| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0164/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/171 |
| Огноо | 2020-12-04 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан, шүүгч Б.Мөнхзаяа, А.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, иргэдийн төлөөлөгч Ж.Батчулуун, хохирогч Ц.Ц, шүүгдэгч Р.М, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогт Р-гийн М-д холбогдох эрүүгийн 2035000000135 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Р-гийн М, 1971 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 1-7 тоотод оршин суудаг, урьд нь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4 сар баривчлах ялаар, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар:...........
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Р.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 007 тоотод байрлах гэртээ 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 7 дугаар сарын 26-нд шилжих шөнө хамтран амьдрагч Ц.Ц-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000135 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нэг төгсөлтийн найзуудтайгаа Д гэдэг хүний найранд очсон юм, найр тараад манай гэрт шөнийн 00 цагийн үед манай төгсөлтийн Д, С, Ө бид нар ирсэн. Би гэртээ тэд нарт нэг шил 0.75 литрийн шар Чингис архи задалж өгөөд бид нар уг архийг хувааж ууж байхад миний нөхөр Р.М нь уг архийг хүмүүст хундагалж өгч байсан... Манай гэрт нөхөр Р.М бид хоёр үлдээд, би маргааш өглөө нь ажилтай байсан учраас шөнийн 01 цаг өнгөрч байхад бид нар гэртээ орондоо ороод хамтдаа унтсан юм. Унтаж байтал нэг мэдэхэд миний нөхөр Р.М хутга аваад над руу дайрахад би хутгийг нь гараараа барьж авах гээд хутганаас атгаад автал Р.М нь уг хутгийг татаж шувталж аваад миний дээр гараад намайг дарж байгаад шууд миний цээжин тус газарт нэг удаа хутгалсан юм. Тэгээд би орилоод “чи намайг хутгалчихлаа хурдан 103 дуудаач” гэж хэлэхэд Р.М нь миний гар утсыг аваад, хүүхдээ дагуулж аваад гэрээс гараад явчихсан юм. Би гэрээс гарч хүмүүсээс тусламж авъя гэж бодоод гэрээс гараад гэрийнхээ үүдэн дээр модон довжооны урд талд газарт унаад ... удаан хэвтсэн юм. Намайг гэрт чанга дугараад орилоход миний цээжнээс цус цацарч гараад байсан юм. Тэгээд би гэрийнхээ үүдэн дээр гараад нэг эмэгтэй хүн ирж байгааг хараад ухаан алдсан юм... ” гэх мэдүүлэг[1],
Хохирогч Ц.Ц нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөх байх” гэж заасан эрхийнхээ дагуу шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
2. Гэрч Ж.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 25-ны шөнө Ц.Ц-ын гэрт байхад Ц.Ц нөхөр Р.М-тай маргалдаж хэрэлдсэн, ам зөрсөн зүйл байгаагүй юм...” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч Р.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 7 дугаар 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал манай төрсөн ах М нь 03 цагийн үед өөрийн 99457707 гэх дугаараас миний 99457260 гэх дугаар луу залгаад “би хүн алчихлаа охиноо авчихсан гудамжинд явж байна. Би танай гэрийг олохгүй, хаана яваагаа мэдэхгүй байна” гэж хэлээд тасалсан юм. Удалгүй 30 минутын дараа дахин залгасан тухайн үед би “та яг хаана байгаагаа хэлээч” гэхэд “замын хажуу талын Ундарга Увс гэх колонк дээр байна” гэсэн. Тэгээд би яваад очтол Ундарга Увсын харалдаа гудамжинд охиноо тэврээд цээж нүцгэн суучихсан байсан тухайн үед би машинтай явж байсан тул машиндаа суулгаж гэрийн гадна авч ирээд нөхрийн футболкноос өмсгөөд “зайл битгий над руу дахин ир” гээд охиныг нь аваад хөөгөөд явуулсан....” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал манай доод талын хашаанд эмэгтэй хүний орилох дуу гараад байсан юм. Тухайн үед 02 цаг орчим болж байсан байх тэгээд би гэрээс гараад хашааны буланд очиход манай доод талын хашаанд эмэгтэй хүн манай нөхрийн нэр болох Д гэх нэрийг дуудаад тусламж хүсээд орилж байсан юм. Тэгээд би тухайн доод хашаанд ороод гэрийн үүдэнд буюу тухайн орилж байсан эмэгтэй дээр явж очиход тухайн эмэгтэй газар уначихсан орилж байсан юм. Тэгээд би яасан юу болсон талаар асуухад хутгалчихлаа гээд орилж байсан юм. Тухайн үед харанхуй байсан учир би өөрийн 95110586 дугаарын гар утсаар цагдаагийн газрын 102 утас руу залгаж манай хажуу талын айлын хүн эхнэрээ зодоод байна гэх дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 26-ны шөнө дуудлагаар Ц.Ц гэж хүн анх ирэхдээ 103 дээр дуудлагаар ирсэн байсан. Тухайн хүн нь биеийн байдал хүнд, амьсгалын дутагдалтай даралт, пүльс унасан байдалтай ирсэн. Би 103 дээр ээлжийн эмчилгээ хийж биеийн байдлыг тогтворжуулсан. Хохирогч Ц.Ц нь цээжний хутгалагдсан ил шарх, гэмтэлтэй хүргэгдэн ирж гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Гэмтлийн тасагт Ц.Цыг хэвтүүлж зүүн талын уушги унасан байсан тул цээжний хөндийд гуурс байрлуулж аппаратанд холбосон. Ц.Ц-ын биед хутгалагдсан шарх нь цээжний хөндий рүү нэвтэрсэн, амьсгалах үед агаар нэвтэрч байсан...” гэх мэдүүлэг[5],
