| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 119/2026/0008/З |
| Дугаар | 221/МА2026/0266 |
| Огноо | 2026-04-22 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2026/0266
“Н-О” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ш, өмгөөлөгч Э.Т
Нэхэмжлэгч: “Н-О” ХХК
Хариуцагч: “Э” ТӨҮГ, тус газрын “Холхивч II /ЭҮТӨГ/20250******/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо
Нэхэмжлэлийн шаардлага: “2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11911 дугаартай албан бичгийг хэвээр үлдээх, Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Гомдол буцаах тухай” 03/219 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох, “Э” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/62 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох, “Э” ТӨҮГ-т нэхэмжлэгч “Н-О” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 020 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ш, Ө.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Д.Г, Э.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 119/2026/0008/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Н-О” ХХК-иас “Э” ТӨҮГ, тус газрын “Холхивч II /ЭҮТӨГ/20250******/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11911 дугаартай албан бичгийг хэвээр үлдээх, Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Гомдол буцаах тухай” 03/219 тоот дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох, “Э” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/62 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох, “Э” ТӨҮГ-т нэхэмжлэгч “Н-О” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохыг даалгах”-аар маргасан байна.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 020 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 26 дугаар зүйлийн 26.2, 26.4.2, 26.9, 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.4, 51 дүгээр зүйлийн 51.7, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н-О” ХХК-ийн “Э” ТӨҮГ болон тус газрын “Холхивч II /ЭҮТӨГ/20250******/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11911 дугаартай албан бичгийг хэвээр үлдээх, “Э” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/62 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох, “Э” ТӨҮГ-т нэхэмжлэгч “Н-О” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Гомдол буцаах тухай” 03/219 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Таас гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Юуны өмнө анхан шатны шүүх захиалагчийн гаргасан гэрээ байгуулах эрх олгохоос татгалзсан тухай мэдэгдлийг захиалагчийн шийдвэр гэж үзээгүй. Харин хэрэгт авагдсан 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлийн шийдвэрийг үндэслэл болгож дүгнэсэн байдаг. Гэвч Тендерийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн агуулгыг харахад, тендерийн үнэлгээний хорооны хурлаас гарсан шийдвэр нь заавал мэдэгдэл хэлбэрээр илэрхийлэгддэг нь харагддаг.
Тэр мэдэгдэлд тендерээс татгалзсан үндэслэл болон түүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг тодорхой заадаг. Харин тухайн хурлын тэмдэглэлд бие даасан шийдвэр агуулагдаагүй. Иймээс хурлаас гарсан шийдвэрийн илэрхийлэл нь мэдэгдэл байдаг тул уг мэдэгдлийг захиргааны акт гэж үзэх нь зүйтэй. Анхан шатны шүүх мэдэгдэл нь бие даасан албан бичиг учраас шийдвэр биш гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Хоёрдугаарт, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн гол үндэслэлд огт дүгнэлт өгөөгүй. Тодруулбал, захиалагчийн хэрэглэсэн стандарт нь 2012 оны стандарт бөгөөд уг стандарт нь хүчингүй болсон байсан гэж нэхэмжлэгч үзэж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шинэ стандартын дагуу бараагаа нийлүүлэх санал гаргасан байхад тендерээс татгалзсан нь үндэслэлгүй гэж маргасан байдаг.
Гэтэл анхан шатны шүүх энэ асуудлыг тодруулах үүргээ хэрэгжүүлээгүй, холбогдох стандарт хүчин төгөлдөр эсэх талаар нотлох баримт цуглуулж хавтаст хэрэгт аваагүй. Энэ нь шүүх нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, улмаар шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.
Гуравдугаарт, Сангийн яамыг хариуцагчаар оролцуулах асуудлыг анхан шатны шүүх буруу шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа дөрвөн шаардлага тодорхойлсны нэг нь Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай байсан. Хуулийн дагуу нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа тодорхойлох эрхтэй байдаг.
Гэтэл шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн атлаа шүүх хуралдааны шатанд уг шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй шийдвэр болсон. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас харахад хариуцагч талаас Сангийн яамыг хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй үлдсэн байна. Хэрэв хүсэлтийг шийдвэрлэхгүй орхисон бол оролцогч тал гомдол гаргах эрхтэй байдаг ч энэ эрхийг хэрэгжүүлэх боломжийг мөн хаасан. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Н-О” ХХК-иас “Э” ТӨҮГ, тус газрын “Холхивч II /ЭҮТӨГ/20250******/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан
- 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11911 дугаартай албан бичгийг хэвээр үлдээх,
- Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Гомдол буцаах тухай” 03/219 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох,
- “Э” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/62 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох,
- “Э” ТӨҮГ-т нэхэмжлэгч “Н-О” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. “Э” ТӨҮГ-аас Холхивч II /ЭҮТӨГ/20250******/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан байх ба уг тендер сонгон шалгаруулалтад нэр бүхий 10 хуулийн этгээд оролцож, тендерийн баримтууд ирүүлсэн байна.
3.2. “Э” ТӨҮГ-ын “Холхивч II /ЭҮТӨГ/20250******/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж, нэхэмжлэгч “Н-О” ХХК-ийн тендерийг шалгаруулж, “Э” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн М-ДБ-112-12/11911 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг “Н-О” ХХК-д хүргүүлжээ.
3.3. Гэтэл Тендерийн үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг сонгон шалгаруулалтад оролцогч “Ган бүтээц инженеринг” ХХК-аас эс зөвшөөрч гаргасан гомдлыг Сангийн яам хүлээн авч, хянаад “Э” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн М-ДБ-112-12/11911 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг хүчингүй болгож, энэ талаарх шийдвэрээ 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/11175 тоот албан бичгээр “Э” ТӨҮГ-т хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна.
