Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2020/ДШМ/450

 

 

 

 

 

                                                       

Г.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнхжаргал,

хохирогч Д.Багийн өмгөөлөгч А.Буяндэлгэр,

шүүгдэгч Г.Аийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Багийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Ат холбогдох 1808007230345 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Дарьганга овгийн Гунаасүрэнгийн А, 1975 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Өнөр” хороолол, 11-249 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ЖЯ75071667/;

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.4-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацааг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 529 дугаартай магадлалаар 3 жилийн хорих ялыг 5 жил болгон өөрчилж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 375 дугаартай тогтоолоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 529 дугаартай магадлалыг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 340 дугаартай тогтоолоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 529 дүгээр магадлалын тогтоох хэсгийн “Г.Ат оногдуулсан 3 жил хорих ялыг 5 жил хорих ял болгон хүндрүүлсэн өөрчлөлтийг хүчингүй болгож, магадлал болон Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 375 дугаар тогтоолын ял хүндрүүлснээс бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

            Г.А нь “хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байгаа ах, дүү нарыг нь ялаас чөлөөлж, суллаж өгнө, нөхрийгөө хуулийн байгууллагад ажилладаг” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, үргэлжилсэн үйлдлээр иргэн Д.Багаас 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 1.000.000 төгрөгийг Т.Бийн “Хаан” банкны 5006640132 дугаар дансаар, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 3.000.000 төгрөгийг Т.Бийн “Хаан” банкны 5006640132 дугаар дансаар, 2017 оны 8 дугаар сард 60.000 төгрөгийг, 100.000 төгрөгийг, 50.000 төгрөгийг, 50.000 төгрөгийг, нийт 260.000 төгрөгийг бэлнээр, мөн паалантай данх, мах чанагч зэрэг нийт 90.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйл авахуулж, нийт 4.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дарьганга овогт Гунаасүрэнгийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Ат мэдэгдэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Аээс 3.950.000 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 28-1б тоотод оршин суух, УУ85111208 регистрийн дугаартай Д.Бад олгож, Г.Аийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирлоос 1.000.000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч Д.Ба гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие Г.Ат 2017 оны 8 сараас эхлэн залилуулж, нийт 4.350.000 төгрөгийн хохирол амссан. Г.А нь 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр шүүхээр орохын өмнө надад “учирсан хохирлыг бүрэн барагдуулна” гэж хэлээд, урьдчилгаанд 1.000.000 төгрөг төлж, үлдсэн 3.950.000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон. Ингэхдээ сар бүрийн 7-ны өдөр хохирогч Д.Багийн “Хаан” банкны 5171023174 дансанд 1.000.000 төгрөг хийж байх болно гэж гуйж, гэрээ байгуулсныг би зөвшөөрсөн. Гэтэл Г.А шүүх хурлын дараа залгахаар утсаа авахгүй салгаад ямар ч холбоо харилцаагүй болсон. Иймд анхан шатны шүүхээс Г.Ат оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан албадлагын арга хэмжээг хэрэглэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахуулж, 2020 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн дотор хохирлыг барагдуулж дуусгахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

            Хохирогч Д.Багийн өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Д.Багийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд “эрүүгийн хариуцлагын зорилго нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан тул хохирогчийн гомдлыг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Аийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Аийн хувьд анхан шатны шүүх хуралдаанаас өмнө 1.000.000 төгрөг төлж барагдуулсан. Өчигдрийн байдлаар 400.000 төгрөг өгсөн гэх асуудал яригдаж байна. Үүнийг хохирогч талаас нотолж хэлэх байх. Шүүгдэгч Г.А 2020 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн дотор хохирлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн. Одоо улс оронд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор орлогын асуудал хязгаарлагдмал байгаа тул хохирлыг бүрэн төлж амжаагүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар хохирлын асуудлыг албадан биелүүлэх бүрэн боломжтой. Хохирогчийн зүгээс давж заалдах гомдол гаргаснаар цаг хугацаа алдаж байгаа нөхцөл байдал харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ... гэв.

