| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/1095/З |
| Дугаар | 221/МА2026/0241 |
| Огноо | 2026-04-14 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2026/0241
Д.Аийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.А
Хариуцагч: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн удирдамжаар байгуулсан хяналт, шалгалтын бүрэлдэхүүн
Нэхэмжлэлийн шаардлага: “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн удирдамжаар байгуулсан хяналт шалгалтын бүрэлдэхүүний 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн "дотоод хяналт шалгалтын танилцуулга"- ыг хүчингүй болгуулах, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/47 дугаар “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох" тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгах" тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 169 дүгээр шийдвэр.
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.А
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, Ц.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/1095/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.А нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн удирдамжаар байгуулсан хяналт, шалгалтын бүрэлдэхүүнд тус тус холбогдуулан "Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн удирдамжаар байгуулсан хяналт шалгалтын бүрэлдэхүүний 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн "дотоод хяналт шалгалтын танилцуулга"- ыг хүчингүй болгуулах, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/47 дугаар “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох" тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгах"-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 169 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1.2, 80 дугаар зүйлийн 80.1.5, 127 дугаар зүйлийн 127.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Аийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/47 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Аийг Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаал сонгон шалгаруулалтаар нөхөгдөх хүртэл захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс ажлаар хангах хүртэл хугацааны цалинг олгож, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад даалгаж,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын баталсан 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан хяналт шалгалтын бүрэлдэхүүний 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн "Дуурь бүжгийн эрдмийн театрт дотоод хяналт шалгалт хийсэн танилцуулга”-ыг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хяналт шалгалтын бүрэлдэхүүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1 Д.А нь Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалд сонгон шалгаруулалтаар томилогдоогүй, харин түр томилогдсон. Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилоход тусгайлсан шаардлага, процесс хангах ёстой. Үүний үндсэн шалтгаан нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаал нь төсвийн шууд захирагчийн онцгой чиг үүрэг хэрэгжүүлдэгтэй холбоотой. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын 9.3-т төсвийн шууд захирагчийн шалгалтын нэмэлт бүрэлдэхүүн чадварыг шалгахаар зохицуулсан байдаг. Үүнд төсөв, санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх чадвар; хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх чадвар; гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх чадвартай байхыг шаарддаг. Эдгээр чадвар бол төсвийн шууд захирагч нь ажил үүргээ хэрэгжүүлэхдээ байнга хэрэгжүүлэх ёстой шаардлага юм. Гэтэл Д.А түр томилогдон ажиллахдаа төсвийн шууд захирагчид заавал тавигдах шаардлага болсон төсөв санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ Төсвийн тухай хууль, Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журмыг зөрчсөн. Түүнчлэн хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх чадваргүй, байгууллагын төсвийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ хамт олны оролцоог хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй.
Эдгээр байдал нь анхнаасаа түр хугацаагаар томилогдсон Д.Аийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9 буюу ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох үндэслэл болсон.
Соёлын тухай хуулийн 18.3-т зааснаар төрийн өмчийн соёлын байгууллагын удирдлагыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлдөг. Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 2.1.3.2-т зааснаар Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал нь төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч тул сонгон шалгаруулалтаар томилогдох ёстой. Д.А сонгон шалгаруулалтаар томилогдоогүй тул Хөдөлмөрийн гэрээг түр хугацаатай байгуулсан.
Ийнхүү хуульд заасан шаардлага шалгуур, ур чадвар хангасан байдлыг шалгаагүй түр томилсон Д.Аийн гэрээг ажил олгогч өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9-д тусгагдсан.
3.2 Д.А төсвийн шууд захирагчийн ажил үүрэг гүйцэтгэж байсны хувьд Төсвийн тухай хууль, Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журмыг чанд сахиж ажиллах ёстой байсан. Гэвч төсвийн удирдлагын олон зөрчил гаргасан тул хяналт шалгалт хийгдэж улмаар тэдгээр нь тогтоогдсон.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5-д “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэсэн үндэслэлд мөн тулгуурлаж захиргааны акт гарсан.
