Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/186

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогт Ц-ийн Б-т холбогдох эрүүгийн 1935003220028 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Т ургийн овогт Ц-ийн Б, 1973 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хүнсний худалдаа эрхэлдэг, ам бүл тав, дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10-р баг, гуравдугаар арван жилийн багш нарын байранд оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар:........

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг төрсөн ах Ц.Б-ын гэрт 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас төрсөн эгч Ц.Ц-тай маргалдаж улмаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 1935003220028 дугаартай хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ц.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...тэгээд би гэрээс гарах гэхэд миний төрсөн дүү Ц.Б намайг миний дээлний хормойноос татаад суулгасан юм. Тэр үед миний төрсөн дүү Ц.Б намайг өнгөрсөн жил чи намайг баривчилгаанд оруулсан. Одоо би чамайг зодож хариугаа авна гээд миний дүү Ц.Б гараараа миний хамар луу 2-3 цохиод цус гаргасан юм. Тэгээд миний үснээс татаж унагаад би шалан дээр хэвтэж байтал миний дүү Ц.Б миний толгойны ар хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисон юм... ” гэх мэдүүлэг[1],

“...миний төрсөн дүү Ц.Б гартаа хундага архи барьчихсан согтуу ирээд ноднин жил чи намайг баривчлуулсан чи надаас уучлалт гуй гэж надаас шаардсан юм. Тэгээд би урдаас нь миний буруу байгаад чиний зөв байсан бол би уучлалт гуйя гэж хэлсэн юм. Тэгтэл миний дүү Ц.Б намайг энэ дандаа ингэдэг юм одоо хүртэл буруугаа хүлээхгүй байна гээд миний нүүр лүү барьж байсан хундагатай архиа цацаад тэгээд баруун гарынхаа араар миний уруул дээр цохисон юм...” гэх мэдүүлэг[2],

2. Гэрч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Цг гэрээс гаргаж явуулах гэж байтал миний төрсөн дүү Ц.Б Ц.Ц-гийн дээлний хормойноос татаад Ц.Ц-г гэрийн хаалганы алхавц дээр унагаасан юм. Тэр үед Ц.Б Ц.Ц-г чи намайг өнгөрсөн жил цагдаад өгсөн одоо чи бид хоёр эгч дүү хоёр биш гэж хэлээд маргалдаад байсан тэгээд би тэр хоёрыг би салгаад Ц.Ц-г гэрээс гаргаад явуулсан юм. Тэгээд Ц.Б ахын гэрээс гарсны дараа Ц.Ц-г хэн яаж цохисныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[3],

3. Гэрч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэгээд би зах гараад хэсэг явж байгаад 18-19 цагийн үед төрсөн эгч Ц.Ц эгчийн гэрт очсон. Тэр үед миний төрсөн эгч Ц.Ц нь Ц.Ц эгч рүү утсаар залгаж дүү Ц.Ц  танайхаар очсон уу? Ц.Ц нь нэлээн согтуу байж байгаад Ц.Б ахын гэрээс гараад явчихсан байна энд өмсөж явсан ботинк нь байна, цүнх нь бас байна. Ц.Б ахынд хэрүүл болоод хоорондоо зодолдоод явсан гэж хэлсэн. ...бид нарыг очиход миний төрсөн эгч Ц.Ц нь баруун нүд хавдсан байдалтай уруулаас цус гараад хавдсан байдалтай байсан юм...” гэх мэдүүлэг[4],

4. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019 оны 08 сарын 03-ны орой намайг гэртээ байж байтал миний авга эгч Ц.Ц нь ... 20 цагийн үед ... над руу залгаад “Ц.Ц-гийн хамраас нь цус гарчихсан байна. Ц нь уйлаад нүд нь хавдчихсан байна. Ц.Ц нь согтуу байна, юу болсон юм бэ” гэж надаас асуусан юм. Тэр үед би урдаас нь “мэдэхгүй энд хүн байхгүй байна, Энд аав, ээж, Цэвэлмаа эгч нар байна өөр хүн байхгүй байна” гэж хэлсэн юм. ...түүний дараа би утсаар ярьж асуухад “танай гэрт байхад нь 2019 оны 08 сарын 03-ны орой Ц.Ц-г би гарынхаа тохойныхоо араар нэг удаа цохиход Ц нь хойшоо савж унахдаа толгойгоороо танай хашаан дотор байсан машины гражийг нэг удаа мөргөсөн” гэж надад Ц.Б эгч утсаар хэлсэн юм...” гэх мэдүүлэг[5],

5. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “...Үзүүлэгч Ц.Ц-н биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, дух, зүүн хацар цус хуралт, дээд уруулд зулгаралт, баруун эгэмд зулгаралт, цус хуралт, баруун, зүүн шилбэнд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 03 дугаартай дүгнэлт[6],

6. Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “...2019.08.05-ны өдрийн шинжээч эмч Н.О-ын үзлэг болон 2019.08.08-ны өдрийн толгойн КТГ-ийн шинжилгээгээр Ц.Ц-гийн биед  тархи доргилт, дух, зүүн хацар цус хуралт, дээд уруулд зулгаралт, баруун эгэмд зулгаралт, цус хуралт, баруун, зүүн шилбэнд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь нийлээд болон дан дангаараа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн 1410 дугаартай дүгнэлт[7],

7. Шинжээч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ц.Ц-г үзэж дүгнэлт гаргаж байх үед ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай байрлал идэвхтэй, хүүхэн хараа хоёр талд гэрлийн урвалтай, хоёр талд ижил хэмжээтэй, нүдний алимны чичирхийлэлтэй, дагзны булчингийн хөшингүй, мөчдөд саа саажилтгүй, артерийн даралт 110/80 мм мөнгөн усны багана хэмжээтэй байсан. Иймд дээрх үзлэгээр үзүүлэгч Ц.Ц-гийн биед тархи доргилтын шинж тэмдэг илрэхгүй байсан, мөн ямар нэгэн оношилгоо, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийгдээгүй байсан тул иргэн Ц.Ц-гийн биед тухайн үед тархи доргисон байна гэж үзээгүй юм...” гэх мэдүүлэг[8]

8. Шүүгдэгч Ц.Б-ын яллагдагчаар өгсөн “...би Ц.Б ахын гэрээс гарах гэж байхад нь эгч Ц.Ц-гийн дээлийнхэн хормойноос татахад Ц.Ц эгч нүүр хэсгээрээ тэдний гэрийн хаалганы хатавчийг нэг удаа мөргөөд уначихсан юм. ...та болилдоо гээд эгч Ц.Ц бид хоёр зэргэлээд зил-130 машины рам төмөр дээр сууж байгаад би баруун гараараа эгч Ц-гийн мөр лүү түлхэхэд миний төрсөн эгч Ц.Ц нь намайг өөрийг нь цохих гэж байна гэж ойлгоод өөрийнхөө биеэрээ цааш налахдаа өөрийнхөө толгойгоороо гражийн хажууд босоо, налуу байрлалтай байсан машины рамын төмөр, машины граж хоёрын завсар луу өөрийнхөө бие, толгой хэсгээрээ нугдайгаад орчихсон юм...” гэх мэдүүлэг[9] зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт хохирогч Ц.Ц-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогчийг зодож, хохирогчийн биед “тархи доргилт, дух, зүүн хацарт цус хуралт, дээд уруулд зулгаралт, баруун эгэмд зулгаралт, цус хуралт, баруун, зүүн шилбэнд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн” гэмтлүүд учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Ц.Ц-гийн биед учирсан “тархи доргилт” нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт, Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1410 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Ц.Ц нь “...Би эмчилгээнд Улаанбаатар хот явсан, эмнэлэгт хэвтсэн зардалд нэг сая төгрөг гарсныг дүү Ц.Б надад хохиролд 1’000’000 /нэг сая/ төгрөг бэлэн мөнгөөр өгч хохирлыг барагдуулж өгсөн. Би цаашид гарах зардлыг тухайн үед нь Ц.Баас нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэж мэдүүлсэн[10] байна. Иймд шүүгдэгч Ц.Б-ыг хохирогчид нэг сая төгрөг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Ц-гийн эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоол[12]  зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь хүнсний худалдаа эрхэлдэг, ам бүл тав, дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн 3 дугаар арван жилийн багш нарын байранд оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600’000 төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан компьютер томографын бичлэг бүхий нэг ширхэг сиди-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.Ц-д буцаан олгох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т ургийн овогт Ц-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Ц-гийн эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан компьютер томографын бичлэг бүхий нэг ширхэг сиди-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.Ц-д буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА

 

 

[1] 1-р хх-ийн 35-36 дугаар хуудас

[2] 1-р хх-ийн 38-39 дүгээр хуудас

[3] 1-р хх-ийн 45-46 дугаар хуудас

[4] 1-р хх-ийн 47-48 дугаар хуудас

[5] 1-р хх-ийн 55-56 дугаар хуудас

[6] 1-р хх-ийн 75 дугаар хуудас

[7] 1-р хх-ийн 89-91 дүгээр хуудас

[8] 1-р хх-ийн 112-114 дүгээр хуудас

[9] 1-р хх-ийн 128-130 дугаар хуудас

[10] 1-р хх-ийн 42 дугаар хуудас

[11] 1-р хх-ийн 142 дугаар хуудас

[12] 1-р хх-ийн 157-162 дугаар хуудас