            Прокурор Т.Мөнхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Тухайн үед шүүгдэгч, хохирогч нар нь хохирлын 3.950.000 төгрөгийг тодорхой хугацааны дараа төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байдаг. Шүүгдэгч Г.А нь эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Мөн хувийн байдлын хувьд урьд хорих ялаар шийтгүүлж, ялаа эдэлж дууссан байдаг. Шүүгдэгч Г.Ат үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх юм бол эрх зүйн байдал нь дордоно гэж үзэж байна. Иймд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болчих юм бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар хохирлыг төлөх боломжтой гэсэн саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

            Г.А нь “хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байгаа ах, дүү нарыг нь ялаас чөлөөлж, суллаж өгнө, нөхрийгөө хуулийн байгууллагад ажилладаг” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, үргэлжилсэн үйлдлээр иргэн Д.Багаас 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 1.000.000 төгрөгийг Т.Бийн “Хаан” банкны 5006640132 дугаар дансаар, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 3.000.000 төгрөгийг Т.Бийн “Хаан” банкны 5006640132 дугаар дансаар, 2017 оны 8 дугаар сард 60.000 төгрөгийг, 100.000 төгрөгийг, 50.000 төгрөгийг, 50.000 төгрөгийг тус тус авах байдлаар нийт 260.000 төгрөгийг бэлнээр, мөн паалантай данх, мах чанагч зэрэг нийт 90.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйл авахуулж, нийт 4.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Багийн “...А ирээд мөнгө нэхэхээр нь 1.000.000 төгрөгийг Шөнийн захын доор байдаг АТМ-ээс 5006640132 данс руу шилжүүлж өгсөн. Тэрнээс хойш ... цувуулаад 60.000 төгрөг, 100.000 төгрөг, 50.000 төгрөг гэх зэрэг олон удаа мөнгө авч байсан. ...Бас паалантай данх 30.000 төгрөгөөр, битүү чанагч 55.000 төгрөгөөр авахуулсан. ...А эгч “3.000.000 төгрөгөөр ахыг чинь гаргаад өгнө, өөрт нь таньдаг хүн байгаа” гэж хэлсэн. ...Хэд хоногийн дараа дүүг чинь уулзуулаад өгье гээд 50.000 төгрөг авсан. ...Өөрийн ах Ц.Туулбаяраас 3.000.000 төгрөг аваад А эгчийн данс руу “Содон” хорооллын “Хаан” банкнаас дансаар шилжүүлж өгсөн. ...” /1хх 20-21/,

гэрч Т.Бийн “... Би ээж Аптанцэцэгийг миний дансаар хүнээс мөнгө авсан гэдгийг мэдэж байгаа. ...” /1хх 100/,

Г.Аийн яллагдагчаар өгсөн “...Би Багийн хоригдож байгаа дүүг гаргаж өгч чадна гэж хэлж мөнгө авсан нь үнэн, хохирлын дүн дээр маргахгүй. ...Надад хохирогчийн нэхэмжилсэн мөнгөн дүнгээс зөрөөд байх зүйл байхгүй. Хохирогчийн нэхэмжилсэн мөнгөн дүн бүгд үнэн зөв байсан. Надад уг хэрэг дээр маргаад байх зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...” /1хх 107-108/ гэх мэдүүлгүүд,

“Хаан” банкны диспозит дансны дэлгэрэнгүй хуулга, баримтууд /1хх 65-73, 94-96, 118-123/, “Мастер-Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнийн тодорхойлолт /1хх 126-127/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Аийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийжээ.

Шүүгдэгч Г.Аийн хохирогч Д.Баг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр, нийт 4.350.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Хохирогч Д.Багийн “...Г.Ат оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээг хэрэглэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахуулж, 2020 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн дотор хохирлыг барагдуулж дуусгахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг зохицуулан хуульчилсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Ат оногдуулсан нийтэд тустай ажил хийх ял дээр давж заалдах шатны шүүх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг нэмж хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулах буюу хүндрүүлсэн нөхцөл байдал үүсч байх тул хэрэглэх боломжгүй байна.

Харин шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Аээс 3.950.000 төгрөгийг гаргуулж, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 28-1б тоотод оршин суух УУ85111208 регистрийн дугаартай Д.Бад олгохоор шийдвэрлэжээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасны дагуу хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажлын 5 өдрийн дотор хүргүүлнэ.” гэж заасан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хохирол төлбөрийг гаргуулан авах боломжтой гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Багийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Багийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