3.4. Улмаар “Э” ТӨҮГ-ын “Холхивч II /ЭҮТӨГ/20250******/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дахин хуралдаж, шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж, тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахаар шийдвэрлэснээр энэхүү маргаан үүсжээ.
4. Нэхэмжлэлийн “2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11911 дугаартай албан бичгийг хэвээр үлдээх” шаардлагын тухайд:
4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “ Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” гээд 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж тус тус заасан.
4.2. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргааны зүйл нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэхийг шүүх хянаж, шийдвэрлэх шаардлагатай бөгөөд ингэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нийтийн эрх зүйн маргаан мөн эсэхэд дүгнэлт өгөх учиртай.
4.3. Нэхэмжлэгчээс хэвээр үлдээлгэхийг хүсэж буй “Э” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11911 дугаартай албан бичгийг гомдлын дагуу хянаад “... Захиалагч 25 дугаар барааны техникийн тодорхойлолтын 9-д “Материал: SUJ 4” гэж, 26 дугаар барааны техникийн тодорхойлолтын 7-д “Материалын стандарт: JIS G4805” гэж тус тус заасан тул гомдолд тус стандарт нь керамик цилиндр өнхрөвчтэй холхивчийн стандарт дээр дурдсан техникийн тодорхойлолтод нийцэх эсэхийг хянан үзэх нь зүйтэй байна” гэж дүгнэж, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхээр шийдвэрлэснийг дээр дурдсан.
4.4. Нэхэмжлэгч “Н-О” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа дээрх гомдлыг шийдвэрлэсэн Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/11175 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар бус, харин уг албан бичгээр хүчингүй болгосон “Э” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11911 дугаартай албан бичгийг хэвээр үлдээлгэх” гэж тодорхойлсноос үзвэл захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш буюу эрх зүйн хэм хэмжээгээр шийдвэрлэх боломжтой маргаан гэж үзэхээргүй байна.
4.5. Нөгөөтэйгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т анхан шатны шүүхээс гаргах шийдвэрийн төрлүүдийг хуульчлан зааж өгсөн бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон “...албан бичгийг хэвээр үлдээлгэх...”-ийг хүссэн шаардлагаар шүүх шийдвэр гаргах боломжгүй байхад анхан шатны шүүх уг шаардлагыг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь буруу. Иймээс уг нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
5. Нэхэмжлэлийн “Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Гомдол буцаах тухай” 03/219 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох” шаардлагын тухайд:
5.1. Анхан шатны шүүх “... Сангийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус шүүх харьяалан шийдвэрлэх эрхгүй” гэж дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.
5.2. Тодруулбал, дээрх албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актад хамаарахгүй.
5.3. Тодруулбал, Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Гомдол буцаах тухай” 03/219 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч “Н-О” ХХК-ийн гаргасан гомдолд “... шийдвэрлэж, хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана гэсний дагуу буцааж байна” гэсэн хариу өгчээ.
5.4. Өөрөөр хэлбэл, гомдолд хариу өгсөн албан бичиг нь тендер шалгаруулалтад ялагчийг шалгаруулсан эсхүл үнэлгээний хороо, захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгосон үр дагавар үүсгээгүй бөгөөд уг албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь “Н-О” ХХК-ийн зөрчигдсөн гэх эрх, ашиг сонирхлыг сэргээхгүй, эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй байна.
5.5. Анхан шатны шүүх Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг шалгахдаа хуульд заасан дарааллын дагуу шалгах бөгөөд уг нэхэмжлэлийн хувьд захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байх тул мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.
6. Нэхэмжлэлийн “Э” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/62 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох” болон “Э” ТӨҮГ-т нэхэмжлэгч “Н-О” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохыг даалгах” шаардлагын тухайд:
6.1. Дээрх албан бичгээр “Э” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102442 дугаартай “Холхивч II” тендер сонгон шалгаруулалтад ирүүлсэн “Н-О” ХХК-ийн тендер шаардлагад нийцээгүй тул тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсныг мэдэгдсэн мэдэгдлийн шинжтэй албан бичиг байна.
6.2. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай гомдлыг энэ хуулийн 57.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдрийн дотор тус тус хүлээн авна”, 59.10-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана”, 59.10.1-д “тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах” гэж тус тус зааснаар Сангийн яамнаас “Э” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн М-ДБ-112-12/11911 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг хүчингүй болгож, тендер хянан, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхээр шийдвэрлэсний дагуу “Э” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/62 дугаартай мэдэгдэл гаргасан байна.
6.3. Уг мэдэгдэл нь бие даасан шийдвэр биш, өөрөөр хэлбэл Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/11175 дугаартай шийдвэрийн үйлчлэл хэвээр байгаа тохиолдолд шүүхээс хүчингүй болгосноор эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй.
6.4. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж зааснаас үзвэл даалгах шаардлагын хувьд захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан, эсхүл шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан байхыг шаардана.
6.5. Гэтэл хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл, хариуцагч Э” ТӨҮГ, тус газрын “Холхивч II /ЭҮТӨГ/20250******/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо нь нэхэмжлэгч “Н-О” ХХК-иас гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, эсхүл хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсэгт дээр дурдсан өөрчлөлтүүдийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 020 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 26 дугаар зүйлийн 26.2, 26.4.2, 26.9, 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.4, 51 дүгээр зүйлийн 51.7, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Н-О” ХХК-ийн Э” ТӨҮГ, тус газрын “Холхивч II /ЭҮТӨГ/20250******/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Э” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/62 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох, “Э” ТӨҮГ-т нэхэмжлэгч “Н-О” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн “2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11911 дугаартай албан бичгийг хэвээр үлдээх, Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Гомдол буцаах тухай” 03/219 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэг зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