Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/14

 

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Мандалбаяр, хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч М.Отгонбаяр, О.Нямдорж   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Отгонбаяр, О.Нямдорж нарт холбогдох эрүүгийн 201621000199 дугаартай, 153/2017/0014/Э/ индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр  сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Оорцог хорхон овогт Одооны Нямдорж, 1974 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 42 настай,эрэгтэй, БД74012016 регистрийн дугаартай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт  Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 6-7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй гэх,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Зуутраг овогт Мягмарын Отгонбаяр, 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нярав мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, МФ87082016 регистрийн дугаартай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 9-28 тоотод  оршин суух,урьд ял шийтгэлгүй гэх

                                      Холбогдсон хэргийн талаар:                              

Шүүгдэгч М.Отгонбаяр  нь Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэр Баруун бүсийн төв захад үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Бадамцэцэгийн эзэмшлийн “Ган Уянга” хүнсний бөөний төвийн агуулахаас 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр О.Нямдоржтой бүлэглэж 1 авдар “Улаан шонхор” тамхи, 1 авдар “Даблисс” тамхи зэргийг хулгайлж С.Бадамцэцэгт 1605000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, яллагдагч О.Нямдорж нь Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэр Баруун бүсийн төв захад үйл ажиллагаа явуулдаг “Ган Уянга” хүнсний бөөний аж ахуйн нэгжийн туслахаар ажиллаж байхдаа 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 10 хайрцаг “Ченж эссе” тамхи хулгайлж С.Бадамцэцэгт 280000 төгрөгний хохирол учруулж,  давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хохирогч С.Бадамцэцэгийн хүнсний агуулахаас  2 уут элсэн чихэр, мөн давтан үйлдлээр 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд  С.Бадамцэцэгийн хүнсний агуулахаас 10 хайрцаг “Ченж эссе” тамхи, 10 хайрцаг “Парламент” тамхи хулгайлж 630000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Ган-Уянга” хүнсний бөөний төвийн нярав ажилтай М.Отгонбаяртай бүлэглэн С.Бадамцэцэгийн хүнсний агуулахаас 1 авдар “Улаан шонхор” тамхи, 1 авдар “Давлисс” тамхи зэргийг хулгайлж хохирогч С.Бадамцэцэгт 1605000 төгрөгний хохирол, хохирогч С.Бадамцэцэгт нийт 2655000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт  холбогджээ.  

                               /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч О.Нямдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би складнаас парламент тамхи, элсэн чихэр авч зарсан. Мөнгөний хэрэгцээ гараад ийм зүйл хийсэн. Тамхинуудыг буцааж өгсөн.Би Ган-Уянга дэлгүүрийн туслахаар 5 жил ажилласан. Би өмнө нь мөнгөний хэрэгцээ гарахаар С.Бадамцэцэгт хэлээд бичүүлээд авдаг байсан. Би М.Отгонбаярт мөнгөний хэрэг болоод байна 2 тамхи авмаар байна гэхэд дургүйцэхээр нь өөрөө авсан. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна  гэв.

Шүүгдэгч М.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:2016 оны 08 дугаар сарын 05-нд би бага хүүхдийнхээ даахийг авсан, 08-ны өдөр хүртэл би чөлөө аваад 09-нд ажилдаа ирсэн. Ажилдаа ирчихээд складнаас бараагаа авсан. 10-ны өглөө О.Нямдорж надад “энэ их бараанаас мэдэгдэхгүй, 2 авдар тамхи авчихъя “гэхээр нь би зөвшөөрөөгүй складаа онгорхой орхиод бие засахаар явсан хойгуур тамхи авчихсан байсан.Складны түлхүүр надад байдаг байсан.Хааяа ачаалал ихтэй үед би О.Нямдоржид түлхүүр өгч явуулж байсан тохиолдол байгаа.Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.  

Хохирогч С.Наранцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би зах дээр хүнс барааны бизнес эрхэлдэг.Би өөрөө бэлэн хувцас дээр зогсож, манай дүү хүнсэн дээр зогсдог.Тэгтэл манай хүнсэн дээр ажилладаг нярав М.Отгонбаяр, туслах О.Нямдорж нар манай складнаас удаа дараа бараа гаргаж зарж байсан тухай над руу нэг нууцалсан дугаараас эрэгтэй хүн ярьж хэлсэн.Туслах О.Нямдорж танай складнаас байнга бараа гаргаж оройн цагаар дэлгүүрүүдэд зарж байна гэсэн мэдээллийг авсан боловч илрүүлж чадалгүй байсаар 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр складнаас авсан бараагаа 24-70 ХОҮ улсын дугаартай Булган сумын машинд ачих гэж байхад нь үйлдэл дээр нь цагдаа дагуулж очиж барьсан. Тухайн үед О.Нямдоржийн эхнэр Ариунжаргал Булган сум руу аваад явж байсан.О.Нямдорж манайд 6 жил туслах ажилчнаар, М.Отгонбаяр 2016 оны 03 дугаар сараас эхлэн няраваар ажиллаж байгаа. Би энэ хоёртой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэжээ. / 33-34-р хуудас/

