| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0168/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/175 |
| Огноо | 2020-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Я.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц ургийн овогт Я-гийн Т-д холбогдох эрүүгийн 2035000000173 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Ц ургийн овогт Я-гийн Т 1991 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл хоёр, эхнэрийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ........
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Я.Т нь согтуугаар 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Ч.А-ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000173 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байшингийнхаа өргөтгөлийг хийж байтал орой 17 цагийн үед манай гэрийн гадна машин ирсэн юм. Машин дотроос манай сумын олон нийтийн цагдаа Н.Ш Ч.Т-ыг машинаас буулгаад яваад өгсөн. Я.Т надтай ирж уулзаад танай гэрт ормоор байна гээд миний хоёр гарнаас татаад манай гэрт орж ирсэн. Тухайн үед Я.Т нь манайд архи согтууруулах ундаа ууцан нэлээн согтолттой ирсэн. Гэрт ороод Я.Т нь 0.75 литрийн ямар нэртэй архи байсныг мэдэхгүй байна гаргаж ирээд “дүү нь танай байшин барихад тусалж чадсангүй” гээд архиа задалж надад хийж өгөхөөр нь би гурван хундага уусан юм. ...Я.Т нь манай орон дээр унтах гээд байж байтал гаднаас Я.Т-ын эхнэр Ш орж ирсэн. ...хэсэг байж байснаа Я.Т нь эхнэр Ш-т уурлаж “чи ямар удаан ирдэг юм, чамтай утсаар ярихад чиний цаана хүн дуугараад байсан уу” гээд эхнэрээ хардаж эхэлсэн чинь Ш нь “би хэнтэйгээ байдаг юм ганцаараа байсан” гэж хэлсэн чинь Я.Т нь эхнэр Ш-ыг гараараа нүүр лүү нь түлхээд унагаачихсан юм. Тэгэхээр нь би гүйж очоод Я.Т-ыг барьж аваад “за ахын дүү архи уухаараа дандаа эхнэртэй үг хэлж байх юм хоёулаа гэрээс гаръя” гээд хамт гарсан юм. ...Тэгээд Я.Т нь намайг заамдаж аваад тавихгүй болохоор нь баруун гараараа хүзүүнд нь цохиод өөрөөсөө холдуулж гарын тавиулсан юм. Тэгсэн Я.Т нь миний нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохиход миний хамраас цус гарсан. Би доош сууж цас аваад нүүрэн дээрээ цас тавиад сууж байтал дахин Я.Т ирээд нүүрэн тус газар баруун хөлөөрөө нэг удаа өшиглөхөөр нь би босож ирээд Т-ыг бариад автал миний нүүр лүү гараараа олон удаа цохиод байсан хэдэн удаа цохиод байсныг мэдэхгүй байна. Тэгээд цагдаа дуудаарай гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг[1],
2. Гэрч П.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Ч.А-ийн цээж рүү гурван удаа түлхээд авахаар нь би болиоч гээд салгах гээд дийлээгүй юм. Тэгсэн Ч.А нь чи намайг цохилоо гээд би ч гэсэн гартай гээд Я.Т-ыг цохиод авсан чинь Я.Т нь А-ийг боогоод нүүрэн тус газар нь гараараа цохисон. Манай нөхөр А хамраа дараад доош нь тонгойгоод суухаар нь би нөхөр дээрээ яваад очиход над руу харсан, гэтэл Я.Т нь гүйж ирээд Ч.А-ийн нүүрэн тус газар нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөхөөр нь би “манай нөхрийг өшиглөөд байхдаа яадаг” юм гээд Я.Т-ыг гараараа түлхсэн чинь намайг алгадаад авсан юм...” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч Б.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...манай нөхөр Я.Т нь уурлаад намайг гараараа түлхсэн юм. А ах Я.Т-ыг чи ингэж болохгүй архи уухаараа муухай ааштай болчих юм гээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд А ах манай гэрээс гаръя гээд тэр хоёр хамт гарахаар нь М эгч бид араас нь гарсан юм. ...тэр хоёр гараараа нэгнийгээ цохиод байсан харанхуй байсан болохоор яаж цохисон хэн хэнийгээ цохисон мэдэхгүй байна. ...М эгч, тэдний хүүхэд бид гурав нийлж аваад А, Т хоёрыг салгаж авсан. Тэрний дараа ахиад Т надаас салж гүйж очоод А ахыг нэг удаа өшиглөсөн юм хаана өшиглөснийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[3],
4. Насанд хүрээгүй гэрч А.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...гадна хүмүүс орилоод байхаар нь гэрээс гараад иртэл аав доош нь тонгойсон хамраас нь цус гараад нэг нүд нь хавдчихсан байхаар нь би Я.Т ахыг “та яаж байгаа юм бэ” гэсэн чинь Я.Т миний урдаас орилоод ирэх гэтэл эхнэр Ш нь гараас нь татаад боль гэсэн чинь эхнэрийнхээ гарыг тавиулаад над руу хүрээд ирэхээр нь би сандраад гарт таарсан нарийн модоор нуруун дээр нь цохиход намайг заамдаж аваад нэг удаа гараараа цохиод авсан юм. ...Тэгсэн аав цагдаа дууд гэхээр нь би цагдаагийн хэсэг рүү яваад цагдаа дагуулаад ирсэн чинь манай аавын нүүр тэр чигтээ хавдчихсан хоёр нүд хөхөрч хавдсан, хамарнаас нь цус гоожчихсон, хамар, хацар нь шалбарчихсан байсан...” гэх мэдүүлэг[4],
