| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0179/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/182 |
| Огноо | 2020-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч С.Янсанжав, түүний хууль ёсны төлөөлөгч С.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогт С-ын Я-д холбогдох эрүүгийн 2035000000154 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Т ургийн овогт С-ын Я, 1971 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл нэг, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн 7 дугаар гудамжны 21 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ......
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч С.Я нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг Гиваан баатарын талбай дээр 2020 оны 9 дүгээр сарын 08-ны орой бага насны хохирогч С.Д-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2035000000154 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Насанд хүрээгүй хохирогч С.Д-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Талбай ороод 10-20 минутын хугацаанд тоглоод байж байгаад дугуйныхаа ачааны даруулгын боолтыг чангалж засаад байж байтал гэнэт араас томоо биетэй, хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн чиглээд ирэхээр нь тэр хүнээс холдоод явсан чинь миний араас гүйж ирээд миний хувцасны араас татаад газарт унагасан. Тэгээд миний дээр гараад намайг дарж суугаад нэг гараараа миний хоолойг боож бариад дарсан, нөгөө гараараа миний хамарнаас бариад сэгсэрсэн. Тэгээд хамар сэгсрэхээ болиод миний нүүрний хэсэгт цохисон. Тухайн үед би уг хүнээс маш их айж сандарсан. Ямар ч байсан тэр хүний доороос аргалаад босоод зугтаасан. Тэгтэл тэр ах миний араас хөөсөн. Би тэхээр нь гэрэлт гудамжаар явж байсан олон хүүхдийн дундуур гарч зугтаагаад гэрлийн шонгийн араар нуугдсан. Тэгээд хэсэг нуугдаж байгаад нөгөө хүнийг талбай дотор байгаа эсэхийг харсан чинь бас л хүүхэд хөөж харагдсан... Тэр хүнээр цохиулсны дараа миний хамар болон уруул хэсгээс цус гарсныг гэртээ харих замдаа мэдсэн...” гэх мэдүүлэг[1],
2. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Миний хүү С.Д-ий биед гэмтэл учирсан. Нэхэмжлэх хохирол байхгүй. Уг хүнийг буюу С.Я-ыг хяналтад байлгах шаардлагатай, эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэж бодож байна. Уг хүн дараа нь дахиад ч хүүхэд цохиж болзошгүй юм. ... Одоо бол хүүхдийн бие хэвийн болсон. Сүүлд биеийн эмчид үзүүлж харуулахад гайгүй болсон байна...” гэх мэдүүлэг[2],
3. Насанд хүрээгүй гэрч С.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тоглож байх явцдаа Улаангом гэх бичигний хажууханд дүүгийн дугуйных нь ачааны даруулганы боолтыг чангалж засаад байж байтал нэг эрэгтэй хүн дүү бид хоёр луу чиглээд ирэхээр би шууд зугтааж холдоод Гивааны хөшөөний хажууд очиж зогсоод эргээд хартал дүү бид хоёр луу чиглээд ирж байсан хүн дүүгийн дээр нь гараад суучихсан гараараа цохиж байсан. Тэгэхээр нь би буцаж очоод тэр хүнийг “та болиоч” гэж хэлсэн. Тэгтэл хажууд явсан нэг танихгүй эгч бас тэр хүнд “чи болиоч” гэж хэлээд тэр хүнийг доороос дүүг татаад босгосон. Тэгтэл дүүг цохиж байсан хүн дахиад дүүг маань цохих гээд дайрах гэтэл дүү маань зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг[3],
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “...Үзүүлэгч С.Д-н биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой эдгэж буй шинэ гэмтлүүд байна. Тархи доргилт, зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 586 дугаартай дүгнэлт[4],
5. Шүүх сэтгэц эмгэг судлалын 40 дугаартай “...С.Я нь сэтгэцийн хувьд оюун ухааны хөнгөн хомсдолтой. ...С.Я нь одоогоор оюун ухааны хөгжлийн түвшинд болсон явдлынхаа талаар мэдээлэл үнэн зөв мэдүүлэг өгч тусгаж чадаж байна. С.Я нь одоогоор хэрэг хариуцаж чадна. С.Я нь одоогоор согтуурах, мансуурах донтох эмгэг байхгүй байна” гэх дүгнэлт[5],