Гэрч Х.Ариунжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 17-ны өглөө манай нөхөр О.Нямдорж таксинд явж байгаад буцаж гэртээ ирээд  цайгаа уучихаад намайг ажил дээр хүргээд өг гэхээр нь ажлынх нь гадаа хүргэхэд О.Нямдорж “энэ хүний ачаа байгаа юм, зах дээр Д.Паняд хүргээд өг “ гэхээр нь 2 хайрцаг тамхи, ундаануудыг зах дээр Д.Панягийн машинд аваачиж тавьчихаад явсан. Тэгтэл С.Наранцэцэг эгч утасдаад цагдаа дээр хүрээд ир гэсэн, намайг очиход Паняг цагдаа дээр аваад ирсэн байсан.Манай нөхөр С.Наранцэцэг эгчийн складнаас 2 хайрцаг тамхи авсан гэж өөрөө хэлсэн.Приус машиныг манайх худалдаж аваагүй, Мөнхжаргал зараад өг гээд үлдээгээд явсан  гэжээ. / хх-37-38-р хуудас/

Гэрч Б.Уянга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай ээж С.Бадамцэцэгийн утас руу нууцалсан дугаараас дахин дахин залгаад танай бараанаас О.Нямдорж, М.Отгонбаяр нар ачиж байна гэж хэлдэг байсан. О.Нямдорж нь 5-6 жил, М.Отгонбаяр нь 5 сар ажиллаж байгаа. О.Нямдорж, М.Отгонбаяр нар манай складнаас  1 хайрцаг Dubliss тамхи, 1 хайрцаг Улаан шонхор тамхи авч байгаад баригдсан. О.Нямдорж нь урьд нь шоколад авч байгаад баригдаж байсан.Бид нар нэг удаадаа яахав гээд уучлаад ажиллуулж байсан...2016 оны 04 дүгээр сараас эхлээд манай ээж С.Бадамцэцэг рүү дугаараа нууцалсан хүнээс манай складнаас бараа гаргаж зараад байгаа тухай мэдээлэл өгөөд байсан.2016 оны 08 сарын 07-ны өдөр би складнаас Б.Даваажав эгчид 2 хайрцаг бохь гаргаж өгчихөөд складанд байсан тамхины зургийг авчихсан. Тэгтэл 3 хоногийн дараа 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дахиад зургийг нь дарж үзэхэд 10 пальчик ченж эссэ, 10 пальчик парламент тамхи алга болчихсон байсан.Тэгээд би зургийг нь угаалгаж хэрэгт хавсаргуулсан гэжээ. / хх 39,130-р хуудас/

Гэрч Д.Паня мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийнхөө машинтай аймаг орсон. Өглөө нь О.Нямдорж гэх хүн над руу яриад Булган сум явуулах жаахан ачаа байна гэхээр нь би зөвшөөрч өдөр 15 цагийн үед талын хашааны тоглоомтой гудамжны  нэг айлаас 7-8 сагс ундаа ачсан.Зах дээр очоод О.Нямдоржийн эхнэр Х.Ариунжаргал 2 том хайрцагтай тамхи ачуулаад удаагүй байтал 2 цагдаа ирээд О.Нямдоржийн болон эхнэрийнх нь ачуулсан ачааг хурааж авсан гэжээ. / хх-41-р хуудас/

