмэгтэйг хоргоогоод байгаа юм байх гэж бодоод очсон чинь таньдаг хүн чинь байсан байна. Тэгээд чи над руу шил шиддэг нь юу юм” гэж хэлсэн. Би тухайн үед бааранд болсон асуудлын талаар санахгүй байгаа бөгөөд хохирогч Б-т эмчилгээний төлбөр 140.000 төрөг төлж барагдуулсан. Үлдсэн хохирол төлбөрийг удахгүй төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст  хэргийн 36-37 дахь тал/,

 

Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол /хавтаст хэргийн

45 дахь тал/, 

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4-6 дахь

тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Б-н гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд болох “Сөүл” нүдний төвийн үзлэгийн 400.000 төгрөгийн баримт, “Орбита” эмнэлгийн үзлэгийн 60.000 төгрөгийн баримт, “Орбита” эмнэлгийн нүдний дусаагуур 15.000 төгрөгийн баримт, 8.000 төгрөгийн баримт, “Сондра” ХХК-йн Биомикроскопийн нүдний үзлэгийн 35.000 төгрөгийн баримт, “Мед траума” эмнэлгийн үзлэгийн 140.000 төгрөгийн баримт /хавтаст хэргийн 42-43 дахь тал/  зэргийг тус тус  шинжлэн судлав.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл:

Шүүгдэгч А.А нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “***” бааранд О.Б-н нүүрэн тус газарт нь шил мэт зүйл шидэж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дээд хананы хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Энэ болсон үйл баримтын талаар хохирогч О.Б “...Үл таних нэг залуу, үл таних нэг эмэгтэйг дургүй байх үед нь хоргоогоод байхаар нь би залууд хандаж “чи эмэгтэй хүний биед хамаагүй хүрч болохгүй” гэж хэлсэн чинь тэр залуу над руу уурлаад дайраад байсан. Тэгээд шил аваад над руу шидэх үед миний зүүн нүд хэсэгт оноод нүднээс цус гарсан...” гэж /хавтаст хэргийн 10-11, 13 дахь тал/, гэрч Н.О “...2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “**” гэх бааранд орж сууцгаасан. Бүжгийн талбай дээр бүжиглэж байтал шил пас  хийж хагараад манай найз нүдээ дараад талбай дээр суучихсан байсан. Манай найз руу ширээн дээр сууж байсан цагаан өнгийн цамцтай залуу пивоны шил шидсэн байсан...” гэж /хавтаст хэргийн 17-19 дахь тал/ тус тус мэдүүлжээ.

 

Мөн нотлох баримтуудыг шинжлэн судалбал Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай дүгнэлт хэрэгт авагдсан байх ба хохирогч О.Б-н эрүүл мэндэд учирсан дээрх шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч А.А хохирогчийн нүүрэн тус газарт нь шил мэт зүйл шидэж гэмтэл учруулсан шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

           

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай ба шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч А.А-ыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан О.Б-н нүүрэн тус газарт нь шил мэт зүйл шидэж эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дээд хананы хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос А.А-нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч А.А-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

 Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.А-нд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.А-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч А.А-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 /гурван зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч А.А-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус  хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Б- нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд баримтаар 263.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч А.А төлж барагдуулсан байна.

 

Хавтаст хэргийн 43 дахь талд авагдсан “Сондра” ХХК-ийн Биомикроскопийн нүдний үзлэгийн 35.000 төгрөгийн баримт нь цаг хугацааны хувьд хэрэг гарсан гэх цаг хугацаанаас өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн баримт байх тул нотлох баримтаар тооцох үндэслэлгүй байна. Харин нотлох баримтаар нэхэмжилсэн 30.000 /гучин мянган/ төгрөгийг шүүгдэгч А.А-с гаргуулж хохирогч О.Б-т олгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  1 /нэг/ ширхэг сидийг хэргийн хамт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Б овогт А-н А-ныг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч А.А-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 /гурван зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидийг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч О.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.А-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-с нийт 30.000 /гучин мянган/ төгрөг гаргуулж, хохирогч О.Б-т олгосугай.

 

 8. Шүүгдэгч А.А нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