6. Шүүгдэгч С.Я-ын яллагдагчаар өгсөн “...Би тэр өдөр айлд очиж чацаргана түүх ажил хийхээр явж байх замаараа Гивааны талбай орсон чинь цэргийн ангийн яармаг худалдаа болоод дуусч байсан. Үүнийг үзэж сонирхохоор талбай руу ороод явж байтал тэнд байсан хүүхдүүд дундаас намайг нэг нь хотон Ганбаа, галзуу Ганбаа гэж хэлж дуудахаар нь миний уур хүрээд ойролцоо байсан хүүхдүүд рүү гүйгээд намайг доромжилсон хүүхдийг олж авах гэтэл урд талд унадаг дугуйтай хүүхэд байхаар нь уг хүүхдийг татаад газарт унагаасан. Тэгээд уг хүүхдийн нүүр лүү гараараа цохисон. Тэр хооронд уурандаа би ухаангүй болоод сэргэсэн чинь уг хүүхдийн хамараас цус гарч байсан. Хажууд байсан хүмүүс тэр хүүхдийг салгаж авсан...” гэх мэдүүлэг[6] зэрэг болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Я нь 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт намайг доромжиллоо гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч С.Д-ий нүүрэн тус газар гараараа цохиж, насанд хүрээгүй хохирогчийн биед “тархи доргилт, зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтлүүд учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Насанд хүрээгүй хохирогч С.Д-ий биед учирсан “тархи доргилт, зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал” нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 586 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Я нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Насанд хүрээгүй хохирогч С.Д нь 2011 оны 02 дугаар сарын 19-ны өдөр төрсөн, 9 настай болох нь Насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл[7], Төрсний гэрчилгээний хуулбараар[8] тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан бага насны хүүхэд гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно” гэж зааснаар насанд хүрээгүй хохирогч С.Д нь бага насны хүүхэд байна.
Шүүгдэгч С.Я-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Нэхэмжлэх хохирол байхгүй. ...Надад гомдол, санал хүсэлт байхгүй... Одоо бол хүүхдийн бие хэвийн болсон. Сүүлд биеийн эмчид үзүүлж харуулахад гайгүй болсон байна” гэж мэдүүлсэн[9] байна. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч С.Я нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч С.О-ын “...Дүү маань төрөхдөө ургийн гажигтай төрсөн. ...сургуульд оруулсан боловч юу ч ойлгоогүй. Гэртээ л өссөн. Цэрэгт явуулах гэсэн чинь биеийн байдлаас болж тэнцээгүй. Улмаар сэтгэцийн өвчнөөр группт орсон. Сэтгэцийн байдал нь хэвийн бус, хий дэмий зүйл ярьдаг, гадуур байнгын явж байдаг, гэртээ байдаггүй...” гэх мэдүүлэг[10], Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Янсанжав нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт оршин суудаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “прокурорын гаргасан ялын доод хэмжээг халдааж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч С.Я-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450’000 төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Я нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т ургийн овогт С-ын Я-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Я-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Я нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч С.Я нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Я-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] хх-ийн 8-9 дүгээр хуудас
[2] хх-ийн 10-11 дүгээр хуудас
[3] хх-ийн 12 дугаар хуудас
[4] хх-ийн 24-25 дугаар хуудас
[5] хх-ийн 37-38 дугаар хуудас
[6] хх-ийн 70-73 дугаар хуудас
[7] хх-ийн 8-9 дүгээр хуудас
[8] хх-ийн 53 дугаар хуудас
[9] хх-ийн 10-11 дүгээр хуудас
[10] хх-ийн 14-15 дугаар хуудас
[11] хх-ийн 87 дугаар хуудас