Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/176

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О ургийн овогт Б-ын Б-т холбогдох эрүүгийн 2035000000170 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн О ургийн овогт Б-ын Б 1983 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн 3-38 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ......

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутагт 2020 оны 10 дугаар сарын 15-ны шөнө хууль сахиулагч, Тариалан сумын хэсгийн цагдаа Б.Б-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, биед нь халдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2035000000170 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 14-2 дугаар хэсгийн байранд үүрэг гүйцэтгээд, сонгогчдын саналын хуудсыг 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах сонгуулийн хэсгийн хороонд аваачиж өгөхөөр 23 цагийн орчим сонгуулийн хэсгийн алба хаагч болон сонгуулийн хорооны гишүүдийн хамт явж хүлээлгэж өгөөд Засаг даргын тамгын газраас гарч ирэхэд ертөнцийн зүгээр урд зүгээс 50 метрийн зайд байрлах аюулгүйн тойргоор урд чиглэлээс авто замаас орж гарсан байдалтай саарал өнгийн хагас ачааны автомашин урдаас ирж байгаад аюулгүйн тойрог тойроогүй чигээрээ урсгал сөрж орж ирсэн юм. Тухайн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд би жолоочийг автомашинаас буухыг шаардаж хэсгийн байр луу авч явж согтуурал шалган гэж хэлээд цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан үндэслэлээр шаардлага тавихад миний урдаас “чи манай дэлгүүрийг торгосон одоо дахиад намайг торгох гэж байна уу, чи торгуулийн мөнгөө идээд баяжаарай” гэж хэлээд миний тавьсан шаардлага эсэргүүцэж зүүн хөмсөгний дээд хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон тэгээд машинаас татаад буулгах явцад дахин нэг удаа цохисон, машинаас буух явцдаа газраас юу авсан талаар мэдэхгүй байна ямар нэгэн зүйл аваад зүүн шанаа руу цохисон юм. Тухайн үед би биеэ хамгаалах хооронд тухайн автомашинд зөрчиж байсан зүс таних Г гэх залуу бууж ирээд жолоочийг аваад цааш эргэсэн. Тухайн үед цааш эргэх явцад жолооч дахин газраас чулуу аваад над руу шидсэн юм. Тухайн чулуу миний хэвлийн тус газар оноод буусан юм. Дахин над руу ирж хэвлий болон бүсэлхий орчим зүүн хөлөөрөө гурван удаа өшиглөсөн энэ хугацаанд ахлах ахлагч Ц саналын хуудас хүлээлгэж өгөөд захиргаанаас гарч ирж байсан. Тухайн үед би Ц-ийг дуудаад миний тавьсан шаардлага эсэргүүцэж миний биед халдаж зодсон гэж хэлэхэд Ц тухайн жолоочийг барьсан...” гэх мэдүүлэг[1],

2. Гэрч Ч.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ...23 цагийн орчим манай хэсгийн цагдаа а/а Б.Б над руу залгаад та яаралтай захиргааны урд хүрээд ирээч гэсэн юм. Яваад очиход Тариалан сумын 5 дугаар багийн иргэн Б.Б гэх хүнтэй маргалдаж, зодуулсан байдалтай тухайн хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тухайн үед би хэсгийн цагдаа ахлах ахлагч Б.Б-ээс яасан юу болсон талаар асуухад Б.Б надад хэлэхдээ тус сумын 5 дугаар багийн иргэн Б.Б гэгчийг шалгахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан бөгөөд тухайн иргэн хууль ёсны шаардлага тавихад миний шаардлагыг эсэргүүцэж, миний биед халдаж намайг зодсон гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “ ...Б.Б нь “амрыг эрье та яагаад дүрэм зөрчөөд байгаа юм, аюулгүйн тойргоор буцаад зөв талаар нь эргээд яв, та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ яагаад тээврийн хэрэгсэл жолоодож дүрэм зөрчөөд байгаа юм бэ?” гэхэд Б.Б машинаасаа өөрөө үсэрч буугаад Б.Б-ийг барьж аваад заамдаад “чи миний дэлгүүрийг торгодог хэн бэ” гэж хэлэхэд Б.Б нь “би бүх дэлгүүр, хүмүүст ижил шаардлага тавьж арга хэмжээ авч байгаа” гэхэд Б.Б Б.Б-ийг заамдаж аваад түүнийг газарт унагаад цохиж зодсон тэгэхээр нь би машинаас буугаад Б.Б-ыг барьж аваад салгаж машинаас холтгож байтал манай суманд сонгуулийн хамгаалалтаар ажиллаж байсан Ц болон хэсгийн төлөөлөгч Ч.Д нар ирээд Б.Б-ыг машинтайн аваад явсан юм...” гэх мэдүүлэг[3],

4. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 650 дугаартай “...Үзүүлэгч Б.Б-н биед гэмтэл учирсан байна. Зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зүүн шанаа, чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал, хэл, баруун, зүүн сарвууны хуруунд зулгаралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зүүн шанаа, чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал, хэл, баруун, зүүн сарвууны хуруунд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно...” гэх шинжээчийн дүгнэлт[4],

5. Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн “...манай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах аюулгүй тойрог тойрохгүйгээр явчихсан байсан. Тухайн үед манай сумын цагдаа болох Б.Б намайг зогсоогоод шалгасан юм. Тэгээд намайг бичиг баримтаа шалгуулах шаардлага тавихад би эсэргүүцэж, үзүүлээгүй юм. Тэгээд би тухайн цагдаатай зодолдсон байсан, чухам яг юу гэж ярьж хэлсэн мөн хэрхэн ямар байдлаар зодсон талаар би сайн санахгүй байна. Тухайн үед би хоёр шил архи уучихсан байсан, өөрийгөө хянах чадваргүй байсан..” гэх мэдүүлэг[5] зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б-ыг 2020 оны 10 дугаар сарын 15-ны шөнө Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутагт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хьюндай старекс загварын 46-89 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсныг Увс аймаг дахь Цагдаагийн газрын Тариалан сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Б зогсоон шалгахад шүүгдэгч эсэргүүцэж, улмаар хохирогч Б.Бийн биед халдаж, түүний “зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зүүн шанаа, чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал, хэл, баруун, зүүн сарвууны хуруунд зулгаралт” гэмтлүүд учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “...Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж заасан байх тул Увс аймаг дахь Цагдаагийн газрын Тариалан сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Б нь хууль сахиулагч гэх ойлголтод хамаарна.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч Б.Б-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Энэ гэмт хэргийн улмаас нийтийн албаны ашиг сонирхол, хууль сахиулагчийн халдашгүй байдал зөрчигдсөн байна. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Б.Б гэх хүнээс эмчилгээний зардал мөнгөө гаргуулан авсан байгаа тиймээс надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн[6], шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн “хохирогчид хэдэн төгрөгийн хохирол төлсөн бэ?” гэх асуултад “1’500’000 төгрөг төлсөн” гэх хариулт зэргийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх эсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдал тогтоосон гэрч З.О-ийн “...Б.Б нь зан байдлын хувьд ямар нэгэн муу зуршил гэх зүйл байхгүй, өөрийнхөөрөө мөрөөрөө байж байдаг, хэн нэгэнд хар муу санаад байдаггүй. Хүнд их тусархаг, уян зөөлөн сэтгэлтэй, ямар нэгэн зүйлд хүлээцтэй ханддаг...” гэх мэдүүлэг[7], гэрч Н.Б-ын “...Б.Б нь ...багаасаа гэр бүлийн хүмүүжил сайтай, хүний үг сайн авдаг, ямар нэгэн муу зүйл хийгээд байдаггүй, мөрөөрөө байж байдаг залуу юм. Багаасаа хар бор амьдралд өссөн, хүнтэй ялгаж харьцдаг зүйл байхгүй. Бүх хүнтэй ижил тэгш харьцаж, чадлаараа тусалж дэмжиж явдаг...” гэх мэдүүлэг[8], Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, гэм буруугаа ойлгож ухамсарласан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв. Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О ургийн овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-т тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

4. Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Б-т хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХЗАЯА

 

[1] хх-ийн 4-5 дугаар хуудас

[2] хх-ийн 9-10 дугаар хуудас

[3] хх-ийн 15-16 дугаар хуудас

[4] хх-ийн 24-25 дугаар хуудас

[5] хх-ийн 35-36 дугаар хуудас

[6] хх-ийн 6 дугаар хуудас

[7] хх-ийн 7-8 дугаар хуудас

[8] хх-ийн 13-14 дүгээр хуудас

[9] хх-ийн 38 дугаар хуудас