3.3 Д.А байгууллагын нэмэлт үйл ажиллагааны орлогыг захиран зарцуулах журмыг удаа дараа зөрчсөн нь тогтоогдсон. Маргаан бүхий хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1.-т заасны дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Салбарын хяналтын газрын дарга Улсын байцаагч Ч.Энх-Амгалангаар ахлуулан хийж гүйцэтгэсэн.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын баталсан Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжид Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, зорилго, хугацааг тодорхой тусгасан байдаг. Уг хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн дагуу Соёлын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтын зохион байгуулах Соёлын сайдын /хуучнаар/ 2021 оны А/43 дугаар "Журам батлах тухай" тушаалын хавсралтаар батлагдсан Дотоод хяналт шалгалт зохион байгуулах журмыг удирдлага болгож ажилласан. Хяналт шалгалтын бүрэлдэхүүн нь хууль ёсны байсан талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн тухайн хэсэг нь үндэслэл бүхий болсон. Харин зөрчлийн үйл баримт, хяналт шалгалтын талаар хийсэн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
3.3.1 Ажилчдын халуун усны өрөө, цэвэр бохир усны сангийн засвар, коридорын хана бүрэх, шалны плита солих урсгал засварын ажлын төсвийг 5 хувааж тендер шалгаруулалтын босго үнээс доош дүнгээр байгуулан 4 иргэн, 1 компанитай 76.8 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Ингэхдээ засварын ажлын зураг, төсөвгүй хийсэн, засварт шаардлагатай бараа материалыг нэг этгээдээс худалдан авах, засварын ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлэх замаар тендер шалгаруулалтын босго үнээс доош дүнд хүргэж шууд гэрээ байгуулсан зөрчлийг хяналт шалгалтаар тогтоосон бөгөөд дүгнэлтийн 2-т тусгагдсан. Ийнхүү Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10.3-т "Захиалагч шууд худалдан авах, харьцуулалтын аргыг хэрэглэх зорилгоор батлагдсан төсөвт өртгийг хувааж худалдан авах ажиллагаа зохион байгуулахыг хориглоно." гэж заасныг Д.А төсвийн шууд захирагчийн хувьд зөрчсөн. Дээрх засварын ажлын гэрээг байгууллагын өмч хамгаалах комиссоор дүгнүүлэх үүргээ зөрчсөн. Ингэснээр эд хөрөнгийн удирдлагад дотоод хяналтыг хэрэгжүүлээгүй.
3.2.2 Мөн урсгал засварын ажил гүйцэтгэхэд шаардлагатай 20.3 сая төгрөгийн бараа материалыг нягтлан бодох бүртгэлийн дансанд орлогоор бүртгээгүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14.4 нягтлан бодог бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ, 14.4.2 бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт гэснийг төсвийн шууд захирагчийн хувьд Д.А зөрчсөн.
3.3.3 Балетын уралдаан тэмцээн, гадаадын уран бүтээлчид, шүүгчдэд зориулан 16,747,000 төгрөгийн бэлэг дурсгал худалдан авах зардал гаргасан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.1.5 төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авахыг хориглосон заалтыг зөрчсөн. Төрийн хэмнэлтийн хуулийн 3.1.1, 3.1.3-т энэ хуулийн үйлчлэлд төрийн үйлчилгээний албан хаагч, төрийн өмчит хуулийн этгээд, түүний албан тушаалтанд хамаарна гэж заасан.
3.3.4 Байгууллагын 2025 оны хагас жилийн санхүүгийн тайлангаар ажиллагсадтай холбоотой 311,000 төгрөгийн, хувь хүн, байгууллагад төлөх 24,490,000 төгрөгийн, нийт 24,800,100 төгрөгийн өр төлбөртэй гарсан. Үүнээс дүгнэхэд Д.А нь Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйл, Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журмын 5.1-д заасан төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн дараах эрэмбийг баримтлан зарцуулах тухай заалтын 5.1.1-д заасан "эх үүсвэр дутагдаж байгаа, эсхүл өр төлбөр үүссэн үндсэн үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлэх" гэсэн заалтыг зөрчсөн.
3.3.5 Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журмын "1.3. Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг тодорхойлох, зарцуулах, тайлагнахад дараах зүйлсийг мөрдлөг болгоно: 1.3.3. шийдвэр гаргах, тайлагнах, хяналт тавихад байгууллагын нийт хамт олны оролцоог хангах" гэж заасныг Д.А хэрэгжүүлэхгүйгээр үйл ажиллагааны нэмэлт орлогыг захиран зарцуулсан, мөн нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулал олгосон.
3.3.6 Төсвийн шууд захирагчид тавигдах "хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх чадвар" хангалтгүй байсан. Хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн ихтэй, ялангуяа байгууллагын захиргааны ажилчид тогтвор суурьшилгүй байгаа нь 2025 оны 1 сараас 9 сарын 1 хүртэл хугацаанд нийт хүний нөөцтэй холбоотой 378 удаагийн Б тушаалыг Д.А гаргаж, үүнээс шинээр ажилд томилогдсон 45, гэрээгээр ажиллуулах 25, албан тушаалд шилжүүлэн томилсон 4, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай 4, ажлаас чөлөөлсөн 32 тушаал, нийт 110 тушаал шилжилт хөдөлгөөнтэй холбоотой гарсан нөхцөл байдлаар нотлогдсон.
3.3.7 Мөн Д.Аийн 2025 оны 1 сарын 2-ны өдрийн А/01 тушаалаар баталсан бүтэц орон тоог ССАЖЗСайдын 2025 оны А/200 тушаалаар баталсан шинэ бүтэцтэй харьцуулахад Үйл ажиллагааны, Стратеги төлөвлөлтийн, Уран бүтээлийн гэсэн хэлтэс нэмж шинээр байгуулж, зардал нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлсэн.
3.3.8 Д.Атай байгуулсан 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ССАЖЗЯ-/-05/-ХГ-2025(185) дугаартай Хөдөлмөрийн гэрээний "3.4.1.ажил олгогчоос тогтоосон Хөдөлмөрийн дотоод журам болон байгууллагын үйл ажиллагаатай холбогдолтой хууль, дүрэм, журам, заавар, албан даалгавар, тушаал, шийдвэрийг судалж чанд сахиж, биелүүлэх; 3.4.2.хариуцсан ажилдаа ямар нэгэн дутагдал, доголдол гаргалгүй ажиллах;" заалт тусгагдсан. Эдгээр заалтыг зөрчсөн нь хяналтын шалгалтын хүрээнд бүрэн тогтоогдсон бөгөөд хяналт шалгалтын дүгнэлтийг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар түр гэрээг дуусгавар болгосон. Гэрээний 5 дугаар зүйлд гэрээг дуусгавар болгох, цуцлах талаар тусгагдсан бөгөөд "5.4.2.1. энэхүү гэрээгээр хүлээсэн үүрэг, Хөдөлмөрийн дотоод журамд заасан болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүрэг ... 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй гүйцэтгэсэн" бол гэрээг дуусгавар болгох заалттай. Түүнчлэн 5.4.2.5-д "удирдах дээд байгууллага болон мэргэжлийн бусад байгууллагын шалгалтаар удаа дараа ажил үүрэг нь хангалтгүй дүгнэгдсэн." гэж заасан. Д.А нь 2025 оны 5 сарын 30-ны өдрийн Б/22 тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн, мөн 2025 оны 09 сарын 22-ны өдрийн Дуурь бүжгийн эрдмийн театрт дотоод хяналт шалгалт хийсэн дүгнэлтээр ноцтой зөрчлүүд тогтоогдсон. Ийнхүү Д.А нь удаа дараа ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж Хөдөлмөрийн гэрээний заалтаа зөрчсөн.