Гэрч С.Бадамцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2016 оны 03 дугаар сард над руу нууцалсан дугаараас залгаад “ танай хүмүүс чихэр, тос, тамхи гээд бүх төрлийн бараа өөрсдөө дэлгүүрээр зараад явж байна” гэж ярьсан. Дараа нь 08 дугаар сард “ танай 2 хүн дэлгүүрүүдээр тамхи зараад байна, 1 авдар тамхи таксинд хийгээд орлоо” гэсэн.08 дугаар сарын 17-ны өдөр “О.Нямдоржийн эхнэр тоглоомтой гудамжинд айлын хашаан дотор 24-70 ХОҮ улсын дугаартай верна машинд ачаа ачиж байна “ гэж нууцалсан дугаараас ярихаар нь манай эгч С.Наранцэцэг очиж цагдаад бариулсан. Түүнээс өмнө мөн нууцалсан дугаараас удаа дараа “ танай хүмүүс Хас, Голомт банкны дансанд 1000000 төгрөг гаргаад, хийгээд байна, дансыг нь нь шалгуулж болдоггүй юмуу, эд зүйлсээ хамгаалаач” гэж ярьсан.О.Нямдорж 6,7 жил, М.Отгонбаяр нь 03 дугаар сараас эхлэн ажиллаж байгаа. О.Нямдорж нь 2016 оны 02 дугаар сард мөн складнаас бараа авч байгаад баригдаж шалгагдаад гомдолгүй гээд хэргээ хаалгаж байсан гэжээ./хх-43-44-р хуудас/

Гэрч Б.Ганбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 06 сарын 24-ний өдөр О.Нямдорж над дээр ирээд ченж эссэ тамхи 1 пальчикийг нь 27000 төгрөгөөр авах уу гэхээр нь би 10 пальчикийг 270000 төгрөгөөр авсан.Энэ ямар учиртай тамхи бэ гэж асуухад О.Нямдорж С.Бадамцэцэгээс цалингийнхаа оронд авч байна гэсэн гэжээ. /хх-135-р хуудас/

Гэрч Ш.Цэвэлмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 07 сарын 15-ны өдөр  би С.Бадамцэцэг эгчээс бараа авсан.  О.Нямдорж бараа зөөж ачиж өгч байсан. Тэгээд таны барааг тавьчихлаа. 2 уут сахар тавьсан, надад 120000 төгрөг өгчихөөрэй, би С.Бадамцэцэгт хэлчихсэн гэж  хэлэхээр нь би мөнгийг нь мобайл банкаар шилжүүлээд авсан гэжээ./хх-136-р хуудас/

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-3-4-р хуудас/

Хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-13-15-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-20-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ / хх-48-р хуудас/

О.Нямдоржийн банкны гүйлгээний дэлгэрэнгүй хуулга / хх-105-110-р хуудас/ зэрэг баримт  хэрэгт авагдсан байна.

Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Отгонбаярыг Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэр Баруун бүсийн төв захад үйл ажиллагаа явуулдаг С.Бадамцэцэгийн эзэмшлийн “Ган Уянга” хүнсний бөөний төвийн агуулахаас 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр О.Нямдоржтой бүлэглэж 1 авдар “Улаан шонхор” тамхи, 1 авдар “Даблисс” тамхи зэргийг хулгайлж С.Бадамцэцэгт 1605000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэл нь хохирогч С.Бадамцэцэгийн... туслах О.Нямдорж танай складнаас байнга бараа гаргаж оройн цагаар дэлгүүрүүдэд зарж байна гэсэн мэдээллийг авсан боловч илрүүлж чадалгүй байсаар 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр складнаас авсан бараагаа 24-70 ХОҮ улсын дугаартай Булган сумын машинд ачих гэж байхад нь үйлдэл дээр нь цагдаа дагуулж очиж барьсан. Тухайн үед О.Нямдоржийн эхнэр Ариунжаргал Булган сум руу аваад явж байсан...гэх, гэрч Х.Ариунжаргалын... намайг ажил дээр хүргээд өг гэхээр нь ажлынх нь гадаа хүргэхэд О.Нямдорж “энэ хүний ачаа байгаа юм, зах дээр Д.Паняд хүргээд өг “ гэхээр нь 2 хайрцаг тамхи, ундаануудыг зах дээр Д.Панягийн машинд аваачиж тавьчихаад явсан. Тэгтэл С.Наранцэцэг эгч утасдаад цагдаа дээр хүрээд ир гэсэн, намайг очиход Паняг цагдаа дээр аваад ирсэн байсан.Манай нөхөр С.Наранцэцэг эгчийн складнаас 2 хайрцаг тамхи авсан гэж өөрөө хэлсэн... гэх, шүүгдэгч О.Нямдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн... би М.Отгонбаярт мөнгөний хэрэг болоод байна 2 тамхи авмаар байна гэхэд дургүйцэхээр нь өөрөө авсан...гэх мэдүүлэг, шүүгдэгчийн  М.Отгонбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... 8 дугаар сарын 10-ны өглөө О.Нямдорж надад “энэ их бараанаас мэдэгдэхгүй, 2 авдар тамхи авчихъя “гэхээр нь би зөвшөөрөөгүй складаа онгорхой орхиод бие засахаар явсан хойгуур тамхи авчихсан байсан, түүнийг авчихна гэж санаагүй... гэх мэдүүлгүүд болон бусад нотлох баримтаар шүүгдэгч О.Нямдоржтой бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч О.Нямдоржийн складнаас эд зүйл хулгайлсан үйлдлийг нуун дарагдуулсан гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6-дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.Отгонбаяр нь шүүгдэгч О.Нямдоржийг гэмт хэрэг үйлдэхэд зааж зөвлөх, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, гэмт хэрэг үйлдсэний дараа бусад зүйлийг нуун далдлах талаар урдчилан тохиролцож амлаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон. Шүүгдэгч М.Отгонбаяр шүүгдэгч О.Нямдоржийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар нуух зорилгоор гэм буруугийн санаатайгаар, идэвхитэй үйлдлээр урьдчилан тохиролцоогүйгээр түүний бодит үнэнийг мэдсээр байж гэмт хэрэгтнийг нуусан үйлдэл нь нуун далдлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.

Иймд шүүгдэгч М.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-дах хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, хулгайн гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Нямдорж нь Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэр Баруун бүсийн төв захад үйл ажиллагаа явуулдаг “Ган Уянга” хүнсний бөөний аж ахуйн нэгжийн туслахаар ажиллаж байхдаа давтан үйлдлээр эд зүйл хулгайлж  хохирогч С.Бадамцэцэгт нийт 2655000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан  болох нь хохирогч С.Бадамцэцэгийн мэдүүлэг /хх-143/, гэрч Х.Ариунжаргалын мэдүүлэг /хх-37/, гэрч Б.Уянгын мэдүүлэг /хх 130/, гэрч Б.Ганбаатарын мэдүүлэг /хх135/, гэрч Ш.Цэвэлмаагийн мэдүүлэг /хх 136/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч М.Отгонбаяр, О.Нямдорж нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр  нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч О.Нямдорж нь давтан үйлдлээр бусдын агуулах саванд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэм хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-65-66/ тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Нямдорж нь  хохирогч С.Бадамцэцэгт  хохирол төлсөн болох нь хохирогчийн тайлбар /хх -185,189/, хураан авсан эд зүйл хүлээлгэн өгөн тэмдэглэл /хх-14-15/ шүүгдэгч О.Нямдоржийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч О.Нямдорж нь давтан үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан бусдын эд зүйл хулгайлсан үйлдэлд нь баривчлах ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.Отгонбаярын өмчлөлийн хөргөгч битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах,

Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийн үнэ болох 1.050.000 төгрөгийг  шүүгдэгч О.Нямдоржоос гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч О.Нямдоржийг төлбөр төлөх хүртэл түүний өмчлөлийн Эксел маркийн автомашин  битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, энэ өдрөөс эхлэн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283,284,286,290,294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Зуутраг овогт Мягмарын Отгонбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Зуутраг овогт Мягмарын Отгонбаярыг хулгайн гэмт хэргийг нуун далдалсан, шүүгдэгч Оорцог хорхон овогт Одооны Нямдоржийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар шүүгдэгч Мягмарын Отгонбаярыг 01/ нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Оорцог хорхон овогт Одооны Нямдоржийг эд хөрөнгө хураахгүйгээр 03 / гурав/ сар 10/ арав/ хоногийн хугацаагаар  баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Отгонбаярт оногдуулсан 01/ нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч О.Нямдоржид  оногдуулсан 03 / гурав/ сар 10/ арав/ хоногийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлаж  тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус  дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч М.Отгонбаярт оногдуулсан 01/ нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 01/ нэг/  жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8. .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч М.Отгонбаярт хяналт тавьж ажиллахыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар  тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд  захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын    саналыг үндэслэн   хорих ялыг биечлэн эдлүүлэхийг дурдсугай.

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийн үнэ 1.050.000 төгрөгийг шүүгдэгч О.Нямдоржоос гаргуулж улсын орлого болгосугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч М.Отгонбаярын  хөргөг -1 ширхэгийг  битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Нямдоржийн 18-73 ХОҮ улсын дугаартай Эксель маркийн автомашин битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

12. Шүүгдэгч М.Отгонбаярт урд авсан батлан даалтанд авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгч О.Нямдоржид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч,  дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү,Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС