Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 319

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Г даргалж, шүүгч Д.У, Г.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын баг, байрны тоотод оршин суух Зовогт С.О /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймгийн сумын тоотод оршин суух Л овогт Д.О/РД: /-т холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэм хорын хохиролд 3000000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, иргэдийн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар  оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.О нь Д.Отай 2015 онд танилцаж хамтран амьдарч эхэлсэн. Хамт амьдрах хугацаандаа 2017 оны 6 сард хүү Зыг төрүүлсэн. Хүү маань одоо миний асрамжид байдаг. ... 2018 оны 4 сараас хойш тусдаа амьдарч байна. ... Миний бие цаашид Отай хамт амьдрах боломжгүй. Иймд Оаас хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн Хүүг маань дөнгөж төрөөд 17 хонож байхад аав болох Д.О нь унагаасан. ... Одоо хүү маань уйлахаараа ээрч, нүүр, дух нь хөхөрдөг. ... Хариуцагчийн болгоомжгүй үйлдлээс болж хүү маань өвчтэй болохоос айж байна. Хүүгийнхээ цаашдын эрүүл мэндийг бодож эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учраас 3 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хүү Зыг компьютер  томографи хийлгэж 175000 төгрөгийг зардал гарсан байгаа. Цаашид нарийн шинжилгээ өгөх, эмнэлэгт хэвтэхэд гарах зардал 3000000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.

Хариуцагч Д.Ошүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “.. Оийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 3000000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ... бид 2-т гэрлэлтийн баталгаа байхгүй. Чиний хүүхэд биш гэж удаа дараа хэлж байсан тул эргэлзэх сэтгэл төрсөн. Иймд хүүхдийн тэтгэлэг төлөхгүй. Тухайн үед Зтэврээд сууж байхад О ирж .. татаж авахдаа өөрөө алдаж унагааж байсан. .. түүнээс хойш 1 жилийн хугацаанд хамт амьдарч байхдаа ямар нэгэн зовиур илэрч байгаагүй. ...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.О нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, мөн хүү Оын эмчилгээний зардалд шаардагдах 3000000 төгрөгийг тус тус хариуцагч Д.Оаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Д.Оаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч Д.Охүү О.Зөөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа тухайгаа тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа дурьдсан боловч, хүүхдийн асрамжийн талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байх тул талуудын хооронд хүүхдийн асрамжийн асуудлаар маргаан үүсээгүй гэж дүгнэлээ.

Хариуцагч Д.Онь хүү О.Зөөрийн хүүхэд мөн эсэх талаар шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 139/ШЗ2020/00507 дугаартай захирамжаар шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч хариуцагч талаас О.Зөөрийн хүү болохыг зөвшөөрч, шинжилгээ хийлгэхээс татгалзах хүсэлтийг ирүүлсэн тул хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн байна.

Талууд 2015-2018 оныг хүртэл хамтран амьдарч, зохигчдын дундаас хүү О төрсөн болох нь 4801000162 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Д.Оаас сар бүр тэтгэлэг гаргуулан  хүү О.З тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Гэм хорын хохирол 3000000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч талаас хүү Оын эмчилгээ, шинжилгээнд шаардагдах зардал 3000000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч тал Д.Оын буруутай үйлдлээс шалтгаалан хүү Оын эрүүл мэндэд  хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа боловч дээрхи тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Д.Оын буруутай үйлдлээс шалтгаалан От эрүүл мэндийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байгаа боловч О.Зкомпьютер томографийн шинжилгээнд хамруулах шаардлагатай байсан болох нь, компьютер томографийн шинжилгээнд хамруулж зардал гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэж, гарсан зардлыг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. /хэргийн 69-71-р хуудас/

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 175000 төгрөгийг хангаж, үлдэх 2825000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Цаашид хүү От онцгой нөхцөл байдал тохиолдсон үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардах эрхтэй болно.

 

Хэргийн 17, 31-41 хуудсанд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, 66-р хуудсанд авагдсан баримтын үйлчилгээг нэхэмжлэгч тал аваагүй, зардал гараагүй болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

     1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү З овогт О ийн З /РД:/-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Л овогт Дгийн Оаас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 2. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагчаас 175000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2825000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94442 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 37392 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       З.Г

 

                     ШҮҮГЧИД                      Д.У

 

                                                        Г.Б