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “...Үзүүлэгч Ч.А-н биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, баруун гайморын /хацрын/ хөндийн гадна хананы цөмөрсөн хугарал, гайморын хөндийд цус хуралдалт, зүүн нүдний ухархайн дотно хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус, агаар хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний эргэн тойронд, хамрын нуруу, баруун, зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын үзүүр, баруун, зүүн хацар, баруун бугалганд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой ба шинээр үүссэн гэмтэл байна. Тархи доргилт, баруун гайморын /хацрын/ хөндийн гадна хананы цөмөрсөн хугарал, гайморын хөндийд цус хуралдалт, зүүн нүдний ухархайн дотно хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус, агаар хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний эргэн тойронд, хамрын нуруу, баруун, зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын үзүүр, баруун, зүүн хацар, баруун бугалганд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 698 дугаартай дүгнэлт[5],
7. Шүүгдэгч Я.Т-ын яллагдагчаар өгсөн “...Ч.А чи битгий ингэж бай гээд намайг баруун гараараа зүүн талын шанаа руу цохиод авахаар нь би буцаагаад баруун гараараа Ч.А-ийн баруун нүдэн тус газар хоёр удаа цохиод авсан юм. Тэгсэн гэрээс Ч.А-ийн эхнэр П.М, манай эхнэр Б.Ш нар ирээд бид хоёрыг салгах гээд орилоод байсан. Тэгсэн Ч.А-ийн хүүхэд А.Ч гэрээс гарч ирээд шургааг мод аваад намайг нуруун тус газар цохихоор нь би чи боль ахын дүү аав чинь намайг гараад ир гэсэн чи цаашаа яв гээд хэлсэн юм. Тэгээд манай эхнэр Б.Ш одоо боль явъя гээд намайг хашааны гадаа аваад гарсан чинь Ч.А цагдаа дууд гээд хүүхдэдээ хэлээд хүүхэд нь цагдаа дуудахаар яваад өгөхөөр нь би буцаад хашаан дотор орж цагдаа ирж байвал би энд байж байя гэсэн чинь Ч.А доош нь тонгойчихсон байдалтай чи ямар том, баавартай пизда вэ би чамайг харна гэхээр нь би гүйж очоод баруун хөлөөрөө нэг удаа нүүрэн тус газар нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг[6] зэрэг болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Я.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутагт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ч.А-тэй маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, хохирогчийн биед “тархи доргилт, баруун гайморын /хацрын/ хөндийн гадна хананы цөмөрсөн хугарал, гайморын хөндийд цус хуралдалт, зүүн нүдний ухархайн дотно хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус, агаар хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний эргэн тойронд, хамрын нуруу, баруун, зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын үзүүр, баруун, зүүн хацар, баруун бугалганд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Я.Т-ын биед учирсан “тархи доргилт, баруун гайморын /хацрын/ хөндийн гадна хананы цөмөрсөн хугарал, гайморын хөндийд цус хуралдалт, зүүн нүдний ухархайн дотно хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус, агаар хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний эргэн тойронд, хамрын нуруу, баруун, зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын үзүүр, баруун, зүүн хацар, баруун бугалганд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал” нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 698 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Я.Т нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч Я.Т-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. “Я овогтой Т, Ч овогтой А бид хоёр 2020.11.05-ны өдөр хоорондоо маргалдаж зодолдсон юм. Одоо бид хоёр хоорондоо эвлэрч нэгэндээ гомдолгүй болсон. Цаашдаа бид хоёр нэг нэгнээсээ нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хохирогч Ч.А-ийн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг[7] үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Я.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч М.М-ийн “Я.Т-ын зан төлөв гэхийн бол хүнд их тусархуу хэлсэн амандаа хүрдэг...” гэх мэдүүлэг[8], гэрч Т.Тэмүүжиний “Я.Т нь ... нэг л зангаараа байдаг, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй юм. ...Надтай болон бусадтай хөгжилтэй яриасаг, байнгын спорт, сагс тоглох их дуртай, хааяа архи уусан үедээ хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй өөрийгөө хянах чадвартай, зөөлөн ааш зантай хүн юм” гэх мэдүүлэг[9], Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоол[11] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Я.Т нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эхнэрийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Я.Т-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800’000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Я.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц ургийн овогт Я-гийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Т-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800’000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Я.Т нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Я.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Т-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] хх-ийн 5-6 дугаар хуудас
[2] хх-ийн 7-8 дугаар хуудас
[3] хх-ийн 9-10 дугаар хуудас
[4] хх-ийн 12-13 дугаар хуудас
[5] хх-ийн 21-22 дугаар хуудас
[6] хх-ийн 37-39 дүгээр хуудас
[7] хх-ийн 79 дүгээр хуудас
[8] хх-ийн 14 дүгээр хуудас
[9] хх-ийн 15-16 дугаар хуудас
[10] хх-ийн 41 дүгээр хуудас
[11] хх-ийн 68-73 дугаар хуудас