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “...Үзүүлэгч Ц.Ц-н биед гэмтэл учирсан байна. Цээжний зүүн хэсэгт хатгагдаж нэвтэрсэн шарх гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Ц.Ц нь дээрх гэмтлийг авсны дараа хийх хөдөлгөөн хязгаарлагдаж, албадмал байрлалд орох бөгөөд тухайн байрлалд таарсан хөдөлгөөн хийх боломжтой. Цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ үйлчилгээ өвчний эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн 528 дугаартай дүгнэлт[6],
7. Шүүгдэгч Р.М-ын яллагдагчаар өгсөн “...Тэгээд миний эхнэр Ц нь манай гэрт зуухны дээд талд газарт хоолны тавган дээр байсан бор иштэй хутгийг авч миний нурууг уг хутгаар зүссэн юм. Тэгээд би эхнэр Цаас уг хутгийг нь булааж авах гээд эхнэр Ц бид хоёр уг хутгийг булаацалдаж байх үед бид хоёр хамтдаа унахад эхнэр Ц-ын цээжин тус газарт хутгалагдсан байсан юм. Тэгээд эхнэр Ц намайг алчихлаа гээд орилохоор нь би охин хүүхдээ аваад айж сандарсандаа би гэрээс гараад зугтсан юм...” гэх мэдүүлэг[7],
Шүүгдэгч Р.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Ц.Ц найзынхаа найранд 5 цагийн үед явсан. Орой 12 цагийн үед согтуу найз нартайгаа ирсэн. Тэгээд 0.75 литр архи задалж тэрийг уусан. Оройтож ирсэн гэж хэрүүл маргаан үүсгэж ийм асуудал болсон. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Р.М нь 2020 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт хувийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч Ц.Ц-тай маргалдаж, улмаар цээжин тус газар нэг удаа хутгалж хохирогчийн биед “цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх” гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Ц.Ц-ын биед учирсан “цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх” нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 528 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.М нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль ч байж болно” гэж заасан бөгөөд хутга нь хүйтэн зэвсгийн төрөлд хамаарна.
Иймд шүүгдэгч Р.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хохирогч Ц.Ц-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдоно. Хохирогч Ц.Ц нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй, эмчилгээ хийлгэсэн талаар зардлын баримт хэрэгт авагдаагүй байна.
Хохирогч Ц.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би одоо нөхөр Р.Мтай хамтдаа нэг гэртээ амьдарч байгаа юм. Би одоо нөхөр Р.Маас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй болно”[8] гэж мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв.
Шүүгдэгч Р.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Г.Ө-ийн “...Миний хадам ах Р.М нь даруухан төлөв зантай, үг дуу цөөнтэй, гэрээсээ гардаггүй, гэртээ л байж байдаг хүн юм. Хувиараа таарсан ажлаа хийгээд явж байдаг, хүнд тусархаг, архи дарсыг нэлээн их уудаг, гэхдээ архи уусан үедээ гадуур дотуур яваад байдаггүй хүн юм...” гэх мэдүүлэг[9], Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоол[11], Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоол[12] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Р.М нь эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 1-7 тоотод оршин суудаг, урьд нь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4 сар баривчлах ялаар, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.М, хохирогч Ц.Ц нар нь эвлэрсэн, хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн, шүүгдэгч нь гэм буруугаа ойлгож ухамсарласан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шүүгдэгч Р.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан ялын гурваны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хорих ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Р.М-д оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бор өнгийн модон бариултай хутгыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Р.М-д өмнө авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х ургийн овогт Р-гийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Р.М-д 4 /дөрвөн/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Р.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон бариултай хутгыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-д өмнө авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ
ШҮҮГЧИД А.МӨНХСАЙХАН
Б.МӨНХЗАЯА
[1] хх-ийн 24-25 дугаар хуудас
[2] хх-ийн 26 дугаар хуудас
[3] хх-ийн 29-30 дугаар хуудас
[4] хх-ийн 41-42 дугаар хуудас
[5] хх-ийн 45-46 дугаар хуудас
[6] хх-ийн 53-54 дүгээр хуудас
[7] хх-ийн 76-78 дугаар хуудас
[8] хх-ийн 24-25 дугаар хуудас
[9] хх-ийн 47 дугаар хуудас
[10] хх-ийн 79 дүгээр хуудас
[11] хх-ийн 82-89 дүгээр хуудас
[12] хх-ийн 90-96 дугаар хуудас