Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 344

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын багт оршин суух хаягтай, Ж овогт О.М /РД/-ийн  нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Д, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   .. миний бие 1970 онд төрсөн. Улсад 15 жил ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилласан өдөр, цалингийн бичилт хийгдээгүй зөрчилтэй мөн 1989-1994 онуудын бичилт хэсэгт Уламжлал ББХК-ийн тамга дарагдсан байна. Этгээд зөрчлөөс болоод шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон тул хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн 1989 оны 1 сарын 1-нээс 1991 оны 5 сарын 15-ныг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн ангид, 1991 оны 5 сарын 16-наас 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Уламжлал хоршоонд тус тус ажилчнаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Мнь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 4 сарын 6-ны өдрийн 08/418 дугаартай “Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн анги”, “Уламжлал хоршоо”, “Далай оргил хоршоо” -ийн талаарх хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/

-Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 4 сарын 6-ны өдрийн 260 дугаартай “Хүнсний үйлдвэрийн 1989 оны 01 дүгээр тушаалыг эх баримтаас хуулбарлан гаргаж хавсарган хүргүүллээ” гэх тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/

-Дундговь аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1989 оны 01 сарын 03 өдрийн 01 дугаартай “Сумдын хүнсний цехийн ажилчдыг ХБА-н мэдэлд шилжүүлэх тухай” тушаалын хуулбар /хэргийн 12-р хуудас/

-О.Мд Уламжлал ББХ хоршооноос 1992 оны 04 сарын 10 өдөр олгосон Уламжлал ББХХоршооны даргын 1989 оны 01 сарын 10 өдрийн 02 тоот тушаалаар хоршооны нарийн боовны цехэд ажилчнаар авч ажилуулах тухай, 1991-1993 онуудад хамаарах “байгуулагын нэр, гүйцэтгэсэн ажил албан тушаал, тушаалын он сар өдөр, дугаар” хэсэгт Уламжлал ББХХоршооны тамга дарагдсан, хоршооны даргын 1994 оны 12 сарын 22 өдрийн 63-р тушаалаар нарийн боовны цехийн туслах ажилтнаас чөлөөлж, хөдөлмөрийн дэвтрийг хаах тухай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 6-8-р хуудас/

-Гэрч С.Лхагвасүрэнгийн “...О.Мнь 1984 оноос эхлээд 1994 он хүртэл Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн ангид талх нарийн боовны цехэд норомчиноор ажиллаж байсан. Би Худалдаа бэлтгэлийн ангийн гуанзанд ээлжийн тогоочоор 1983-2000 он хүртэл ажилласан. О.Мыг ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар мэдэхгүй байна. О.Мнь Эрдэнэдалай сумын Уламжлал хоршоонд ажилласан байсан. Нэг олон нэр өөрчлөгдөж байсан. О.Мнь ангид ажиллаж байсан талаар нь л мэднэ. Сүүлд малчин болсон байх гэв.....” гэх мэдүүлэг /хэргийн 30-р хуудас/

-Гэрч Ц.Отгонжаргалын “..Намайг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байхад Мхудалдаа бэлтгэлийн ангийн нарийн боовны цехэд ажиллаж байсан. Би 1989 онд ирж ажиллахад Мажиллаж байсан. Тэгээд хувьчлал тартал ажилласан. О.Мыг ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар мэдэхгүй байна. Тэр үед шагнал ховор байсан. О.Мнь Эрдэнэдалай сумын Уламжлал хоршоонд ажиллаж байсан. Оныг нь мэдэхгүй байна. О.Мнь өөр газар ажиллаж байгаагүй. Надтай хамт ажиллаж байсан нь үнэн.....” гэх мэдүүлэг /хэргийн 31-р хуудас/ зэрэг шууд баримтууд,

- С.Лхагвасүрэнд Өмнөговь аймгийн ХАА-н ТМС-с 1983 оны 06 сарын 25 өдөр олгосон, 1983 оны 07 сарын 01 өдрөөс 1995 оны 01 сарын 05 өдөр хүртэл Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн анги, Уламжлал ББХХоршоонд ээлжийн тогоочоор ажиллаж байсан тухай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 18-19-р хуудас/

-Ц.Отгонжаргалд 1988 оны 06 сарын 25 өдөр Худалдааны техник мэргэжлийн дунд сургуулиас олгосон, 1988 оны 07 сарын 01 өдрөөс 1995 оны 01 сарын 05 өдөр хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн анги, Уламжлал хэрэглээний хоршоонд гуанзны кассчинаар ажиллаж байсан тухай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 20-21-р хуудас/ зэрэг дам  баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж овогт О.М /РД/-ыг 1989 оны 1 сарын 1-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн анги, Уламжлал хоршоонд тус тус туслах ажилтанаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.  

    2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б