Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 13

 

                                                   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                  

                                                       баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа би “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э” ТӨХК-д холбогдох

Үнэлгээний хорооны 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгож, “ТЭМ-1273 дугаартай илчит тэрэгний өргөх их засвар хийх” ажлын гэрээг “Х” ХХК-тай байгуулахыг “Э” ТӨХК-д даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын гаргасан “Нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах тухай” хүсэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Х” ХХК нь Сангийн яаманд холбогдуулан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа Сангийн яамны 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн захиргааны актыг хүчингүй болгуулж, “ТЭМ-1273 дугаартай илчит тэрэгний өргөх их засвар хийх” ажлын гэрээг “Х” ХХК-тай байгуулахыг даалгах утга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүний дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүссэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1-т: Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч аль ч үед шатанд нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж болно гэсэн заасны дагуу “Х” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа болно.

“Х” ХХК нь ОХУ-ын “Астраханский тепловозоремонтный завод”-ийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд ТЭМ2 маркийн сэлгээний илчит тэргэнд КР-2 их засвар хийх ажлыг сүүлийн 11 жилийн турш он дараалан амжилттай гүйцэтгэснээрээ хувийн хэвшлийн байгууллагууд дотроос энэ салбарт анхдагч компани болж чадсан юм. Гэвч “Э” ТӨХК-ийн зарласан тендерт оролцож шалгарсан боловч Сангийн яамны 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 6-/318 дугаартай захиргааны актаар хүчингүй болгосон. Бидний гүйцэтгэж чаддаг үндсэн засварын ажлыг эс зөвшөөрч, хууль ёсны эрх, ашиг зөрчсөн гэж үзэн шүүхэд хандсан.

Гэсэн хэдий ч Шилэн дансны тухай хуулийн 3.1.2, 5.3, 6.1.1-т заасны дагуу “Э” ТӨХК нь 2020 оны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг бүтэн жилээр батлан жагсаалтанд маргааны үндэслэл болсон “ТЭМ-1273 дугаартай илчит тэрэгний өргөх их засвар хийх” ажлын тендерийг төсөвлөөгүй байна. Манай байгууллагын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан ч 2020 ондоо тус ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй гэж ойлгож байна.

Түүнчлэн дэлхий нийтээр хурдацтайгаар тархаж буй шинэ төрлийн коронавирус COVID-19-ийн тархалттай холбоотойгоор Монгол улсын хэмжээнд хорио цээрийн дэглэмтэй байх ба аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж /орлого тасалдаж/, иргэдийн аж амьдрал тайван биш байдалд байна. Ийм бүх нийтээрээ онцгой байдал зарласан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд байгаа өнөө үед “Х” ХХК нь заавал маргаан үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх нь зохисгүй үйлдэл гэж үзэж байна.

Иймд Сангийн яамны 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн захиргааны актыг хүчингүй болгуулж, “ТЭМ-1273 дугаартай илчит тэрэгний өргөх их засвар хийх” ажлын гэрээг “Х” ХХК-тай байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байх тул хүлээн авна уу” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э” ТӨХК-д холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлжээ.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, 119/2020/0004/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийг уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 ШҮҮГЧ                 Б.БОЛОРМАА