Иймд “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 125/ШШ2026/0169 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.А нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн удирдамжаар байгуулсан хяналт, шалгалтын бүрэлдэхүүнд тус тус холбогдуулан "Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн удирдамжаар байгуулсан хяналт шалгалтын бүрэлдэхүүний 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн "дотоод хяналт шалгалтын танилцуулга"- ыг хүчингүй болгуулах, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/47 дугаар “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох" тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгах"-аар маргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 169 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1.2, 80 дугаар зүйлийн 80.1.5, 127 дугаар зүйлийн 127.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Аийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/47 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Аийг Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаал сонгон шалгаруулалтаар нөхөгдөх хүртэл захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс ажлаар хангах хүртэл хугацааны цалинг олгож, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад даалгаж,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын баталсан 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан хяналт шалгалтын бүрэлдэхүүний 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн "Дуурь бүжгийн эрдмийн театрт дотоод хяналт шалгалт хийсэн танилцуулга”-ыг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хяналт шалгалтын бүрэлдэхүүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын баталсан 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан хяналт шалгалтын бүрэлдэхүүний 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн "Дуурь бүжгийн эрдмийн театрт дотоод хяналт шалгалт хийсэн танилцуулга”-ыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй тул давж заалдах шатны шүүхийн хяналтын цар хүрээг үлдэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр хязгаарлах нь зүйтэй.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “... Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 2.1.3.2-т зааснаар Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал нь төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч тул сонгон шалгаруулалтаар томилогдох ёстой. Д.А сонгон шалгаруулалтаар томилогдоогүй тул Хөдөлмөрийн гэрээг түр хугацаатай байгуулсан. Ийнхүү хуульд заасан шаардлага шалгуур, ур чадвар хангасан байдлыг шалгаагүй түр томилсон Д.Аийн гэрээг ажил олгогч өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9-д тусгагдсан.” гэж маргаж буй нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд мөн хуулийн 80 дугаар зүйлд заасан аль нэг нөхцөл бүрдсэн байхыг шаардах бөгөөд сонгон шалгаруулалтаар томилогдоогүй гэх нөхцөл үүнд хамаарахгүй тул ажил олгогч энэ үндэслэлээр өөрийн санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй мэтээр тайлбарлаж буй нь хуульд нийцэхгүй.
Нэхэмжлэгч Д.А нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал томилогдох хүртэл хугацаагаар түр томилсон байх ба анхан шатны шүүх “... Театрын захирлын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарах бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар эрх зүйн байдлыг нь уг хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар тогтооно. Түүнчлэн мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т тодорхойлсноор төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгох тул албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж буй этгээдийн ийнхүү төрийн алба хашиж буйтай холбоотой хөдөлмөрлөх субьектив эрх хуулийн дагуу ижил хамгаалагдана.” гэж тайлбарлаж буй нь үндэслэлтэй зөв болжээ.
Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч талаас маргаан бүхий акт болох 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/47 дугаар тушаал нь “сонгон шалгаруулалтаар томилогдсон эсэхэд үндэслээгүй учир энэ талаар маргах нь ач холбогдолгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;” гэж заасан нөхцөл бүрдсэн эсэх тухайд:
5.1 Анхан шатны шүүх “ ... Ийнхүү хяналт шалгалтын танилцуулгын дүгнэлт хэсгийн 1, 3, 6, 7 дахь асуудлууд ямарваа зөрчилтэй гэж үзсэн асуудал биш болохыг хариуцагч хяналт шалгалтын бүрэлдэхүүний төлөөлөгч, хариуцагч сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд мөн тайлбарласан тул үндэслэлд нь шүүх дүгнэлт хийх шаардлагагүй. Тиймээс дүгнэлт хэсгийн 2, 4, 5 дахь хэсэгт ажил олгогчийн мөнгө, эд хөрөнгийг захиран зарцуулахдаа дүгнэлтэд заасан хууль зөрчсөн, итгэл алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэхэд, хяналт шалгалтаар ийм зөрчил тогтоогдсон эсэхэд дүгнэлт хийхээр байна.” гэж тайлбарлаад дээрх үйл баримт тус бүрд тухайлсан дүгнэлт хийсэн нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нөхцөл байдлуудыг үнэн зөв, эргэлзээгүй тогтоосон гэж үзэхээр байна.
5.2 Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд “Сонсох ажиллагааг явуулах” гээд 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.” 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.” 27.6-д “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.” гэж хуульд зохицуулсан.
Нэхэмжлэгчээс сонсох ажиллагааны явцад хяналт шалгалтын танилцуулга, түүнд дүгнэгдсэн асуудлыг эс зөвшөөрч тайлбар, түүнд хамаарах 180 хуудас баримтыг хариуцагчид хүргүүлсэн байх боловч уг тайлбар, баримтыг шийдвэр гаргахдаа харгалзаагүй, авч үзээгүй болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын гаргасан тайлбараар тогтоогдох бөгөөд сонсох ажиллагааг хуульд заасны дагуу бүрэн, гүйцэт явуулаагүй гаргасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болох Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/47 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймээс анхан шатны шүүх Д.Аийг Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаал сонгон шалгаруулалтаар нөхөгдөх хүртэл захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс ажлаар хангах хүртэл хугацааны цалинг олгож, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0169 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР